Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг болон бусад холбогдох мэргэжилтнүүд Архангай аймагт банкны эдийн засагч, харилцааны менежер, жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэр Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.
- Зээлийн батлан даалтын сангийн талаарх мэдээлэл өгөх сургалтыг Архангай аймагт зохион байгууллаа. Орон нутгуудаар явж байна уу?
-Зээлийн батлан даалтын сан нь дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын хүнд хэцүү нөхцөлд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үүсэж байгаа санхүүгийн хүндрэлийг тодорхойлох, тэдэнд дэмжлэг үзүүлэх ямар боломж байгаа талаар олон янзын суурь судалгаануудыг хийсэн. Өөрөөр хэлбэл Сан үйл ажиллагаагаа сайжруулах арга замыг тодорхойлж байна гэж үзэж болно.
Дээрх судалгаанаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, арилжааны банкны зээлийн ажилтнууд зээлийн батлан даалтын талаар мэдлэг, мэдээлэл муутай байдаг гэсэн дүгнэлт гарсан. Ялангуяа орон нутагт илүү мэдээлэл муу байгаа дүн гарсан.
Иймээс бид ажлын хэсэг гаргаж энэ удаа зургаан аймгаар явж байна. Өнөөдөр танай аймагт сургалт хийлээ. Архангай аймаг гурав дахь нь. Бид жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид болон банкны зээлийн эдийн засагч нарт зориулж, зээлийн батлан даалтын сан болон үйл ажиллагааны талаарх мэдээлэл өглөө. Нэг талаасаа мэдээлэл өгч байгаа боловч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид мэдлэг олгох зорилготой сургалт юм.
Архангай аймгийн хувьд батлан даалтын үйл ажиллаганы талаар мэдээлэл хомс байдаг юм байна. Манай Сан байгуулагдаад арван жил болох гэж байна. Энэ хугацаанд батлан даалт гаргуулах ердөө есөн хүсэлт ирсэн байдаг. Гэтэл зэргэлдээ Өвөрхангай аймагт 40-өөд батлан даалт гаргуулсан байна. Ирүүлсэн хүсэлт нь үүнээс илүү байгаа юм. Үүнээс дөрвөн хүсэлт нь зээл болж гарч, үлдсэнд нь татгалзсан түүхтэй байдаг. Тухайлбал, манай үндсэн батлан даалт дээр гурван бүтээгдэхүүнээс хоёрыг авсан байхад Азийн хөгжлийн банкны төслийн зээлээс таван хүсэлт ирж, нэг нь зээл авсан. Ажлын байрыг дэмжих зээлээс нэг хүсэлт ирж, зээл болж гарсан байдаг. Ийм учраас нэг талаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид батлан даалтын талаар мэдээлэл хомс байна. Нөгөө талаар банкны зээлийн ажилтнууд мэдлэг мэдээлэл муутайгаас Санд хүргүүлсэн хүсэлт нь татгалзахад ч нөлөөлсөн байх талтай гэж харж байна.
- Сургалтад бизнес эрхлэгчид өөрсдөө хэр сонирхож ирсэн байна, ямар санал, асуултууд байв?
- Зээлийн батлан даалтын сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн өмнөөс үүрэг хариуцлага хүлээж батлан даалт гаргадаг. Зээлийн батлан даалт гэдэг бол Зээлийн батлан даалтын сан, банк, зээлдэгч гэсэн гурав талын итгэл дээр тогтож явдаг үйл ажиллагаа байдаг. Энэ гурван тал нэг зорилготой, нэг мэдээлэлтэй байж батлан даалт гаргана шүү дээ. Өнөөдрийн уулзалт маш их ач холбогдолтой болсон. Учир нь зээлийн эдийн засагч, харилцааны менежерүүд өөрсдөө жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ жаргал, зовлонг сонсож, зээлд юу хүсдэг, батлан даалттай зээл авахыг хэр олон хүн хүсч буйг өнөөдөр харсан байх. Жижиг, дунд бизнес эрхлэгчид нэлээн бухимдангуй байна. Хөнгөлөлттэй, бага хүүтэй зээлүүд олдохгүй байна, саяын Засгийн газрын 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадаагүй гэх мэт. Бизнес эрхлэгчид барьцаа хөрөнгө нь хангалттай бол манай Санд хандахгүй. Жишээ нь, 500 сая төгрөгийн зээл хүсэхэд барьцаа хөрөнгө нь 500 саяас илүү гарч байгаа бол манайд хандах шаардлагагүй, шууд банкаасаа зээлээ авах боломжтой. Нөгөө талаар батлан даалттай зээлд хамрагдъя гэхэд банкны эдийн засагч нарын зээлийн батлан даалтын талаарх мэдлэг мэдээлэл нь хомс юм байна. Энэ нь манай Сангийн алдаа юм байна. Бид цаашид банкны эдийн засагч нараа давхар сургаж явмаар юм байна гэж дүгнэж үлдлээ. Энэ сургалтын үр дүнд жижиг, дунд бизнес эрхлэгчид ч батлан даалтын сангийн талаар нэлээд мэдээлэлтэй боллоо гэж байсан.
- Зээлийн батлан даалтын санг бие дааж зээл өгдөг үү, эсвэл банканд очсон зээлийн хүсэлтийн тодорхой хувийг даадаг уу гэдэг дээр иргэд эргэлздэг?
- Зээлийн батлан даалтын сангийн үндсэн зорилго нь зээл хүсэгчдийн барьцаа хөрөнгө дутагдалтай хэсэг дээр батлан даалт гаргах зорилготой. Тэгэхээр нэгдүгээрт зээл олгохгүй зөвхөн батлан даалт гаргана, хоёрдугаарт барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид батлан даалт гаргана. Манайх батлан даалттай зээлийг эхэлж судалдаггүй. Зээлийг банк эхэлж судална. Үүний дараа энэ зээлд барьцаа хөрөнгөний дутагдалтай байна гэж үзсэн тохиолдолд Зээлийн батлан даалтын сан руу ханддаг.
- Энэ удаад аймгуудад сургалт мэдээлэл хийлээ. Дараагийн удаад Зээлийн батлан даалтын сан зээл хүссэн иргэддээ бодитоор ямар давуу тал, боломжийг олгох юм бэ?
- Энэ сургалтыг явуулснаар Зээлийн батлан даалтын сангийн талаарх мэдээлэл нь нэмэгдэнэ. Мөн зээл гарахгүй уддаг шалтгааныг ойлгож авлаа гэж үзэж байна. Мөн бид нар зөвхөн мэдээлэл өгчихөөд явахгүй. Энэ аймгуудад сургалт хийх явцдаа энэ ярилцлагын эхэнд хэлсэн судалгааг давхар авч байна. Өөрөөр хэлбэл, Зээлийн батлан сангийн талаар банкны эдийн засагч нар болоод бизнес эрхлэгчид хэр мэдээлэлтэй байна вэ, үүний дараа бид ажлаа яг хаана нь сайжруулах вэ, яаж мэдээ мэдээллийг хүргэх вэ, ямар бүтээгдэхүүн гаргах шаардлагатай вэ гэдгийг тодорхойлох, төлөвлөх ач холбогдолтой. Одоогийн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиар бол банк санхүүгийн байгууллагын гаргасан дүгнэлтэд үндэслэн батлан даалт гаргана гэсэн заалттай.
Энэ сургалтад оролцсон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс Зээлийн батлан даалтын сан эхэлж судлаад барьцаа хөрөнгийг нь үнэлээд, ийм хэмжээнд батлан даалт гаргах боломжтой юмаа гээд шийдчихвэл банк тэндээс нь сонгож аваад зээлийг нь олгодог хэлбэр рүү шилжих шаардлагатай байгаа талаар санал оруулж байна. Үүн дээр бид дүгнэлт хийж ажиллана.
