Филиппин улсад түр хугацааны сургалт болон аяллаар очоод, гацсан 37 Монгол иргэдийн бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
COVID-19 –ийн Филиппин улсад гарч буй нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсад суугаа Монголчуудын талаар мэдээлэхийг хүсэж байна. Одоогоор 3000 орчим тохиолдол бүртгэгдсэн байгаа ба өдөр ирэх тусам маш олноор нэмэгдэх төлөвтэй байна. Филиппин улс нь 100 сая гаруй хүн амтай ба шинжилгээ авах сорьц хүрэлцээгүйн дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэлцээ муутай, засгийн газрын бодлого өдөр ирэх тусам чангарч байна.
Филиппин улс нь Бүгд Найрамдах Сингапур улсын элчин сайдад хамрагддаг ба бид холбоотой байгаа хүмүүсийн мэдээллийг нэгтгэн элчин сайдын яам руу удаа дараалан уламжилсаар байгаа билээ. Филиппин улсад англи хэлний түр хугацааны сургалтаар болон аяллаар ирээд гацсан 37 хүн байгаа ба үүнээс бага насны 4-6 настай хоёр хүүхэд байна. Эдгээр хүмүүсийн 3 нь Манила хотод, 2 нь Багио хотод, 2 нь Анжелес хотод, 30 нь Себү хотод байна.
Гуравдугаар сарын 15-аас эхлэн Филиппин улс дахь бүх сургууль хаагдсан ба сургуулиас бүх суралцагчаа нутаг руугаа буцахыг шаардаж оюутны байрнаас хөөн гаргасан болно. Тухайн цаг мөчид Монгол улс хилийн хөл хорио тогтоож олон улсын нислэг хүлээж авах боломжгүй нөхцөл байдалд байсан тул эдгээр оюутнууд маань нутаг буцах боломжгүй болж эндээ үлдсэн. Мөн зарим оюутнууд Тайланд улсаар дамжин Оросын Холбооны Улс руу явах гэж оролдсон боловч тус улс хилийн хөл хорио тогтоон Тайланд улсад гацсан байдалтай байна. Дамжин өнгөрөх улсуудын элчин сайд болон консулын газартай холбогдон, тусламж хүссэн боловч нааштай хариу өгөөгүй. Мөн Солонгос, Япон улсаас явж буй чартер нислэгт хамрагдах хүсэлт тавьсан боловч виз байхгүйн улмаас хамрагдах боломжгүй гэсэн хариу авлаа.
Өдөр ирэх тусам байдал улам хүндэрч засгийн газрын бодлого чангарснаар Филиппин улс олон улсын зарим нислэгээ зогсоосон нь энд байгаа Монголчууд түр хугацаагаар эндээ амьдрахаас өөр аргагүй болсон. Гэвч зарим хөлсний байрууд шинээр гадаад иргэдийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан нь байдлыг улам хүндрүүлж бид амьдрах газаргүй болсон. Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте-н шийдвэрээр 3 сарын 28-ны өдрөөс эхлэн 4 сарын 28-ны өдөр хүртэл коронавирусийн тархалтыг удаашруулах зорилготой хөл хорионы дэглэмийг тогтоон иргэн бүр хатуу дагах ёстойг анхаарууллаа. Хэрэв зөрчсөн тохиолдолд тухайн иргэнийг шууд буудах зөвшөөрлийг хууль, хүчний байгууллагад өгсөн ба уг хатуу шийдвэр нь энд байгаа Монголчуудын сэтгэл санаанд хүндээр нөлөөлж байна.
Бид өөрсдийн чадах чинээгээрээ холбогдох газрууд руу өөрсдийн байр байдлыг мэдэгдэж байгаа боловч гуравдагч орон гэдэг утгаар асуудлыг нааштай авч хэлэлцэхгүй байна. Тиймээс бид энэхүү мэдээллийг илүү цар хүрээтэйгээр олон нийтэд мэдэгдэхийг хүсч байна.
Эх сурвалж: mass.mn