Манай улс дотооддоо Ковид-19 халдварыг алдсантай холбоотойгоор хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байгаа. Үүнийг дагаад аж ахуй нэгж, ЖДҮ эрхлэгчдийн эдийн засаг хүндэрч эхнээсээ ажлын байрны цомхтгол хийж, цалингаа тавьж чадахгүй нөхцөл байдал үүсээд буй юм. Тиймээс "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос УИХ, Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг яам агентлагт эдийн засгийн хүндрэлээс Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч, ЖДҮ эрхлэгчдээ аврах уриалгыг хүргүүлжээ. Энэ дагуу тус холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Хатуу хөл хорио баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд мэдээж халгаатай, хүнд үед байгаа байх. Үүсээд байгаа нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байна вэ?
Бид 11 сарын турш энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, хол байж чадсан. Гэтэл сүүлийн үед орон нутгийн сонгууль, урлаг соёлын үйл ажиллагааг нээж дэглэмийг сулруулснаас болоод бид дотооддоо Ковид-19 цар тахлыг алдаж замбараагүй байдалд хүрлээ. Үүнээс болоод хатуу хөл хорионы дэглэм рүү шилжсэн. Дэлхийн 150 орны жишгийг харахад 3-6 сарын өмнөөс хатуу хөл хорионд шилжээд эхэлсэн. Мэдээж эрүүл мэндийн асуудал номер нэг. Гэхдээ үүнтэй зэрэгцээд эдийн засгийн арга хэмжээг хамтад нь аваад явах ёстой. Ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна, тэдний эдийн засгийг давхар тооцоолох ёстой. Өөрөөр хэлбэл хүн амьд байхын тулд судсаар цус гүйж байхтай адил байх ёстой.
Манай “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүдийн дийлэнх нь жижиг дунд үйлдвэрлэгчид байдаг.
Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийн эдийн засаг өнгөрсөн 4 дүгээр сараас хүндэрч эхэлсэн.
Тухайн үед 4828 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнд дан жижиг аж ахуй нэгжүүд хамрагдсан. Тухайлбал нийслэлээс гарсан захирамжийн дагуу үсчин, гоо сайхан, утас, цаг, гутал засвар, хими цэвэрлэгээ, алт мөнгөний дархан, зочид буудал, үйлчилгээний газрууд, захуудыг бүгдийг хааснаар дан жижиг аж ахуй нэгжүүд өртсөн.
Энэ цагаас хойш нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Ямар нэгэн гамшиг болоход хамгийн түрүүнд ЖДҮ-ийн салбар өртдөг. Харин өнөөдөр ЖДҮ эрхлэгчид байтугай том компаниуд хүндхэн байдалд орлоо. Тухайлбал өчигдөр АПУ ХХК мэдэгдэл гаргаж байсан. Манай улсын эдийн засгийн хамгийн өсөлттэй салбар бол архи, спирт, ноолуурын салбар байдаг. Ноолуур гэхэд гадагшаа экспортод гарах ёстой ч зогссон. Эндээс харахад ТОП 100 аж ахуй нэгжүүд ЖДҮ-ийн салбар луу орж ирэх нөхцөл байдал үүссэн. Харин 60 мянган ЖДҮ эрхлэгчид цөөрсөөр 20-30 мянга руу орж ирж байна. Ихэнх нь бичил, өрхийн үйлдвэрлэл рүү шилжиж байна. Энэ байдал Монгол банкны сүүлийн 7 жилийн судалгаанаас харагдаж байгаа. Дэлхийн банкны судалгаагаар мөн ЖДҮ эрхлэгчдийн тоо эрс багассан харагдаж байгаа. Дээр нь өдөр тутмынхаа орлогоор амьжиргаагаа залгуулдаг олон өрхийн үйлдвэрлэгчид бий. Манай холбооноос энэ гаргаж байгаа уриалгаа өнгөрсөн 4-р сард Засгийн газар, УИХ, Монгол банк холбогдох яам, агентлагт мөн адил өгч байсан. Үр дүнд нь өнгөрсөн хугацаанд Монгол банкны бодлогын хүү 11 хувиас 8 хувь руу унаж ирсэн. Сая бас 6 хувь болгосон боловч зээлийн хүү буурахгүй байна. Цар тахлын өмнөхөн хүртэл ипотекийн зээлийг 8 хувиас 6 хувь болгон бууруулсан.
Та бүхний гаргасан уриалгыг харвал зээлийн хүүг тэглэх шаардлага тавьжээ. Хатуу хөл хорио тогтоогоод 21 хонож байгаа энэ цаг үед зээлийн хүүг тэглэж зайлшгүй нөхцөл байдал үүслээ гэж харж байна уу?
