Дорноговь аймгийн Онцгой комиссоос хөл хорио тогтоосон тул хаваржилт хүндэрсэн сумдын өрхүүдэд олгох өвс, тэжээлийн тусламжийг өрх бүрд нь хүргэж өгөх шийдвэрийг гаргажээ. Иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд айл өрх бүрт, жижиг ачааны тэргээр өвс, тэжээлийг хүргэж өгөх ажлыг зохион байгуулах шийдвэрийг өнөөдөр гаргасан гэж тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хаваржилт хүндэрсэн, цаашид хүндэрч болзошгүй сумдад өвс, тэжээлийн тусламж хүргэхээр болсон.
Тус аймагт нийт 190 тн өвс, 260 тн тэжээлийг 14 сумын малчдад хүргэх бөгөөд малын тоо толгойноос хамааруулан тусламж үзүүлэх юм байна.
Эх сурвалж: tug.mn