Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар өнөөдөр хэлэлцлээ.
“Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам” нь зургаан бүлэг 60 зүйлтэй бөгөөд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдаж байжээ.
Тус журмын дагуу нийслэлийн 26 байршил, 78 хэсэгчилсэн талбайд 35 байгууллага төсөл хэрэгжүүлэх эрхтэй аж.
Журмын хэрэгжилтэд дүгнэлт хийж, нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор нийслэлийн харъяа дөрөв, төсөл хэрэгжүүлэгч 41 байгууллагад албан бичиг хүргүүлж, төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлаар нь санал авахад "Тухайн газрын өмчлөгтэй тохиролцоонд хүрч чаддаггүй, дахин төлөвлөлтийн төслийн орон сууцны борлуулалт бага, худалдан авалт муу" зэрэг шалтгаануудыг хэлсэн гэж нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай хэлэв.
Иймд дээрх шалтгаан нөхцлийг шийдвэрлэх зорилгоор “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-д хоёр өөрчлөлт, 10 нэмэлт заалт оруулахаар ажлын хэсэг боловсруулсан байна.
Зөвлөлийн гишүүд уг журамд орж буй нэмэлт өөрчлөлтүүдэд санал солилцоод дараагийн хуралдаанд дахин хэлэлцэхээр тогтсон бөгөөд үргэлжлүүлэн Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хэлэлцсэн юм.
Яармагийн гэр хорооллын бүс нь нам давхрын сууцны хороолол болохоос гадна гол гудамж замууд нь дундаж давхрын орон сууц, худалдаа үйлчилгээний барилга байгууламжууд байгуулагдахаар төлөвлөгджээ.
Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гэр хорооллыг хамран байрлах 5,475 нэгж талбар бүхий 268 га гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах юм байна.
Нийт талбайг зургаан хэсэгчилсэн талбайд хувааж дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх бөгөөд 40,200 хүн амтай, 11,100 өрх амьдрах, 7,680 хүүхдийн суудалтай ерөнхий сургууль, 2,880 хүүхдийн цэцэрлэг, 770 ортой эмнэлэг байхаар төлөвлөж байгаа талаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр мэдээллээ.
Дээрх асуудлуудыг дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхийг зөвлөлийн гишүүд дэмжлээ.
Эх сурвалж: ikon.mn