Хамгийн гол нь ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаад байгаа эдийн засгийн хүнд байдал өнгөрсөн 20 хоногийн хугацаанд үүссэн асуудал биш. Тэдний нөхцөл байдал дээр хэлсэнчлэн өнгөрсөн 1-р сараас эхэлсэн. Одоо л дуугарч байгаа болохоос өнгөрсөн 11 сард төр засгаас гарсан шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандсан. Одоо дуугарахаас өөр аргагүй байдалд хүрээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дэлхийн зарим улс орнууд бодлогын хүүгээ 80-90 хувь буулгаж, зарим нь бүүр тэглэсэн байгаа. Америкт хадгаламжийн хүү 0%, Германд хадгаламжийн хүү 0%, Швейцарт хадгаламжийн хүү 0%, Японд хадгаламжийн хүү 0%. Тэнд хуримтлалтай иргэд нь банкнаас мөнгөө татаад гудсан доороо хадгалдаг уу? Үгүй дээ. Иргэд нь хөрөнгө оруулалтын бусад сонголтуудыг хайж эхэлдэг юм. Компанийн бонд, хувьцаа, үл хөдлөхийн хөрөнгө оруулалт, тэтгэврийн сан зэрэг бусад хөрөнгө оруулалтуудад мөнгөө хийдэг юм. Өөрөөр хэлбэл эдийн засагтаа эргэлдүүлдэг юм. Төрөөс нь ч үүнийг бодлогоор дэмждэг юм. Ийм л энгийн зүйл шүү дээ! Үүнтэй адил манай улсад ч хадгаламжийн зээлийн хүү буурах, эсвэл тэглэгдэх ёстой. Манай улсын банканд хадгалагдаж байгаа нийт хадгаламжийн 95 хувийг 1000 гаруй томоохон хадгаламж эзэмшигчид байдаг гэдэг. Эдгээр хүмүүс нийгмийн хариуцлагын хүрээнд эх оронч үзлээр хадгаламжийн хүүнээсээ татгалзаж, уриалах хэрэгтэй байна.
Манай холбооны тавьж байгаа санал бол бодлогын хүү болоод хадгаламжийн хүүг тэглэх саналтай байгаа.
Зээлийн хүүг жилийн нэг оронтой тоонд оруулах саналтай байгаа. Өндөр хөгжилтэй орнууд шиг 1-3 хувийн хүүтэй болго гэж шаардаагүй. Учир нь бид улсын эдийн засаг хүндхэн нөхцөлд байгааг ойлгож байна. Тиймээс бодлогын хүү, хадгаламжийн хүүг тэглэснээр зээлийн хүүг 1 оронтой тоонд барих боломжтой гэдгийг харж байгаа. Ер нь 2007 оноос өмнө Монгол банкны мөнгөний бодлогын хүү гэж байгаагүй юм шүү дээ.
Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа 23 арга хэмжээ баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд эдийн засгийн бодит дэмжлэг болж чадаж байна уу?
Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр зарласан 23 арга хэмжээнд ЖДҮ эрхлэгчдэд чиглэсэн арга хэмжээ 5-6 харагдаж байсан. Нуулгүй хэлэхэд яг бодитой дэмжлэг гэж хэлэхэд хэцүү. Хамгийн дөхөм заалт нь “Зээлийн батлан даалтын сан”-г идэвхжүүлэх гэсэн байсан. Энэ сангийн санхүүжилт Азийн хөгжлийн банкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд орно. Харин Монгол Улсын засгийн газар ямар арга хэмжээ авах вэ? Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийг хөгжүүлэх сан, ЖДҮХС зэргээр дамжуулан ямар ажил хийж эдийн засгаа дэмжих нь ойлгомжгүй байна. ЖДҮ эрхлэгчдэд 1 номерт санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Санхүүгийн дэмжлэг байхгүй учраас юугаараа амьжиргаагаа залгуулж, юугаараа НДШ-ээ төлөх, юугаараа зээлийнхээ хүүг төлөх эсэх нь тодорхойгүй байна.
Бодлогын хүү тэглэснээр ямар бодит дэмжлэг бий болох вэ?
Бодлогын хүү тэглэснээр өнөө маргаашдаа үр ашгаа өгөхгүй ч эдийн засагчдын тооцоогоор 3-6 сарын дараа үр ашгаа өгч эхэлдэг. Тэгэхээр бодлогын хүү тэглэснээр 2021 онд эдийн засгаа одоо байгаагаасаа дордуулахгүй байх боломжтой. Учир нь ажлын байрны 70 гаруй хувийг ЖДҮ-ийн салбар бий болгож байгаа. Дээрх арга хэмжээний цаана хамгийн гол нь ЖДҮ эрхлэгчид ажлын байраа хадгалж үлдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл ЖДҮ эрхлэгчдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл олдвол энэ хүнд үед ажлын байраа хэвээр нь үлдээхийн тулд үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүний нөөц бий болбол эдийн засаг сэргэсэн үед борлуулалтаа хийж, хурдан эргэн босох, сэргэх боломжтой.
