Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх чиглэлд анхааран ажилладаг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2020 оны хоёр дахь удаагийн ээлжит хурал өнөөдөр /2020.09.16/ болж, тус холбооны зүгээс цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж баталлаа.
Өнгөрсөн жилүүдэд тус холбооны зүгээс "Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, экспортын арга замууд" чуулга уулзалт, "Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум" зэрэг олон арга хэмжээг амжилттай зохион байгуулж, жижиг дунд үйлдвэрлэгч нарт тулгараад байгаа олон асуудлыг төр засгийн хэмжээнд хүргэн ажилласан. Энэ жил Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газар байгуулагдсан нь ЖДҮ-ийн сангаар эргэлдэж байгаа хөрөнгө мөнгийг нэмэгдүүлж, баялаг бүтээгч үйлдвэрлэгч нарт санхүүгийн нэн хөнгөлөлттэй зээл, нөхцөл боломжийг олгох тал дээр дөхөм болно гэдэгт итгэж байгаагаа тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр онцоллоо.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: "Энэ жил манай холбооны 5 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ББДХ-ны хурлаа хийнэ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ зориулан 2020 форумыг мөн зохион байгуулна. Бидний зүгээс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулийн төслүүд өргөх саналаа томёолж байна. Ноднин ЖДҮ, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Үүний дагуу ЖДҮ-ийн газартай болсон. Өөрөөр хэлбэл ЖДҮйлдвэрлэл эрхлэгчдийг ТӨР хариуцаж, эзэнтэй болж байна гэсэн үг. Энэ агентлаг байгуулагдаж ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хариуцан явж байна. Төсөл сонгон шалгаруулалт явсан байгаа. Агентлаг хуулийн хүрээнд явах ёстой. Хоёрдугаарт төрийн худалдан авалт борлуулалтыг нэмэгдүүлнэ. Төр өөрөө худалдан авагч болж байгаа учраас авч байгаа бараа бүтээгдэхүүн болгонд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн орж байгаа талаар бидний зүгээс шаардлага тавин ажиллах болно" хэмээн хэллээ.
Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын үеэр 2012 оноос хойш эх орныхоо чулуугаар шахмал ванн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг ханган ажиллаж байгаа, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд болох "Монгол ванн" "Алиман сар" компаниудыг Чех улсын худалдаа аж үйлвэрийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнасан юм. Уг шагналыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр гардуулан өглөө.
"Монгол Ванн" ХХК-ийн захирал, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхцэцэг: Өнөөдрийн хурлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүд рүү чиглэсэн ямар арга хэмжээ цаашдаа зохион байгуулах зэрэг олон ажил, төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. Манай "Монгол ванн" компанийн үндсэн гол хэрэглэгчид бол барилгын компаниуд байдаг. Мөн айл өрхүүд засвар хийх үедээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж манай бараа, бүтээгдэхүүнээс авдаг ийм сайхан хандлага, сэтгэлийн дэмээр бид жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байна. Өнөөдөр манай холбоотой хамтран ажилладаг Чех улсын худалдаа аж үйлдвэрийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс гардуулж өгсөнд маш их баярлаж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо гадаад дотоодын олон төрийн бус байгууллага, компаниудтай хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин гишүүн байгуулагууддаа боломж олгодогт талархаж байна. Бид цаашдаа улам хичээж ажиллах болно.
5 жилийн ойн тохиож буй Баялаг бүтээгдчийг дэмжих холбооны зүгээс ирэх 11 сард жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн форумыг мөн зохион байгуулахаар төлөвлөөд байна.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бумцэнд: "Өнөөдрийн хурлаар бид олон асуудал хэлэлцсэн. Ноднин биднийг хүлээж авч уулзсан Монгол улсын их хурлын даргатай энэ жил мөн уулзаж, Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тодорхой хэмжээний ажлуудыг танилцуулж, дүгнэж ажиллах зорилт тавин ажиллаж байна. Мөн энэ жил Аж үйлдвэрлэлийн үндэсний хорооны даргатай уулзаж, баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалж, бидний төлөө ямар ажил дээр хамтрах тал дээр ярилцаж зөвлөлдөнө. Баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэгч нарыг дэмжсэн бие даасан газартай болсон нь бидний эрх ашгийг хамгаалж, хамтран ажиллах, санал санаачилгуудыг уламжлана гэдэгт итгэлтэй байна. Цаашид ч мөн манай холбооны зүгээс мянга мянган баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудал хөгжлийн гарцыг тодорхойлон ажиллах болно" гэдгийг онцлон хэллээ.
2017 онд төрөөс 47 тэрбум төгрөгийн худалдан авалтыг үндэсний үйлдвэрлэлээс авсан нь нийт төрийн худалдан авалтын 2% -тай тэнцэхүйц дүн гарсан байдаг. Харин 2018, 2019 онд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласан боловч үр дүн нь хараахан гараагүйг удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс үзэж байна. Цаашид худалдан авалтыг илүү нэмэгдүүлж, тэр дундаа кластар системийг хөгжүүлж, үндэсний томоохон аж ахуйн нэгж, ЖДҮйлдвэрлэл эрхлэгчдээ захиалга өгч хийдэг болох тал дээр зорилт тавин ажиллах болно гэдгийг Холбооны гишүүдийн зүгээс мэдэгдэж байна.
ШУУД ҮЗЭХ: