“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Төлөвлөгөө зарлагдсанаас хойш буюу 8-р сарын 27-ны өдрийн байдлаар 18,000 иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид 1,823.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тухайн зээлүүдийн ард 125 мянган ажлын байр хамгаалагдсан байна. Ажлын байр дэмжих зээлд төсөвлөсөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт дуусч байгаа ч зээлийн эрэлт их байгаа учраас гурван хувийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж үргэлжлүүлэн олгох шийдвэрийг гаргаад байна.
Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хорооны ажлын явцаас засгийн хуралдаанд Сангийн сайд танилцуулав. Үндэсний хорооноос цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох замаар бизнесийн орчныг сайжруулах зорилго бүхий цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг боловсруулж байгааг мэдэгдлээ. Энэхүү хуулиар экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах чиглэлд тодорхой зохицуулалт хийхээр тусгажээ.
ЭХ СУРВАЛЖ: САНГИЙН ЯАМ