Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын улмаас хүнд байдалд ороод буй компаниудаа дэмжихээр 335 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний банкны зээлд Засгийн газрын баталгаа олгохоо мэдэгдлээ.
Түүнчлэн татвар, нийгмийн даатгалын төлбөрөөс чөлөөлж, зээлийн эргэн төлөлтийг нь хойшлуулахад дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Мөн зорчих хөдөлгөөнд хоёр долоо хоногийн хугацаанд өндөр хяналт тогтоож, халдварын гол бүсүүдэд орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоожээ. Даваа гарагт хийсэн телевизийн мэдэгдэлдээ тэрбээр “Одоо явуулж буй бүх шинэчлэл, реформуудаа хойшлуулж, шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварыг дарахад анхаарна" гэдгээ илэрхийлсэн байна.
Эммануэль Макрон
“Бид дайны нөхцөл байдалтай тулгараад байна. Бүх Засгийн газар, Парламентууд халдварын эсрэг анхаарлаа хандуулах шаардлагатай. Бид үүнтэй өдөр, шөнөгүй тэмцэж байгаа учир өөр юунд ч сатаарах учиргүй. Тиймээс төлөвлөсөн реформууд, ялангуяа тэтгэврийн шинэчлэлийг хойшлуулж байна" гэж мэдэгдлээ.
Энэхүү мэдэгдлээс өмнө “Их 7”-ийн удирдагчид “Хоорондоо илүү нягт, уялдаа холбоотой ажиллах замаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд бэлэн байна” хэмээн хамтарсан мэдэгдэлдээ онцлоод байсан юм.
Эх сурвалж: bloombergtv.mn