“Nadiya Mongolian brend” салоны үүсгэн байгуулагч Х.Нандинцэцэгтэй ярилцлаа. Ковид-19 вирусын халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга нь амны хаалтыг тогтмол хэрэглэх. Гэвч ганц манай улс гэлтгүй дэлхийн бусад орнуудад ч амны хаалтны олдоц муу болчихсон учраас сүүлийн үед АНУ болон европын улсуудад амны хаалтыг гэрээр оёх зааварчилгааг өгч, өөрсдөө хийж хэрэглэхийг зөвлөөд байгаа.
Харин манай улсын хувьд коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлмэгц иргэд үйлдвэрийн нэг удаагийн амны хаалтаас гадна өөрсдөө оёх, оёдлын салонуудад захиалга өгөх байдлаар өөрсдийгөө хамгаалсаар ирсэн. Нэгэнт монголчуудын хувьд амны хаалтны үйлдвэр тун хомс учраас оёдлын салон, үйлдвэрүүд өөрсдийн боломжид тулгуурлан амны хаалт оёж түгээж байна. Тийм газруудын нэг “Nadiya Mongolian brend” салоны захаирал Х.Нандинцэцэг их ажлынхаа зэрэгцээ нь боломжийнхоо хэрээр хандивын үйл ажиллагаанд оролцож, зарим иргэнд амны хаалтны загвар болоод хэрхэн оёхыг зааж өгсөөр байгаа юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Өөрийн тань хувьд амны хаалтны олдоц муу үед цөөнгүй хүнд оёж хандив өгсөн байсан. Өдгөө багагүй хугацаа өнгөрч, зарим хүн урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс залхаж тайвшрах болжээ гэгдэж байна. Ингэхэд хувийн бизнесээ яагаад заавал хандивын үйл ажиллагаатай уялдуулсан юм бол?
-Манай улсад амны хаалтны хомсдол үүсэх нь гэх хоёрдугаар сараас л амны хаалтуудаа оёж эхэлсэн. Тухайн үед коронавирусын халдвар бусад орнуудад нэмэгдэж, манай улсад урьдчилан сэргийлэх ажил, зөвлөмжийн хүрээнд амны хаалтны хэрэглээ муудлаа гэх мэдээлэл их гарсан. Тиймээс өөрийнхөө чадах зүйлээр бусдад тус болох хүслээр анх амны хаалт хийж найз бүсгүйнхээ гэр бүлд өгсөн. Хүн бүр амны хаалт олноор авч хэрэглэнэ гэдэг эдийн засгийн хүндрэлтэй үед хэцүү шүү дээ. Тийм тохиолдолд өөрийн оёсон амны хаалтаа бусдад хандивлах нь том буян санагдсан. Гэхдээ би эхлээд буян гэхээсээ илүү энэ бол иргэний үүрэг гэдэг утгаар нь хүлээж авсан. Тэгээд ч дөрвөн охинтой эх хүний хувьд зөвхөн тэднийхээ эрүүл мэндэд анхаараад нэмэргүй. Бүх хүн энэ вирусын халдвараас хамтдаа хамгаалж байж даван гарах юм байна гэдгийг ойлгосон. Нэгэнт оёдлын салонтой юм чинь амны хаалтыг зөвхөн бизнес болгож харагхгүй хандивлаж болох нь илэрхий байсан.
Мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа болохоор тодорхой хэмжээгээр зардал гарна. Тиймээс зарим байгууллага, хувь хүнээс захиалга авч, нөгөө талдаа захиалгаасаа илүү гаргаж оёсон амны хаалтаа шаардлагатай хүмүүст хандивлах байдлаар л ажиллаж байна даа.
-Танай салон цөөхүүлээ ажилладаг бололтой. Амны хаалт хийгээд бараг хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Ойролцоогоор хэдэн ширхгийг үйлдвэрлэсэн бол?
-Хамт загварын сургууль төгссөн, загвар зохион бүтээгч найзтайгаа хамтарч ажилладаг юм. Амны хаалтаа хамтдаа оёод л байна. Эхлээд гэр бүл, ах, дүү найз нөхдийнхөө гэр бүлүүдэд нэг хүнд 2-3 амны хаалт гэх байдлаар оёж, хийж өгсөн. Даавуун амны хаалт бол 2-3 цаг болоод сольж байх ёстой. Гадуур гарах, дотор орох зэрэгт амьсгалын уураар норчихно шүү дээ. Тиймээс л нэг хүнд 2-3 гэж тооцоолж анх хандивлаж, өгсөөр ирсэн. Үүнийхээ зэрэгцээгээр охиныхоо ажлын хамт олон, өөрийн амьдардаг хорооны ажилтнууд, орчныхоо тохижилт үйлчилгээний ажилтнууд, бүр таксины жолооч нарт өгч эхэлсэн. Өөрийнхөө фэйсбүүк хаягаар оёсон амны хаалтуудаа олон нийтэд харуулахад бүр орон нутгаас ч захиалга ирүүлдэг болсон. Анх “Ачлал” их дэлгүүрийн түрээслэгч нар, сайжруулсан түлш борлуулагчид гээд олон хүнтэй харилцдаг хүмүүст их өгсөөн. Захиалгын хувьд “Цүнхний ертөнц” гээд дэлгүүрийн хамт олон 80-ыг эхэлж захиалан авч байсан. Харин “Золо дент” шүдний эмнэлгийнхэн хамгийн анх бүр хонины холбоогоор шүдний хэлбэр бүхий оёдолтойг захиалж байсан. Одоогоор 14 мянга гаруйг оёсон байна. Өдөрт багадаа 250-300 ширхэгийг л оёж байгаа.
