Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай Бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд энэ долоо хоногоос ноолуур худалдан авч эхэлнэ гэж Монголын хөдөө аж ахуйн биржээс мэдээлж байв. Тэгвэл зарим аж ахуйн нэгж өчигдрөөс ноолуур худалдан авч эхэлсэн байна. Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын малчдаас өчигдөр ноолуур худалдан авчээ. Бодлогын гэрээний дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас гурван хувийн хүүтэй мөнгө зээлсэн аж ахуйн нэгж, салбарын яамнаас тогтоосон босго үнээс дээш ханшаар ноолуур худалдан авах шаардлагатай. ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж хамтран Дорнод, Сүхбаатар, Хэнтийгээс кг ноолуурыг 105, Архангай, Хөвсгөлөөс 90, Өмнөговиос 80, Ховд, Увс, Баян-Өлгийгөөс 75, бусад 12 аймгаас 85 мянган төгрөгөөр худалдаж авах босго үнэ тогтоожээ. Тэгэхээр гэрээ байгуулж, хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүд тухайн аймгаас дээрхээс хямд үнээр ноолуур худалдан авах эрхгүй юм. Босго үнэ тогтоохдоо тухайн бүсийн ноолуурын гарц, чанарыг харгалзсан гэнэ.
Гэрээ байгуулсан аж ахуйн нэгж тухайн сумд очиж, малчдаас ноолуур авах товоо өмнө нь зарлах аж. Ингээд ноолуур худалдан авах ажиллагааг зээл авсан аж ахуйн нэгж, тухайн сумын Хөдөө аж ахуйн тасаг, арилжааны банктай хамтран зохион байгуулах гэнэ. Ноолуур бэлтгэлд зориулсан зээлийн санхүүжилтийг зарцуулахад малчинтай Ноолуур худалдах, худалдан авах гэрээ байгуулах юм байна. Мөн ноолуур худалдан авсан санхүүгийн баримт үйлдэн, бэлтгэн нийлүүлсэн малчдын жагсаалтыг хөтөлж, тэдний данс руу төлбөрийг нь шилжүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ-тай Бодлогын гэрээ байгуулсан, банкны шалгуурыг хангаж зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь дээрх баримтуудыг бүрдүүлэн сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнээр тулган баталгаажуулж, уг бүрдлийг зээлдүүлэгч банканд хүргүүлснээр ноолуурын төлбөрийг малчдын дансанд шилжүүлэх нь.
Коронавирус тархсан энэ үед малчдын орлогыг бууруулахгүй байх зорилгоор Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд жилийн гурван хувь буюу маш бага хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгож буй. Уг санхүүжилтээр ойролцоогоор 3000 тонн ноолуур худалдан авах боломжтой. Гэтэл манай улс 10 мянга орчим тонн ноолуур бэлтгэнэ. Үлдэх 7000 тонн ноолуурыг босго үнээс дээш ханшаар худалдаж авах арга хэмжээг зохион байгуулж буйгаа Монголын хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар дуулгасан. Тэрбээр “Бид үлдэх 7000 тонн ноолуурыг босго үнээс хямдруулахгүй худалдахаар БНХАУ-ын Тяньжин боомт дахь “Бохай” таваарын биржийнхэнтэй хамтран ажиллаж байна. Арваад хоногийн дараа бүх зүйл тодорхой болно. Бид ноолуурын ханшийг босго үнээс бууруулахгүй байх, бүрэн борлуулан экспортлох бодлого баримталж байгаа” гэж ярив.
Сүхбаатар аймгийн ченжүүд өнгөрсөн долоо хоногт кг ноолуурыг 60, Архангайнхан 50 мянган төгрөгөөр худалдаж авч байв. Малчид ямаагаа хэдийн самнаж эхэлсэн ч тулгамдсан санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд 1-2 кг-ыг тушаагаад “Засгийн газрын шийдвэрийг хүлээнэ” хэмээн борлуулахгүйгээр хадгалж байгааг ченжүүд дуулгасан юм.
Эх сурвалж: unuudur.mn