- Орон нутагт ихэнхдээ жижиг, дунд бизнес эрхлэгчид бий. Зээлийн батлан даалтын сангийн шалгуур нь өндөр гээд зээлийн хэмжээгээ багасгаад барьцаа хөрөнгөдөө тааруулж зээл авах, Зээлийн батлан даалтын санг төвөгшөөх талууд анзаарагддаг?
- Энэ бас өрөөсгөл ойлголттой л явж байна. Өөрөөр хэлбэл, манайх дээд тал нь ажлын 14 хоногт судалж, дуусгаад Зээлийн батлан даалтын хорооны хурлаараа хэлэлцэж шийдвэрлэдэг. Банктай байгуулсан гэрээнд энэ хугацааг зааж өгсөн байгаа. Үүнээс удвал банктай байгуулсан гэрээгээ зөрчсөн асуудал үүснэ. Батлан даалттай зээлийг сонирхоод тэр дундаа Азийн хөгжлийн банкны МОН3338 төслийн хүрээнд банкууд руу анхан шатны хүсэлт өгсөн цагаасаа эхлээд зээлдэгчид хүсэлт нь манай Санд ирсэн гэж боддог. Гэтэл бид материалыг нь хүлээж аваагүй, банк өөрсдөө судалж байдаг. Тэгэхээр банканд 2-4 сарын хугацаагаар судлагдаад явахаар хүмүүс Зээлийн батлан даалтын сан дээр удаад байна гэж ойлгодог.
- Та аймагт ирээд Монгол банкнаас ч юмуу, бусад банкаас батлан даалтад хамрагдах хүсэлтэй зээлдэгчдийн зээлийн судалгааг сонирхож үзэв үү?
- Одоогоор үзээгүй байна. Бид судалгааг нь авна.
-Орон нутагт хэдэн төгрөгийн зээлд батлан даалт хийх боломжтой вэ?
- Манай Сан батлан даалтын 4 үндсэн бүтээгдэхүүнтэй ажиллаж байгаа 1. Сан өөрийн хөрөнгөөрөө баталгаа болгон гаргадаг үндсэн батлан даалтын бүтээгдэхүүн 2. Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд гаргаж байгаа эх үүсвэртэй батлан даалтын бүтээгдэхүүн 3. Банк бус санхүүгийн байгууллагын харилцагч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд гаргах батлан даалтын бүтээгдэхүүн 4. Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлд гаргах батлан даалтын бүтээгдэхүүн.
Үүнээс Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд гаргаж байгаа эх үүсвэртэй батлан даалтын бүтээгдэхүүний хувьд эх үүсвэртэй банканд байршуулдаг зээлийн хэмжээ заадаг онцлогтой. Зээлийн хэмжээ нэг тэрбумын зээлд 420 сая төгрөгийн батлан даалт гаргах боломжтой. Үүгээрээ ч орон нутгийн зээлдэгч нарт хангалттай байдаг. Орон нутгийн зээлдэгчид ихэвчлэн 100-300 сая төгрөгийн хооронд зээл хүсдэг. Гол нь банкныхаа шалгуур үзүүлэлт дээрээ уначихдаг. Манай зүгээс батлан даалт гаргахад бэлэн байдаг. Эцэст нь хэлэхэд ажлын байрыг дэмжих зээлд Архангай аймгаас нэг аж ахуйн нэгжийн 160 сая төгрөгийн зээлд 55 сая төгрөгийн батлан даалт гаргасан байгаа. Тэгэхээр манайхаас гаргаж байгаа нэг тэрбумын зээлд гаргаж буй батлан даалт орон нутгийнханд боломжтой байдаг боловч харамсалтай нь манайд ирсэн хүсэлт нь маш бага байна. Мэдээлэл хомс байна. Тийм учраас бид бүгд үүн дээрээ дүгнэлт хийж аймгуудаараа тойрч, сургалт, мэдээллээ хийж явна даа.
Эх сурвалж /МОНЦАМЭ/