Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Олон улсын валютын сангийн Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ хийх ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Сэдик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү 2026–2028 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, тэр дундаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл зэрэг уул уурхайн бус салбаруудыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах замаар хөрөнгийн орох урсгалыг нэмэгдүүлэх, төр–хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх бодлогын чиглэлийг баримтлах талаар танилцуулав.
Түүнчлэн уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ явц, хэрэгжилтийн үр дүнгийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Үүнд:
• Уул уурхайн болон бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр идэвхтэй ажиллаж байна. Үүний үр дүнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар буурсан нүүрсний экспортын хэмжээ 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 61 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өслөө.
• Дунд хугацаанд уул уурхайн болон уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх, тэр дундаа “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” багц хуулийн шинэчлэлийн төслийг боловсруулахаар ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
• Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, нэмүү өртөг шингэсэн дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд “Зэс боловсруулах цогцолбор”, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Жонш баяжмал боловсруулах цогцолбор” зэрэг боловсруулах хүнд үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх талаар онцлов.


• Нүүрс баяжуулах чиглэлээр хувийн хэвшлийн оролцоог дэмжих, бараа, түүхий эдийн биржийн чадавхыг өргөжүүлэх боломж их байгааг дурдаж, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх хилийн боомт, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь чухал болохыг илэрхийллээ.