Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч "Алиман сар" ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
"Алиман сар" компани нь 2012 оноос хойш талх, нарийн боов үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулан, хэрэглэгчиддээ амт чанараар манлайлсан бүтээгдэхүүн хүргэж байна. Нийт 12 хүнийг ажлын байраар хангаж, 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ажлын байраа шинэчлэх томоохон зорилт тавьжээ.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо хүнсний хувьсгал хийх санаачилга гаргаж, "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргаж, тус хөдөлгөөнийг эрх зүйн хүрээнд баталгаажуулсан юм. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах нь дан ганц Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, эсвэл ганцхан төр засгийн ажил биш. Үүнд Бодлого боловсруулагч, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэгч, төрийн бүх шатны, бүх салбарын байгууллага, үйлдвэрлэгч, хэрэглэгч гээд хамтын үүрэг хариуцлага юм. Иймд 30 гаруй төрийн байгууллага, 10 гаруй олон улсын байгууллага хамтарч 36-р тогтоолын хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Энэхүү тогтоолын дийлэнх заалтад үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилго агуулагдсан. Тухайлбал хүнсний боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх замаар бүтээгдэхүүний амт чанар, сав, баглаа боодлыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэн экспортын зориулалтын брэндийг хөгжүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааг нь тогтвортой явуулахад эргэлтийн хөрөнгөөр дэмжих гэх мэт чухал заалтууд багтсан. Ийм чухал эрх зүйн баримт бичгийг үндэсний үйлдвэрлэгчид өөрсдөө мэдэхгүй байж болохгүй. Тэд зүйл заалт бүрийг нь судлаж, бидэнтэй хамтран ажиллаж байж үр дүн гарна. Энэ хүрээнд бид аль болох олон үйлдвэрлэгчидтэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, тулгамдаж буй бэрхшээлийг нь шийдвэрлэж байна. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Хэрэв бид баялаг бүтээгчдээ дэмжиж, тэднийг түшиж чадвал Монгол Улс гарцаагүй хүнсний хувьсгал хийж чадна.
"Алиман сар" ХХК-ийн захирал Н.Дулмаа:
Манай компани талх, нарийн боов үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Би энэ салбартаа их хайртай. Хийж л чадвал үр өгөөжөө заавал өгдөг салбар гэж боддог. Мэдээж маш олон бэрхшээл тулгардаг ч нийт ажилчид болон хэрэглэгчдийнхээ дэмээр даван туулсаар ирсэн. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед хүнс үйлдвэрлэгч гэдгээрээ бид бүхэн их бахархаж, хариуцлагатай ажилласан. Хэдий цар тахлын тархалт буурсан ч эдийн засгийн хямрал үргэлжилж буй энэ үед монголчууд зөвхөн өөрсдөдөө найдаж,дор бүрнээ хөдөлмөрлөж чадвал олон боломж бүрдэх байх. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олж хараад, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж эхэлсэнд талархахын зэрэгцээ манай хамт олон идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлмээр байна.
Монгол Улсад нийт гурилан бүтээгдэхүүний 900 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, 30 орчим мянган хүн ажиллаж байна. Тус салбарт түүхий эдийн хомсдлоос эхлээд, санхүү, хүний нөөцтэй холбоотой асуудлууд байнга тулгардаг. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд зайлшгүй төрийн оролцоо хэрэгтэй. Тодруулбал:
- Хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр ложистикийн үнийн нэмэгдэл
- Авто бензин, дизель түлшний үнийн нэмэгдэл
- Валютын ханшийн өсөлт
- Ажиллах хүчний дутагдал. Хүнсний салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдал зэрэг нь гурилан бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж, үндэсний үйлдвэрлэгчид төдийгүй иргэдэд том дарамт болж байна.