Хэнтий аймгийн баялаг бүтээгчдийн нэг "Хэнтий гутал" үйлдвэрийн талаар сурвалжлахаар манай баг очсон юм. Үйлдвэрийн эзэн И.Батдорж 16 настайгаасаа аймгийнхаа ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар ажилд орсноос хойш тасралтгүй мэргэжлийн ажлаа хийж яваа нэгэн байлаа. Олон жил хийсэн ажилдаа эхнэр хүүхдүүдээ урвуулан гэр бүлээрээ хамтран гутал үйлдвэрлэдэг байсан тэднийг аймгийн хөдөлмөрийн хэлтсээс нь шалгаруулж "Хэнтий гутал" үйлдвэрээ гурван жилийн гэрээгээр хариуцуулан өгсөн нь эдний гэр бүлд ихээхэн итгэл хүлээлгэснийх биз ээ.
Үйлдвэр нэлээд хэдэн өрөөнд үйл ажиллагаа явуулдаг байна. Оёдол, эсгүүр, гар ажиллагаа нэг өрөөнд байх бол уллагаа болон хэвлэх хэсэг нь өөр нэг өрөөнд байх аж. Мөн өнгөлж, өөлөх машинтай бөгөөд нийт есөн ажилчинтай ч одоогоор захиалга багатай учраас хүмүүсээ түр амраагаад байгаа юм байна. Үйлдвэрийн тоног төхөөрөмж хуучирснаас эвдрэл гарах нь их бөгөөд засвар үйлчилгээнд нэлээд мөнгө зарцуулдаг хэмээн үйлдвэрийн дарга И.Батдорж ярьж байлаа.
/Үйлдвэрийн дарга И.Батдорж/
Гутлын эсгүүрийг алхаар цохих охиныг Ш.Энхжаргал гэх. Тэрбээр гутлын уллагаа болон гар ажиллагаан дээр суудаг юм байна.
-Одоо ямар дамжлага дээр ажиллаж байна вэ. Өдөрт энэ дамжлага хэчнээн хос гутал гаргадаг вэ?
-Оёхын өмнө зөөлрүүлж байгаа юм. Хийхэд нэг их хэцүү биш учраас өдөрт 5-8 хосыг гаргадаг. Би бас уллагаа хийдэг. Ер нь аль хүн байхгүй дамжлага дээр нэгнийгээ орлоод ажилчихдаг болохоор хийж чадахгүй зүйл бараг байхгүй дээ.
Оёдолчин Б.Лхагвагэрэл "Би хүүхдийн гутал, хром голдуу оёдог. Захиалганаасаа шалтгаалаад өдөрт хром 4-5 хос харин хүүхдийн гутал 8-10 хосыг оёдог. Гэхдээ захиалга бага үед бол энэнээс цөөнийг хийдэг.
-Цаашдаа гутлаас өөр зүйл хийхийг хүсдэг үү?
-Би сургуулиа төгсөөд ээж аавдаа туслахаар энд ажиллаж байгаа. Ер нь багаасаа л туслах ажил хийдэг байсан. Тэгээд одоо энэ ажлаа илүү сайн хийж, цаашдаа цүнх, түрийвч оёдог болохын тулд тийм төрлийн сургалтанд хамрагдаж өөрөө загвараа зохиогоод хийдэг болох юмсан гэж хүсдэг.
/Үйлдвэрийн менежер Н.Оюунцэцэг/
-Хэзээнээс анх гутал хийж эхлэв. Үйлдвэрийнхээ талаар танилцуулах уу?
-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нөхөртэйгөө хамтран гэрээрээ гутал хийдэг байгаад, би эрүүл мэндийн улмаас хэсэг хөдөлмөрийн чадваргүй болж группт орсон. Тэгсэн ч зүгээр суух боломжгүй учраас гэртээ гутал хийдэг байлаа. Тэгж байгаад аймгийн захиргаанд хандаж дэмжиж туслахыг хүсэхэд хөдөлмөрийн хэлтэс болон "Сум хөгжүүлэх сан"-аас энэ үйлдвэрийг 2013 онд гурван жилийн гэрээгээр өгсөн. Гэрээний дагуу бид үйлдвэрийн байрыг ямар нэг түрээсгүйгээр ашиглаж ямар ч байсан Хэнтий аймгийн гутлын үйлдвэрийг эзэнтэй, ажилтай байлгаж байгаа юм. Одоо манайх үндсэн есөн ажилчинтай. Үйлдвэрээ аваад хамгийн түрүүнд ажилчдаа мэргэжлийн сургалтуудад хамруулж эхэлсэн. Мөн хүүхдүүд маань бүгд л бидэнд туслаж ажилладаг. Ер нь бид хоёр хүүхдүүдээ заавал их дээд сургуульд сургах гэхээр өөрсдийнхөө энэ ажилд туслуулья, тэгээд ч гутал хийгээд сурчихсан байхад ажилгүй сууна гэж байхгүй гэж ярилцсан.
