Улс орны бодлогын хүрээнд гадаад зах зээлд хандив тусламжаа гар таталгүй сунгаж чадсан монголчууд бид "ДОТООДДОО ГАРАА СУНГАХ" хэрэгтэй байгааг "БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО"-ноос уриалж "Үндэсний үйлдвэр-Монголын баялаг" гэсэн уриатай “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН СЭТГЭЛИЙН ДЭМ” хандивын аяныг өрнүүлээд байсан. Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор аж ахуй нэгж албан байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ хумигдаж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон ч гэлээ тэд хэрэгтэй цагт улс орноосоо гарт таталгүй, өөрсдийнхөө боломжоор хандивын аянд оролцож байлаа. Энэхүү аянд “Гэрэлт шонхор” ХХК, “Хадат мандал” ХХК, “Билгүүн сайн хөнжил” ХХК, ББДХ-ны БЗД-ийн салбар хороо бэлэн бус хандиваар оролцож, өөрсдийн үйлдвэрлэлээр улсдаа хувь нэмрээ оруулсан бол зарим баялаг бүтээгчид мөнгөн хэлбэрээр хандив өргөж байлаа.
Хэдийгээр энэ өвчний эсрэг МУ-ын ҮАБЗ, Засгийн газар, ЭМЯ, Улсын онцгой комисс, Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажиллаж байгаа хэдий ч цаашид энэ өвчнийг анагаах тарилга гарахгүй энэ хэвээр удвал улс орны эдийн засагт хүндрэл учрах аюултай нөхцөл үүсээд буй. Тиймээс баялаг бүтээгчид хандив өргөн, тусгаарлагдсан иргэдийн байрлаж байгаа эмнэлэгт дулаан хөнжил хүргүүлэх, халуун цайг нь хүргүүлэх ажлыг манлайлан зохион байгууллаа.
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ийнхүү улс орныхоо хүнд үед нэгдэж, өөрсдийн хувь нэмрээ орууллаа. Цаашид эрүүл мэнд эрхэм баян гэдгийг санаж хүнд бүр хариуцлагатай байхыг ч мөн сануулж байлаа.