-Амны хаалтны загварыг бусдад зааж өгсөн байсан?
-Тийм ээ. Хүмүүс ирж заалгадаг юм. Зарим хүн ирж заалгаж амжихгүй нь гээд фэйсбүүкээр загвараа өгөөч гэх хүсэлт их ирсэн. Тиймээс тэдэнд зааж өгсөн. Би чинь өөрөө фэйсбүүк дэх “Одонтой ээж” группт байдаг. Манай бүсгүйчүүд бас хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан. Одонтой ээжүүдийн хувьд гадуур явах боломж их хомс байдаг шүү дээ. Тухайн үед би ч ажил ихтэй байсан. Тэгэхлээр нь хандивын амны хаалтаа бусдадаа өгөөд явуулсан. Тэгсэн бусад хүүхнүүд маань ер нь гэртээ зүгээр суухаар амны хаалт оёж ядаж өөрсдийн хэрэглээгээ хангасан нь зөв юм байна гээд л эсгүүрээ өгч эхэлсэн дээ.
-Сүүлийн үед гадуур дулаараад амны хаалтны загварууд ч их гоё болж байгаа харагдсан.
-Тийм ээ, эрүүл ахуйн шаардлага хангасан материалаар амны хаалт хийж хэрэглэх нь эдийн засагт хэмнэлттэй. Нөгөө талаар урин дулаан болж, хүмүүс хувцастайгаа хослуулах нь элбэг болсон. Анх би өөртөө хийсэн амны хаалтаа шигтгээтэйгээр урласан. Тэгмэгц эхлээд ойрын хүрээнийхэн, найзууд маань анхны шигтгээтэй амны хаалтны захиалагчид болсон. Тэгээд л бид захиалгын дагуу хийж өгсөн. Зарим хүн өөрсдөө ингэж, тэгж хийлгэмээр байна гээд саналаа хэлдэг бид боломжоор нь л хийж өгөөд байгаа. Сүүлийн үед амны хаалтан дээрээ зураг зурах санаатай байна.
-Ажиллагаа ихтэй байх даа?
-Ажиллагаа их, өртөг өндөр тусах гээд л байгаа юм. Гэхдээ амны хаалтны хэрэглээний цаана хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа учраас хүн бүр өдөр тутамд хэрэглэх л ёстой. Хаврын улиралд бүсгүйчүүд маань их гоё, ганган байхад хүн бүрийн сэтгэл тэнэгэр байдаг даа. Яг түүн шиг одоо чинь гоё амны хаалт гэдэг бас нэг гангараа болох гээд байна шүү. Хүүхдүүдэд бол сонирхолтой содон, тод өнгийн даавуугаар хийж өгөхөөр илүү дуртай зүүнэ.
-Танай салонд захиалга өгье гэвэл?
-Бид үндсэн загвар гаргах, эсгүүр, оёдлын ажлаа хийж байгаа. Түүнийхээ хажуугаар амны хаалтны захиалгаа ч авч байгаа. Фэйсбүүкийн Nadya Nandinflower өөрийн хаяг болон 89176170 дугаарын утсаар захиалгаа авч байгаа. Хүсвэл амны хаалтны эсгүүр ч авсан болно. Манай монгол бүсгүйчүүд чинь үйлэнд их уран. Одоо европ, АНУ-д гэртээ амны хаалт хийхийг зөвлөж байна. Зөвлөөд бүр зааж өгч байна. Тэгэхэд манай бүсгүйчүүд бол загварыг нь хараад л хийчихнэ. Европт монгол эмэгтэйчүүд л амны хаалт урлаад байна гэсэн шүү дээ. Яг энэ цаг үед бол амны хаалтыг зүгээр дэлгүүр орох, автобусанд суух, төрийн үйлчилгээ авахын тулд нүд хуурч хэрэглэж болохгүй санагдаад байгаа юм. Зарим хүн амьсгалахад хэцүү байна гэх мэтээр тайлбарлаж л байна билээ. Гэлээ гээд цаана нь өөрийнх нь өрөөлийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөх учраас хэрэглэж, хамгаалж байгаад энэ өвчний үеийг өнгөрөөчихөөсэй гэж бодож байна.
Эх сурвалж: erennews.mn