Ер нь бид хоёр хүүхдүүдээ заавал их дээд сургуульд сургах гэхээр өөрсдийнхөө энэ ажилд туслуулъя, тэгээд ч гутал хийгээд сурчихсан байхад ажилгүй сууна гэж байхгүй гэж ярилцсан.
Ингээд хоёр охиндоо гутал оёх болон гар ажиллагаа зааж сургахын зэрэгцээ өөрөө хотод оёдол эсгүүрийн курст сурч ирсэн. Нэг хүү минь цэрэгт яваад тэндээ улиран ажиллаж офицер болсон юм. Тэгээд хүүдээ "ээж аав хоёр нь ийм нэг үйлдвэр авлаа. Ирж туслах уу" гэж асуусанд хүү минь чөлөөгөөр ирж үзээд "ер нь эндээ ирж та хоёртоо туслаж, энэ үйлдвэрээ хөл дээр нь босгоод авья" гэж хэлсэн. Хүүгээ хэсэг аавыг нь дагалдуулж байгаад мөн л хот руу загвар зохион бүтээгчийн сургалтад хамруулсан. Одоо тэгэхээр хүн ямар ч гутлын зураг бариад ирвэл бид нар хийж чадна.
Тэгэхдээ зөвхөн гэр бүлээрээ ажилтай орлоготой байх нь чухал биш юм. Аймагт байгаа ажилгүй залуусаа эндээ авч ажиллуулж, сургаж авсанаар одоо арваад ажилтантай болсон. Анх ажилчдадаа тогтмол цалин өгдөг байхад хүн юм сурч гараас нь гарах нь бага, цалин буух өдрөө хүлээгээд л юм сурч, хийе гэх сэтгэлгүй, бүтээл багатай байсан. Тэгээд би хийснээр нь өгдөг болсоноос хойш хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж хамаагүй дээшилсэн. Өөрийнхөө дамжлагаас гадна өөр дамжлага дээр ажиллаж сурсанаар илүү ихийг хийх сонирхолтой болохын зэрэгцээ тогтвор суурьшилтай ажиллах болсон.
Аймагт байгаа ажилгүй залуусаа эндээ авч ажиллуулж, сургаж авсанаар одоо арваад ажилтантай болсон.
-Танайх жилдээ хэчнээн гутал хийдэг вэ. "Хэнтий гутал"-ын брэнд гэж байгаа юу. Нэг гутал хэдэн дамжлагаар бэлэн бүтээгдэхүүн болж гардаг бол?
-Манайх одоохондоо санхүүгийн боломжоосоо болоод их хэмжээгээр захиалга авч чаддаггүй. Тэрүүгээрээ бас жаахан дутагдалтай байгаа.
Бидний анхны гутал бол энгийн хром байгаа. Хүмүүс ч энэ гутлыг их захиалж авдаг. Манайх хромон гутлаа машиндаж оёдоггүй, хөдөөгийн малчдын эдэлгээнд тааруулж гараараа давхар оёдгоороо онцлог юм. Мөн хүүхдийн мөөжгий гутал гээд цагаан ултай гутал байгаа.
Манайх хромон гутлаа машиндаж оёдоггүй, хөдөөгийн малчдын эдэлгээнд тааруулж гараараа давхар оёдгоороо онцлог юм.
Гутал хийхэд юуны өмнө материал их чухал. Манайх одоохондоо их хэмжээгээр гутал үйлдвэрлэхгүй байгаа учраас хэрэглээндээ тааруулаад нийслэлээс таталт хийдэг. Тэгээд эсгүүрээ гаргаад оёдол хийнэ. Өнгө дотроо оёж дуусаад хэвэлгээнд өгнө. Дараа нь уллачихаад өнгөлгөөнд орсноор гутал бэлэн болно. Тэгэхдээ гуталныхаа загвараас бас хамаарна.
-"Хэнтий гутал" үйлдвэрийн цаашдын зорилго юу бол?
-Нэгэнт итгэл хүлээлгээд үйлдвэр хариуцуулаад өгсөн болохоор хэсэг ч гэсэн хүнийг ажлын байртай байлгах, үйлдвэрээ бүрэн хэмжээгээр нь ажиллуулах, тоног төхөөрөмжөө сайжруулж зүүн бүсээ эх орондоо үйлдвэрлэсэн гутлаар хангах юмсан гэж л зорьж байна даа.
-За та бүхэнд баярлалаа.
-Танай "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл маш нүдээ олсон зөв ажил. Энэ том төсөлд биднийг хамруулж өгсөнд баярлалаа. Ингээд төслийн тань ажилд амжилт хүсэе.