Covid-19 халдварын улмаас улс оронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгч уриалга гаргаж 0-12 насны хүүхэд эхчүүдэд цалинтай чөлөө олгож, гэрээсээ ажлаа хийх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг уриалсан. Энэ хүрээнд Мэдээллийн тэргүүлэгч 1900-1950 лавлахын хамт олон операторуудаа гэрээсээ ажлаа хийх боломжийг бүрдүүлсэн талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Дээрх мэдээллийн дагуу тус лавлахын гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
“Утасны цаана хүүхдийн дуу гарвал та битгий гайхаарай. Тэд гэрээсээ ажлаа хийж байгаа юм шүү” гэх 1900-1950 лавлахын мэдээлэл цахим орчинд 500 мянга гаруй хандалтыг авсан байна лээ. Танай байгууллагад эмэгтэй ажилчид дийлэнх хувийг эзэлдэг гэж сонссон?
Би саяхан нэг нийтлэл уншсан юм. Энэ цаг үед түүхэндээ хамгийн олон хүн нэгэн зэрэг зайнаас ажиллаж буйг гэрчилж байгаа тухай. Дэлхий нийтэд цар тахал гэгдээд байгаа COVID-19 вирус халдварын үед зайнаас ажиллаж буй хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Манай улсад ч гэсэн зарим байгууллагууд зайнаас ажиллах горимд шилжээд байна. Төр засгаас ч ингэж ажиллахыг уриалаад байгаа.
Манай байгууллагын дийлэнх хувь нь эмэгтэйчүүд тэр дундаа бага насны хүүхэдтэй эхчүүд ажилладаг. Мэдээлэл харилцаа холбооны салбарт ажилладгийн хувьд шинэ техник, технологиудыг байнга судалж өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн. Хоёр жилийн өмнөөс бид үйл ажиллагаандаа үүлэн тооцооллын аргыг судалж туршиж эхэлсэн. Үүлэн технологийг ашиглан энэ цаг үед зарим бага насны хүүхэдтэй ажилчиддаа гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Ингэснээр ажилтнууд маань хорио цээрийн үед гэрээсээ ажиллаж, халдвар эрсдэлээс өөрийгөө найдвартай хамгаалж, сэтгэл амар тайван, ажилтай орлоготой ажиллах боломжийг бүрдсэн. Тэр ч утгаараа хэрэглэгчдэдээ “Утасны цаана хүүхдийн дуу гарвал та битгий гайхаарай. Тэд гэрээсээ ажлаа хийж байгаа юм шүү” гэх мессежийг хүргүүлсэн.
Зайнаас буюу гэрээсээ ажиллахыг танай байгууллагын ажилчид хэрхэн хүлээж авч байна вэ. Давуу тал үр дүн ажиглагдаж байна уу?
Зайнаас буюу гэрээсээ ажиллагсдыг дижитал нүүдэлчид гэж нэрлээд байгаа. Зайнаас үр дүнтэй ажиллахад анхаарах зүйлс цөөнгүй байдаг. Үүний нэг чухал зүйл бол технологийн шийдлүүд юм. Энэхүү дижитал шилжилтийг хийж, бүтээмжээ өндөрсгөхийг хүсвэл хэрэгцээт програмуудаа судалж тогтоон, түүнийгээ хэрэглээ болгох нь чухал. Сүүлийн үед гарч байгаа старт-ап компаниуд маань дижитал технологи дээр суурилсан онцлог бүтээгдэхүүн үйлчилгээгээр өрсөлдөж зах зээлд амжилттай гаргаж байна. Үүнийг манай компаниуд өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж судлах хэрэгтэй би гэж боддог. Ингэснээр шинэ гарч ирж байгаа старт-ап компаниудаа дэмжих мөн эргээд өөрийн компанидаа технологийн давуу талыг нэвтрүүлж ажлаа хөнгөвчлөх боломж бий болох юм. Мэдээж ажилчдын хувьд зайнаас ажиллахдаа ихээхэн сэтгэл ханамж авдаг. Үр дүнд нь тэд илүү урам зоригтойгоор, бүтээлчээр ажилладаг.Зайнаас ажиллагсад жирийн ажилчидтай харьцуулахад илүү бүтээмжтэй ажилладаг, үр дүн нь өндөр гардгийг сүүлийн үеийн бүх судалгаанууд гаргаад байгаа.
1900-1950 лавлахын операторууд гэрээсээ ажиллаж байна гэх мэдээллийн дор маш их эерэг сэтгэгдлүүд ирсэн байсан.
Баярлалаа. Энэ үйл ажиллагааг олон нийт дэмжиж, ам сайтай байгаад баяртай байна. Нийгмээрээ айдаст автаад байгаа энэ цаг үед эерэг мэдээлэл түгээж хэрэглэгч, үйлчлүүлэгч нараасаа сайшаал магтаал сонсох нь бидний хувьд ч ихээхэн урам зориг өгч байна. Нээрээ л таныг залгахад харилцуурын цаана хүүхдийн дуу гарч байвал битгий гайхаарай /инээв/ Манай ажилчид гэрээсээ танд лавлагаа, мэдээлэл өгч ажиллаж байгаа юм шүү. Цаашдаа бид энэхүү зайнаас ажиллах технологийг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх боломжуудыг судалж байна.
Сэтгэгдлүүд дунд танай компанид ажилд орох хүсэлтээ ч илэрхийлсэн хүн байсан
Манай компани нийгмийн хариуцлагын бодлогоо төлөвлөн үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг. Энэ жил 1900-1950 мэдээллийн лавлахын 15 жилийн ойн тохиож байна. Ойн хүрээнд 2020 онд баримтлах нийгмийн бодлогоо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд зориулахаар төлөвлөөд байна. Үүний нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор дээрх зайнаас ажиллах ажлын байрыг бий болгохоор судалж байгаа явдал юм.
Өнөө үед компаниуд дижитал технологийг ашиглан орон зай, цаг хугацааг үл хамааран илүү үр бүтээмжтэй ажиллах боломжуудыг нэвтрүүлсээр байна. Энэ нь ажил олгогчдод ч гэсэн дэлхийн хаанаас ч сайн мэргэжилтэн сонгох асар том зах зээлийг нээж байна. Заавал өөрийн нутаг орондоо баригдалгүйгээр, эсвэл гадаадаас хэт өндөр цалин амлаж хүн авчирна гэж туйлшралгүйгээр сонголтоо хийнэ гэдэг нь маш том боломж. Дэлхий "хавтгай" болчихсон гэдэг дээ./инээв/
1900-1950 мэдээллийн лавлах нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй лавлагаа мэдээлэл өгч байгаа гэсэн. Энэ талаар жаахан дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ цаг үед манай лавлахын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тодорхой хэмжээний ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Тухайлбал бид 1800-1950 энгийн утасны тарифт тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Ингэснээр хэрэглэгчид маань төлбөртэй утсаар асууж лавладаг байсан зарим үйлчилгээнүүдээ дээрх дугаар руу залган үнэгүй лавлаж асуух, боломж бүрдэж байна гэсэн үг юм.
Үнэгүй дуудлагад ямар үйлчилгээнүүд багтах вэ. Тодорхой хугацаа бий юу?
Юуны түрүүнд бид цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан албан ёсны эх сурвалж болох ЭМЯ, УОК-оос гаргасан шийдвэрүүд, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Хэрэглэгчдийн хамгийн ихээр асууж үйлчлүүлдэг. Такси дуудлагын үйлчилгээ болон пицца захиалга, хүргэлтийн үйлчилгээг 1800-1950 дугаарт холбогдон авах боломжтой. Мөн Коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй энэ үед урьдчилан сэргийлж амьдарч буй орчиндоо ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийх нь нэн чухал гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн. Тиймээс ариутгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ эрхэлдэг эрүүл мэндийн яамны албан ёсны зөвшөөрөлтэй 30 гаруй аж ахуй нэгж байгууллагын мэдээллийг энэхүү тусгай дугаараас авах боломжтой.
Цаашлаад хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээ болсон мөн таны цаг хугацааг хэмнэх дуудлагын үйлчилгээнүүд багтаж байгаа. Бүх төрлийн гэр ахуйн засвар үйлчилгээ, гэр орон цэвэрлэх үйлчилгээ, дуудлагын машин засвар, дуудлагын хоол хүргэлтийн үйлчилгээ зэрэг 50 гаруй дуудлагаар үйлчлэх байгууллагын мэдээллийг гэрээсээ гаралгүй 1800-1950 тусгай дугаарт холбогдож ҮНЭГҮЙ асууж лавлах боломжийг бүрдүүлсэн. Хамгийн гол нь бид эдгээр харилцагч байгууллагууддаа ариун цэвэр халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч маск бээлийтэй үйлчлэх шаардлагуудыг тавьж ажиллаж байгаа. Энэхүү үйлчилгээ маань 3-р сарын 30 хүртэл хугацаанд үргэлжилнэ.
Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд олон таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй танай хамт олонд ажлын амжилт хүсье
Баярлалаа. Эна дашрамд дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн халдварын үед та бүхэн хувийн ариун цэврийг маш сайн сахиж гараа тогтмол угааж, амны хаалт хэрэглэж, халуун бүлээн усыг ойр ойрхон уух, албан ёсны эх сурвалжтай мэдээ мэдээллийг авч элдэв сөрөг мэдээлэлд авталгүй, айж сандарч дархлаагаа унагахгүй байх зэрэг маш энгийн баримтлах эрүүл мэндийг зөвлөмжүүдийг дагаж хэвшихийг уриалж байна.