Тамирчдын бэлтгэл хийдэг бассейнууд хувийнх учир УОК-ын шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа зогсоосон учраас аргагүйн эрхэнд Туул голд бэлтгэлээ хийж байна
Монгол Улсаа төлөөлж олимпод оролцох хоёр тамирчин голд сэлж бэлтгэлээ хийж байна. Бид энэ талаар Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхмандахаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Манай холбоо өөрсдийн усан бассейн байхгүй. Төв бассейныг хувьд худалдсан. Одоо засвар хийгээд хаалттай байгаа. “Орчлон” сургуулийн бассейнд бэлтгэл хийж байсан ч УОК-ын шийдвэрийн дагуу тус бассейн хаагдсан. Иймээс олимпод оролцохоор бэлтгэлээ хийж буй хоёр тамирчин маань бэлтгэл сургуулилалт хийх газаргүй болсон. Улмаар нийслэлд бороо орохоос хэд хоногийн өмнө манай тамирчид Туул голд сэлж бэлтгэл хийсэн.
УОК руу албан бичиг явуулж, асуудлаа хэлсэн. Тэгэхэд “Олимпын тамирчдын бэлтгэл сургуулилалт хийхийг хориогүй” гэсэн. Гэвч манай тамирчдын бэлтгэл хийдэг бассейнууд хувийнх учир УОК-ын шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа зогсоосон гэлээ.
БОРООТОЙ, ГОЛЫН УСНЫ ТҮВШИН НЭМЭГДСЭН ТУЛ БИД ӨНӨӨДӨР ХУУРАЙ БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА
Тамирчдад улсын хэмжээнд бэлтгэл хийдэг зориулалтын бассейн байхгүй учраас аргагүйн эрхэд боломждоо тулгуурлан бэлтгэл сургуулилтаа хийж байгаа энэ аж. Яармагийн дэнжид бассейн барих сураг гарч, холбооноос барилгын ажилд хандив өргөсөн боловч одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм.
Төв бассейн хувьчлагдаж, сургуулийн эзэмшилд очсоноор тамирчид бэлтгэл хийх боломжгүй байдаг аж. Өнгөрсөн хугацаанд буюу 2019 оноос хойш Орчлон сургуулийн дэргэдэх 50 метрийн бассейнд бэлтгэл хангаж байсан гэдгийг тэд учирлаж байна.
Одоогийн байдлаар дөрвөн тамирчин бэлтгэл хангаж байгаагаас хоёр нь олимпод оролцох юм.
Хамгийн сүүлд зохион байгуулсан ДАШТ-д манай тамирчид 165 орноос 48-д эрэмбэлэгдсэн бөгөөд өөрсдийн гэсэн бэлтгэл хийх бассейнгүй, тогтмол бэлтгэл хийх боломжгүй ийм нөхцөлд сайн амжилтад тооцож болно гэдгийг дасгалжуулагч нь хэлж байв. Цаашид тив дэлхийн тэмцээнд илүү амжилт гаргаж, медаль хүртэхэд зайлшгүй хэрэгтэй байгаа зүйл нь олон улсын стандартад нийцсэн биш юм аа гэхэд өөрсдийн гэсэн бассейнтай болох хэрэгтэй байна гэлээ.
Монголын усан спорт сонирхогчдын холбооны дасгалжуулагч Б.Сүхбат "Төр засгийн зүгээс анхаарах шаардлагатай байна. Бид жил бүр амжилтаа ахиулж байна. Олон улсын усанд сэлэлтийн холбооноос манай тамирчдад өндөр үнэлгээ өгсөн. Ийм нөхцөлд бэлтгэл хийж, амжилтаа ахиулж байгаа нь сайшаалтайг ч хэлж байсан. Гэтэл төр засаг өнөөдрийг хүртэл дэмжлэг үзүүлэхгүй, усан спортынхон медаль авах биш гэсэн байдлаар хандаж байна" гэсэн юм. Усан спортын тамирчид стандарт бус бассейнд бэлтгэл хийхээс гадна улсын мэдлийн бассейн байхгүй тул бэлтгэл хийх зардлаа өөрсдөө гаргадаг гэдгийг тэрбээр мөн онцолж байв.
Өнөөдөр бороо орж, голын усны түвшин нэмэгдсэн тул усанд спортын тамирчид голд сэлэх боломжгүй, хуурай бэлтгэл хийж байгааг ч тэрбээр нэмж хэлсэн юм.
ӨНӨӨДӨР БИДЭНД БЭЛТГЭЛ ХИЙХ УЛСЫН ГЭХ НЭГ Ч БАССЕЙН АЛГА
Эх сурвалж: https://gogo.mn/
Усан спортын олон улсын мастер Г.Занданбал үүсээд байгаа нөхцөл байдлын талаар "6-р сарын 25-наас эхлээд бассейнуудыг хаасан. Усанд сэлэлтийн спорт бол гоц авьяас шаарддаг гэдэг. Олимпод оролцох тамирчид өдөрт бэлтгэл сургуулилалтыг тасралтгүй хийх ёстой. Загас шиг усаа мэдрэхийн тулд өдөрт багадаа 2-3 удаа бэлтгэл хийж байх ёстой байдаг.
Улсаа төлөөлж хоёр тамирчин олимпод явах гэж байхад төр засаг нь мэдээгүй юм шиг л байх юм. Өнөөдрийг хүртэл үе үеийн тамирчид бор зүрхээрээ л зүтгэж байна. Өнөөдөр бидэнд улсын гэх ганц бассейн ч алга. Би 2005 оноос хойш усан спортоор хичээллэж байна. Энэ хугацаанд хамгийн удаан буюу 7-8 сар бэлтгэл хийж чадсангүй. Энэ амжилтад сөргөөр нөлөөлнө. УОК бассейн болон саунаа ялгах хэрэгтэй. Бассейн бол хлорминтай устай, вирус байх боломжгүй. гэтэл үүнийгээ ч ялгахгүй нэг дор хааж байна" хэмээн ярилаа.