Таны хувьд төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж үзэж байна уу? 2021 оны 2,2 их наядын алдагдалтай батлагдсан. Цар тахал энэ байдлаар үргэлжилбэл ЖДҮ эрхлэгчид улам хүнд байдалд орох байх? Тухайлбал 2021 онд ЖДҮХС-д нэмэлт төсөв батлаагүй. Цаашид байдал хүндэрвэл ЖДҮ эрхлэгчид хаанаас төсвийн дэмжлэг авах ёстой гэж харж байгаа бэ?
Төсөв тодотгох нэн шаардлагатай. Эдийн засгийн тэг зогсолт хийж байгаа энэ үед батлагдсан улсын төсвөө эргэж харах ёстой. Барилга байшин барихаас илүү монгол хүний эрүүл мэнд чухал байна. Үүн дээр нэмээд хэлэхэд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан ажил зөв гэж бодож байна. Яагаад гэхээр эх оронч худалдан авалтыг дэмжих бодит дэмжлэг болж чадах байсан гэж “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос харж байгаа. Нөгөө талд 2018 онд УИХ-ын гишүүд ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлаагүй бол ЖДҮ тодорхой хэмжээнд хөгжих боломж байсан. Гэвч чадаагүй. Дээрх хулгай илэрсний дараа 2019 онд шударга хуваарилалт хийсэн боловч ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуй нэгжүүд хөл дээрээ босохын даваан дээр цар тахал гараад хатуу хөл хорионд ороод эхлэхээр дээрх хүмүүс зээлээ төлөх нь битгий хэл эдийн засгийн маш хүнд байдалд орж байна.
2020, 2021 онуудад улсын төсөвөөс ЖДҮ санд нэг ч төгрөг төсөвлөөгүй, ЖДҮХС-г хоосон үлдээсэн. Тэр байтугай цар тахал дотооддоо алдчихаад байхад вакцин худалдан авах мөнгө ч төсөвлөөгүй.
2020 он гарангуут л хөл хорио хэсэгчлэн тогтоогоод, ААН-ийн үйл ажиллагааг нь хумиад эхэлсэн. Уг нь МУ-ын Засгийн газар ЖДҮ-ийн салбараа хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Тэдгээр хүмүүст эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлээгүй юм чинь яаж зээлээ төлөх вэ? ЖДҮ эрхлэгч, Баялаг бүтээгчдийн эдийн засаг хүндэрсэн учраас зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн юм. Эндээс харвал ЖДҮХС-д 2021 онд нэмэлтээр төсөв суулгах шаардлагатай байна. Араас нь 1500 гаруй аж ахуй нэгж хөнгөлөлттэй зээл авахаар дугаарлаж байна. Гэвч тэдэнд олгох зээлийн эх үүсвэр байхгүй. Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдээгүй байгаа.
Цар тахал дотооддоо алдсан энэ цаг үед ЖДҮ эрхлэгчид яаж амьжиргаагаа залгуулж, амьдрах вэ? Яаж цалингаа тавьж, түрээсийн төлбөрөө төлж, зээлийн хүүгээ төлөх вэ?
Сонгууль болгон дээр ЖДҮ эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжинэ гэж гарч ирчхээд гарч ирснийхээ дараагаар төсвийг нь баталж өгөхгүй хүнд байдалтай 30 жилийг ардаа үдсэн. Өмнө нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг ЖДҮ-ийн салбарт оруулна гэсэн заалт байсныг өнгөрсөн намрын чуулганаар арчаад хаясан. Одоо тэр заалтаа буцааж сэргээ гэдгийг Засгийн газар, УИХ-аас хүсч байна.
ЖДҮ эрсдэлтэй салбар учраас банк болон томоохон хөрөнгө оруулагчид энэ салбарт анхаарахгүй. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд төр засаг одоо л арга хэмжээ авах шаардлагатай байна. Ажлын байрны хямрал нь нийгмийн хямрал болж хувирах эрсэлтэй.
Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа 23 арга хэмжээ төдийлөн цаасан дээр бууж амжаагүй байх шиг байна. Хэрэгжилтийн байдлыг хянаж үзсэн үү?
Манай гүйцэтгэх төвшин хэтэрхий удаан байна. Хоёрдугаарт, эрсдэлийн менежментийг маш муу хийж байна. А, В гэсэн төлөвлөгөө Засгийн газарт байхгүй байсан уу? Учир нь гарч байгаа шийдвэрүүд өдөр тутамд өөрчлөгдөж байгааг хэн бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Шинэчлэгдсэн мэдээллүүд нь гүйцэтгэх төвшин танилцуулагдаагүй, уялдаа холбоогүй ажиллаж байна. Өвөл болж байна. Өлсөж үхэх үү? Хөлдөж үхэх үү? гэсэн хүнд цаг үед амьдарч байгааг дахин сануулъя. Тийм ч учраас манай холбооноос УРИАЛГА гаргаж байгаа юм.
