Улаанбаатар хотын А бүсэд хоёрдугаар түвшний давхар гүүрэн зам барих асуудлыг Засгийн газрын гуравдугаар сарын 12-ны хуралдаанаар шийдвэрлэсэн. Уг “Тэнгэрийн тойрог” төсөл буюу тойрог хурдны замыг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэхээр болсныг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулсан юм.
Давхар гүүрэн зам 6-12 метрийн өндөрт нийт 13 км-ийн урттай хоёр урсгалтай, дөрвөн эгнээ, 27 орох, гарах цэгтэй байх ба төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар юм.
Тэгвэл давхар гүүрэн замыг бусад оронд хэрхэн, ямар өртгөөр барьдаг талаарх мэдээллийг хүргэж байна.
ДАВХАР ГҮҮРЭН ЗАМ ГЭЖ ЮУ ВЭ?
Шанхайн давхар гүүрэн зам
Давхар гүүрэн буюу газраас дээш өргөгдсөн зам нь энгийн авто замаас илүү үнэтэй байдаг ба дараах тохиолдлуудад барьдаг байна. Үүнд:
-
Газар дээр барихад хүндрэлтэй эсвэл барихад илүү үнэтэй тусах нөхцөлд
-
Уулархаг нутаг болон газар дээрх түгжрэлтэй замаас шалтгаалан авто замын хөдөлгөөний урсгал бага байх үед хөдөлгөөний урсгалыг нэмэхийн тулд
-
Байгаль орчныг хамгаалах, экосистемийг алдагдуулахгүйн тулд
-
Хүн ам шигүү суурьшсан нутаг дэвсгэрийг хурдан туулж өнгөрөх
Япон дахь Шутоко Танимачи давхар зам
Давхар замын ангилал
-
Удирдлагагүй зам: замын хөдөлгөөний урсгалыг сайжруулахын тулд гэрлэн дохио, зохицуулагчийн удирдлага байхгүй.
-
Удирдлагатай зам: удирдлагатай замд ихэвчлэн явган хүний гарц байдаг бөгөөд үүнд тааруулсан гэрлэн дохио байна
-
Хонгилтой зам: Энэ тохиолдолд өмнөх замын доогуур хонгил ухаж шинэ зам барьдаг. Хонгилон замын дуу чимээ, байгальд учруулах хорт нөлөө бага байдаг ч барихад харьцангуй хүндрэлтэй
Шанхайн "Ян'ан" давхар зам
Давхар замыг анх XX зууны эхэн үед АНУ-д ашиглаж эхэлсэн бөгөөд өдгөө Энэтхэг, Хятад, Америк, Япон зэрэг оронд түгээмэл ашигладаг.
Давхар замын нэг км тутмыг загвар хийц, орчин нөхцөлөөс шалтгаалж 30-450 сая ам.доллараар барьдаг байна. Жишээ нь Шотландын хурдны замын агентлагийн мэдээлснээр 1 км-ыг дунджаар 90 сая ам.доллараар барьдаг бол Энэтхэгийн Бенгалуру хотын замын нэг км-ыг 437 сая ам.доллараар барьжээ.
Бангалор хурдны зам
Бенгалуру хотын 9.9 км урттай, 17 метрийн өндөрт байрладаг “Бангалор” замыг дөрвөн жилийн турш барьсны эцэст 2010 онд ашиглалтад орсон байна.
Харин Монгол улсад барих гэж буй “Тэнгэрийн тойрог”-ийн нэг км тутмыг ойролцоогоор 61.5 сая ам.доллараар барихаар төлөвлөсөн. Уг замаар зорчих жолооч 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж төлж зургаан жилийн дотор зээл, зээлийн хүүгээ нөхөж 25 жил ашиглана гэж үзсэн юм.
Гаднын оронд ч мөн хөнгөлөлттэй зээл, концессоор барьсан замаар зорчих жолоочоос төлбөр авдаг бөгөөд зээлийн хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй байдаг аж.
Индонез дэх 36.4 км урттай давхар зам
Давхар замаар авто замын түгжрэлээ шийдсэн олон орон байдгийн нэг жишээ нь Япон улс. Японы нийслэл Токио хотын түгжрэлийг шийдэхийн тулд 1962 оноос эхлэн замыг эрчимтэйгээр газар доогуур болон хоёрдугаар түвшинд барьж эхэлсэн ба ямар ч зогсолтгүй явуулахын тулд урсгал бүрийг уулзуулахгүйгээр хийсэн байдаг.
Японы Шуто хурдны зам
Тухайлбал Токио хот дахь 230 км урттай Шуто цогцолбор замын дунд 30 км урттай өргөгдсөн зам байрладаг байна.
Шанхайн хурдны зам
Мөн ийм төрлийн замууд дундаа Хятадын Шанхай хот дахь 15 км урттай “Ян’ан” зам илүү алдартай. 1995 оноос хойш хөгжүүлсээр ирсэн уг зам алдарт Жеймс Бондын кинонд гардаг байна.