- Бэлэг дурсгалын дэлгүүрүүд борлуулах санал тавьдаг ч үнэ нэмж зардаг болохоор хамтран ажиллахыг хүсдэггүй. Үнэ ханшаа тогтвортой барих зорилгоор Баянгол дүүрэгт бараагаа төвлөрүүлснээс хойш борлуулалт 30-40 хувь нэмэгдсэн
- Тус үйлдвэрийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь ОХУын царс модон хавтангаар хийдэг гурилын гампанз аж. Уг гампанзаа үндэсний хөгжим болох морин хуур зэрэг бүтээгдэхүүний хамт БНСУ, Япон руу гаргадаг
- “Элдэвтэй Монгол” брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулдаг аж. Тухайлбал, нэг литрийн багтаамжтай цацлын хувин 35 мянга, морин хуур 75-180 мянган төгрөг
Бүтээгдэхүүнээ байгальд унаж хатсан хуш модоор хийсэн тул хэлбэр, загвараа хэзээ ч алддаггүй Монгол Улсын тавилгын зах зээлийн 55 хувийг импорт, үлдсэнийг нь дотоодын үйлдвэрлэл эзэлдэг. Түүхий эд нь Монголоор дүүрэн байгаа гэр ахуйн тавилгаа ам.доллараар авдаг нь харамсалтай. Тавилгын импортыг БНХАУ манлайлж, БНСУ, Польш, Малайз удаалж байна. Социализмын үед манай улсад бүхий л төрлийн үйлдвэрлэл өрнөдөг байсан гэхэд хэн ч маргахгүй. Гутлаас эхлээд арматур, төмөр, ойр зуурын цахилгаан тоног төхөөрөмжөө өөрсдөө үйлдвэрлэдэг байлаа. Гэтэл 1990 оны хувьчлалаар бүгд хаалгаа барьсан. Түүний нэг нь тавилгын үйлдвэрлэлийн салбар. Гэсэн ч эртнээс гарын дүйтэй, байгальтайгаа ойр амьдардаг монголчууд сүүлийн 10 гаруй жилийн турш модоор тавилга хийдэг олон арван үйлдвэр байгуулж, жилдээ 220 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх болжээ. Тус салбарт 400 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг нь “Элдэвтэй Монгол” брэнд юм. Архангай аймагт үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байгаа тус брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.
Удам дамжсан гарын дүйтэй гэр бүл
“Элдэвтэй Монгол” брэнд есөн сарын өмнөөс Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ борлуулж эхэлжээ. Тус брэнд нь модоор ширээ, сандал, цацлын хувин, ваар сав, араг, морин хуур, шатар гээд 30-40 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн гудас, хөнжил, мишок зэрэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Тус үйлдвэр харуул, зүлгүүр, хөрөө, өнгөлгөө гээд нийт 15 төрлийн цахилгаан тоног төхөөрөмжтэй. Суурин сийлбэрийн машинаас бусад тоног төхөөрөмж байдаг аж. Архангай аймагт зургаан ажилтантай бөгөөд оёмол бүтээгдэхүүнээ эрэгтэй хүмүүс хийдэг гэдгээрээ онцлогтой. “Манай үйлдвэр ихэнхдээ захиалга авч, бүтээгдэхүүнээ хийдэг. Ажиллах хүч дутмаг байдаг ч татвар түрээс, зээл гээд бүгдийг нь төлөөд хүн хүчиндээ тааруулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх жилээс үйлдвэрийн хүчин чадал болон ажиллах хүчээ нэмэгдүүлэхээр болсон” хэмээн тус брэндийг үүсгэн байгуулагч Р.Гантигчулуун ярилаа. Түүний өвөө уран дархан, аав нь мужаан хүн байсан аж. Тэрбээр хууль, эрх зүйч мэргэжилтэй ч удам дамжсан дархан хүний бурхан ухаанаа түшиглэн үйлдвэрлэл эрхлэх болжээ. “Би дүү нартайгаа хамт ахуйн хэрэглээний тавилга, гэрийн мод зэргийг хүүхэд байхаасаа хийдэг байлаа. Бүгд тус тусын сургуулиа төгсөөд ажил хийж эхэлсэн ч 2010 онд “Баялаг заваг” компаниа дүү нарын хамт байгуулсан. Цаашид “Элдэвтэй Монгол” брэндийг дэлхийн хэмжээнд аваачихын төлөө ажиллаж байна” гэв.
Бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулдаг
Түүний дүү Р.Ганзориг Архангай аймагтаа үйлдвэрийнхээ захирлаар ажилладаг бол Р.Гантигчулуун борлуулалтаа хариуцан Улаанбаатар хотод байдаг. Одоогийн байдлаар 90 хувийн борлуулалттай ажиллаж байгаа аж. Сард гурван айлын гал тогооны тавилга, 10 гаруй морин хуур, сийлбэртэй авдар 1020, мишок хоёр долоо хоногт 3040 ширхэг, араг савар 10 гаруйг үйлдвэрлэг аж. Мөн жижиг уур нүдүүр, ваар, цацлын хувин их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Орон нутгийн иргэд бүтээгдэхүүнийг нь “бөөндөж” авдаг учир захиалгаар олон зүйл хийдэг байна. Р.Гантигчулуун “Эдэлгээ урт, чанартай, үнэ хямд бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэхийг зорьдог. Манай бүтээгдэхүүн таван жилийн өмнөх ямар үнэтэй байсан яг тэр үнээрээ байгаа. Цаашид бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах боломж эрэлхийлж байна. Бэлэг дурсгалын дэлгүүрүүд борлуулах санал тавьдаг. Үнэ нэмж зардаг болохоор хамтран ажиллахыг хүсдэггүй. Үнэ ханшаа тогтвортой барих зорилгоор Баянгол дүүрэгт бараагаа төвлөрүүлснээс хойш борлуулалт 30-40 хувь нэмэгдсэн” гэв. “Элдэвтэй Монгол” брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулдаг аж. Тухайлбал, нэг литрийн багтаамжтай цацлын хувин 35 мянга, морин хуур 75-180 мянган төгрөг. Мөн бор эсгий гудас 40-60 мянган төгрөгөөр худалдаалдаг. Мишок нэг, хоёр хүний болон дан давхар зэрэг зургаан төрөл байдаг. Үнийн хувьд сентифон болон тэмээний ноосон мишок нэг хүнийх 80 мянга, хоёр хүнийхийг 140 мянга төгрөгөөр борлуулдаг байна. Жилийн дөрвөн улиралд борлуулалт сайтай мишокоо үйлдвэрлээд гурван жил болж байгаа аж. Эдгээр нь холын замд “том тэргээр” тээвэрт явдаг жолооч нарын тав тухыг хангасан бүтээгдэхүүн болж чаджээ. Тус үйлдвэрийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь ОХУ-ын царс модон хавтангаар хийдэг гурилын гампанз аж. Тэр бүү хэл уг гампанзаа үндэсний хөгжим болох морин хуур зэрэг бүтээгдэхүүний хамт БНСУ, Япон руу гаргадаг. Мөн Баянхонгор, Өвөрхангай аймаг, Хархориноос захиалгаар их хэмжээгээр авдаг аж.
Жуулчдад бүтээгдэхүүнээ сурталчилдаг
Модон эдлэлээ ургаж буй мод унагааж биш, хаягдал хуш мод ашиглаж хийдэг аж. Хуш мод байгалийн жамаар хатаад ирэхээр хамгийн сайн чанарын түүхий эд болж өгдөг. Байгальдаа хатсан учир ямар ч зүйл хийсэн хэлбэрээ өөрчилдөггүй, удаан эдэлгээтэй болдог. Хуш модоор хийсэн эдлэлээс үргэлж эерэг энерги ялгардаг учир өвөг дээдэс маань бүхий л урлалаа хийдэг байсан тухай Р.Гантигчулуун хэлсэн юм. Тэрбээр хөлөгт тоглоомуудаас монгол ёс заншил, түүхээ гайхуулсан Хүннүгийн үеийн гэр тэрэгтэй болон ширээтэй гээд бүх цаг үеийг харуулсан бэлэг дурсгалын зориулалттай шатар үйлдвэрлэдэг. Мөн Р.Гантигчулууны дүү нар Эрдэнэт хотод болон АНУ-д шатар үйлдвэрлэж, монгол ёс заншлаа сурталчилж байгаа тухай бахархалтайгаар хуучилсан юм. Харин Архангай аймагт жуулчдын улиралд гэр барьж, “сувенир хаус” нээгээд түлхүүрийн оосроос эхлээд Монголын ахуй, ёс заншлыг илт гэсэн бэлэг дурсгалын зүйлсээ борлуулдаг аж. Түүнийг нь жуулчид гар таталгүй авдаг байна.
Арван жил хөдөлмөрлөсний эцэст ЖДҮХС-гийн зээл авчээ
10 орчим жилийн хугацаанд хөдөлмөрлөсний эцэст өндөр хүүтэй банкны зээлээс салж, 2020 он гарахаас өмнө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж чаджээ. Одоо тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажлын байраа нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа аж. Р.Гантигчулуун “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих хууль эрх зүйн орчин дутмаг санагддаг. Монголчууд хийгээд хөдөлмөрлөж чадаж байхад ижил төрлийн мөртлөө гадна талдаа түрхлэгтэй, насжилт богино, хиймэл модоор хийсэн дуураймал бүтээгдэхүүн татваргүй шахам оруулж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ зах зээлийг булаалгах хэрэггүй. Хэрэв хамгаалж чадвал Монгол доо эко брэнд бий болгоод, цаашлаад гадагшаа экспортлох боломжтой” гэсэн юм. Мөн Монголд тавилга хийж байгаа хүмүүсийг цэвэр модоор, чанартай бүтээгдэхүүн хийхэд анхаарахгүй, чанаргүй материалаар ашиг харж үйлдвэрлэж байгааг шүүмжилсэн юм. “Элдэвтэй Монгол” брэнд ургаа мод унагахгүй, байгальд хог болж унасан модоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдгээрээ бусад компаниудаас ялгаатай. Мөн уран хайчилбарыг модонд буулгасан урлагийн бүтээл хийдгээрээ онцлог гэв.
Эх сурвалж: zms.mn