Нэмж хэлэхэд 1 дүгээр сараас МУ дотооддоо коронавирус алдаагүй байхад өндөржүүлсэн бэлэн байдлын үед Засгийн газраас эдийн засгийн дорвитой, олон нийтэд таалагдахуйц, олон сайхан арга хэмжээ авсан. Харин өнөөдөр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хатуу хөл хорио тогтоогоод байхад Засгийн газраас авч байгаа арга хэмжээ УХАРЧ байна.
Тухайлбал, 4-р сараас хойш нийгмийн даатгал, татварыг 100 % чөлөөлсөн. Тухайн үед тэг зогсолт хийсэн аж ахуй нэгжүүдийн ажилтнуудад тус бүр 200 мянган төгрөгийг НДС-аас 3 сарын хугацаанд олгосон. Гэтэл одоо гарч байгаа шийдвэрүүдийг хар. Уг нь хатуу хөл хорионд шилжсэн энэ үед өмнөх шийдвэрээс илүү өгөөжтэйг гаргах ёстой. Татвар, нийгмийн даатгал, үндсэн зээл, зээлийн хүүг 2021 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулж байгаа нь Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд дараа нь бөөн зээлийн өр, хүүгийн дарамт, үйл ажиллагааны хүндрэл болно.
Зарим төрийн бус байгууллагууд хөл хориог хэсэгчилсэн нээх саналаа илэрхийлж байна. Танай холбооны зүгээс ямар саналтай байгаа вэ?
Маш өндөр хэмжээнд эрүүл мэндээ сахин хамгаалах журам гаргаад түүнийгээ мөрдөөд хөл хориогоо хэсэгчлэн нээх ёстой гэж харж байгаа. Байгууллага бүр эрүүл мэндийн хариуцлагаа үүрдэг байх ёстой. Зөвхөн Засгийн газраас гарч байгаа шийдвэрээ дагахаас гадна хувийн зохион байгуулалттай болоод ажиллах ёстой. Учир нь дэлхийн бусад улсад хүссэн хүсээгүй Ковидтой хамт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Гэхдээ үргэлжлүүлэхдээ өнгөрсөн хугацааны замбараагүй байдлаар үйл ажиллагаа явуулах бус дэг журамд шилжиж бүгдээрээ хамтдаа эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа аврах шаардлагатай гэж үзэж байна. Ингэж байж аж ахуй нэгж нь улсдаа татвараа төлөөд, эдийн засгаа сулруулахгүй явж чадна.
Эс бөгөөс Монгол улсын эдийн засаг агшиж, энэ байдлаар эрүүл мэнд, цагдаа, онцгойд зарцуулах мөнгөний эх үүсвэргүй болох аюултай.
Дээр нь өдөр тутмын орлогоороо амьдарч байгаа маш олон иргэд хэрхэн амьжиргаагаа залгуулах нь тодорхойгүй байна. Арилжааны банкнууд жилийн 24-28 хүүтэй зээл олгодог. Банкны шалгуурыг даваад авдаг аж ахуй нэгж ховор. Банкнаас авч чадахгүй байгаа хүмүүс ББСБ-аас жилийн 40-50 хувийн зээл авдаг.
Банк болон ББСБ-ын шаардлага хангаж чадахгүй байгаа жижиг бизнес эрхлэгчид ломбардаас 100-200 хувийн хүүтэй өдрийн зээл аваад үйл ажиллагаа явуулж байсан иргэд манай холбоонд хандсаар байна. Эдгээр хүмүүсийн амьжиргаа маш хүнд болж байна. Ковидтой холбоотой манай улсын эдийн засаг хүндэрсэн байгааг ойлгож байна. Гэхдээ гаднаас орж ирж байгаа зээл тусламжийг зөв зохистой зарцуулах хэрэгтэй байна. Нөгөө талдаа бид газар доор болон дээрээ асар их баялагтай атал зовлон тоочоод "бид ядуу" гээд суумааргүй байна. Тухайлбал өрхийн тэргүүн манайх мөнгөгүй гээд суувал эхнэр хүүхэд нь юу идэж уух вэ? Үүнтэй өнгө ижил гэж харж байгаа.
Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Баярлалаа. Засгийн газар ЖДҮ эрхлэгчид, Баялаг бүтээгчдийнхээ нөхцөл байдлыг ойлгоно гэж найдаж байна.
Ярилцсан сэтгүүлч Э.Хосбаяр