Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай зарлигийн дагуу жил бүрийн 09-р сарын 18-наас 10-р сарын 4-ний өдрийг хүртэл орон даяар номын баярыг тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жил "Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол" уриатайгаар "Номын баяр-2020" АРГА хэмжэээний үндсэн үйл ажиллагаа Чингисийн талбайд өнгөрсөн амралтын өдрүүдээр боллоо.
Номын баярт зохиолч, нийтлэлч идэвхитэй оролцож байгаагаас гадна ном сонирхогчдын тоо жилээс жилд хүрээгээ тэлсээр хүүхэд залуучуудын хүсэн хүлээдэг өдрийн нэг болжээ. Номтой нөхөрлөж, эерэг хандлагыг бий болгож, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилгоор “Номын баяр 2020” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Номын баярт 30-40 мянган уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог бол баярт очсон иргэд сонирхсон номоо зохиолчдын гарын үсгийн хамтаар 20-50 хувийн хямдралтай үнээр ном худалдан авч байлаа.
Номын баярт оролцож байгаа уран бүтээлүүдээс “Бөгтөр ЖДҮ” номыг онцолж байна.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос “Номын баяр”-ыг угтаж монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тухай нэмэлт хачиргүй, үнэн бодитоор багтаан харуулсан “Бөгтгөр Ждү” номыг их, дээд сургуулиудын “Номын сан”-д гарын авлага болгон хандивлажээ. Тэгвэл энэ өдөр доктор, профессор Ч.Даваабаяр номын баярт оролцож, “Бөгтгөр Ждү” номоо 50 хувийн хямдралтайгаар худалдаалж, иргэдийн оюуны хөрөнгө оруулалтад хувь нэмрээ орууллаа.
Ийнхүү номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүсэн хүлээдэг баярын нэг болсон номын баярын өдөр зохиолч, нийтлэлч номоо борлуулж, түгээхээс гадна уншигчидтайгаа уулзаж, ярилцсан арга хэмжээ болж өнгөрлөө.