АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Форд компани дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн коронавирусийн өвчтөнүүдэд нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратыг бөөнөөр үйлдвэрлэх болсноо Даваа гарагт зарлажээ.
Тус компани General Electric Healthcare компанийн лицензийн дагуу GE/Airon Model A-E загварын амьсгалын аппаратыг Мичиган дахь автомашины эд ангийн үйлдвэртээ үйлдвэрлэх юм байна.
Эхний 100 хоногийн дотор 50,000 аппарат үйлдвэрлэж, АНУ-ын эмнэлгүүдэд нийлүүлэхээр болжээ.
GE Healthcare компанийн энэ загвар нь цахилгаан хэрэглэдэггүй, агаарын даралтаар ажилладаг юм байна.
“Форд болон GE Healthcare компаниуд бүтээлчээр хамтран ажиллаж, нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратыг богино хугацаанд олноор үйлдвэрлэх боломжтой боллоо” гэж Форд компанийн гүйцэтгэх захирал Жим Хаккет мэдэгджээ.
Үйлдвэрийн ажиллагаа жигдэрсний дараа сард тогтмол 30,000 аппарат гаргадаг болох гэнэ. Форд компани коронавирусийн хөл хориотой холбоотойгоор АНУ дахь бүх үйлдвэрээ хаагаад хоёр долоо хонож байгаа.
Үйлдвэрлэл эхлэх хүртэл гурван долоо хоног орчим хугацаанд Фордын ажилчид амьсгалын аппаратыг хэрхэн үйлдвэрлэх талаар сургалтад хамрагдах ажээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп амьсгалын аппарат үйлдвэрлэх GM компанийн үйл ажиллагааг хэтэрхий удаан байна хэмээн шүүмжилж байв. Трамп бас аппаратыг олноор үйлдвэрлэхэд хамтран ажиллахыг Форд компанид уриалж байжээ.
Эх сурвалж: ikon.mn