Энэ долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар коронавирустэй холбоотой эдийн засгийн авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээлэлдээ Монголбанкны бодлого Засгийн газрынхтай нийцэж байгааг илэрхийлээд арилжааны банкууд төр, засгаас явуулж байгаа бодлогыг ойлгож, аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудтай уялдуулан уян хатан шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Тодруулбал, мөнгөний бодлогын хүүг 1 хувиар бууруулж,мөн арилжааны банкуудын нөөцийн хэмжээг 2 функтээр бууруулснаар арилжааны банкууд зээлийн бүтээгдэхүүн дээрээ уян хатан шийдвэр гаргах боломжтой гэж засгийн газраас үзэж буй юм. Өөрөөр хэлбэл төр бодлогоор зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж тодорхойлсон.
Тэгвэл эдийн засгийн зогсонги байдал үүссэн энэ үед орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдээс “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг төр, засгийн зүгээс хэрхэн шийдвэрлэх талаар асуулт, санал, хүсэлтүүд ирүүлсэн байна. Тиймээс “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос зээлийн хүүгийн асуудалд уян хатан шийдвэр гаргахыг хүсч Монголын банкны холбоо болон арилжааны 14 банкинд санал хүргүүллээ.
Санал хүргүүлэх тухай
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Covid-19” халдварыг “PANDEMIC” буюу цар тахлын хэмжээнд хүрснийг зарлалаа. Манай улсад ч тус халдварын анхны тохиолдол 2020.03.10 өдөр бүртгэгдэж, УОК-иос хөл хорионы хугацааг сунгаж, нийслэлийн хэмжээнд гэхэд л Засаг даргын А/333 тоот захирамжийн хүрээнд 4828 ААН байгууллагын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.
Монгол Улсын ҮАБЗ-ийн 2020.01.31-ний өдрийн 01/01 тоот “Хилийн боомтыг түр хаах тухай” зөвлөмжийн дагуу хилийн боомтуудыг хаагаад байна. Гамшгийн үед хамгийн эмзэг, эрсдэлтэй салбар бол ЖДҮ эрхлэгчид юм.
Тэр ч утгаараа “Covid-19” халдварын улмаас манай улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдээс “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг төр, засгийн зүгээс хэрхэн шийдвэрлэх талаар асуулт, санал, хүсэлтүүд өдөр бүр ирсээр байна.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Онц байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалтыг үндэслэн тус холбоо ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажлын байрыг хадгалах бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Иймд та бүхнийг энэ цаг үед дэлхийн улс оронд тархсан халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдэлийг бууруулах зорилгоор нийгэмд тулгарч буй олон асуудлуудыг шийдэхэд санаачлага гарган хүн амын болоод эдийн засгийн өсөлт, хөгжилтэй үйл ажиллагаагаа уялдуулж, Монгол орны 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдээс ирүүлж буй саналыг хүлээн авч, нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоодод олгосон зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү алдангиас чөлөөлөх, сэргээн босголтын үеийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах саналыг хүргүүлж байна.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД - МОНГОЛЫН БАЯЛАГ
Хүндэтгэсэн,
ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР