КОБАЯШИ ХИРОЮКИ: Аж үйлдвэрийг төрөлжүүлж, хүчирхэг эдийн засагтай болох нь монголчуудын хувьд чухал
Япон Улсаас Монголд гурав дахь удаагаа томилогдон ажиллаж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитэй ярилцлаа. Тэрбээр биднийг илүү хөдөлмөрлөх шаардлагатайг сануулахын зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд хичээж буйгаа илэрхийлсэн. Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг хүлээн авч уулзахдаа Монголын талаар сайн мэддэг хэмээн сайшааж байсан юм. Манай орны байгалийн үзэсгэлэнт газруудын зургийг Элчин сайд өрөөнийхөө хананд өлгөж, Увс аймгийн Хархираа Түргэний уулс хэмээсэн нь манай орны талаар сайн мэддэгээ харуулав.
-Та Монголд томилогдон ирээд гурван сар гаруй болж байна. Удаан хугацааны дараа Монголд дахин ажиллаж, амьдрах ямар байна вэ?
-Би Монголд анх 1985 онд ирж, дөрвөн жилийн турш буюу 1989 он хүртэл ажиллаж, амьдарсан. Монголын өөрчлөлтийг мэдэх суурь энэ үеэс эхлэлтэй. Харин 2005-2008 онд хоёр дахь удаагаа томилогдон ирэхэд агаарын бохирдол асуудал болсон байв. Үүнийг эс тооцвол их сайхан цаг үед ажиллаж амьдрах завшаан тохиожээ. Түүнчлэн 2019 онд гурав дахь удаагийн томилолтоор ирээд замын хөдөлгөөний түгжрэлийг хараад их гайхсан ч Улаанбаатар хот өмнөхөөсөө үнэхээр хөгжжээ. Шинэ төрлийн коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн улмаас Элчин сайдын яамны үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болоод байгаа. Гэсэн ч Монголын ард түмэн намайг халуун дотно хүлээн авч, ажлаа амжилттай эхлүүлж чадсандаа баяртай байна.
-Таны өмнө нь томилогдон ажиллаж байсан АНУ-тай харьцуулахад Монгол огт өөр байгаа болов уу. Монголчууд Америк, Японоос юу сурч, мэдэж болно гэж боддог талаараа хуваалцана уу?
-Би зөвхөн Монгол, Америкт л дипломатчаар томилогдон ажилласан. Америкийн Чикаго дахь Япон Улсын Ерөнхий консулын газар, Вашингтон хот дахь Япон Улсын Элчин сайдын яам, Нэшвилл дэх Япон Улсын Ерөнхий консулын газарт ажилласнаас гадна Индианагийн их сургуульд нэг жилийн турш монгол хэл сурсан. Ингээд тооцвол Америкийн дөрвөн газарт амьдарчээ. Япон бол Монгол шиг байгалийн арвин нөөц баялагтай улс биш. Дэлхийн II дайны дараа бидний өвөг дээдсээс авхуулаад өдий хүртэл маш олон хүн хүчин чармайлт гарган, сэргээн босгож, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэсний үр дүнд Азидаа ардчилал, чөлөөт зах зээлийн туршлагатай орон болсон. Бидний туршлага Монголын цаашдын хөгжил, цэцэглэлтэд үлгэр жишээ болно гэж боддог. Өмнөх томилолтоороо хариуцаж байсан АНУ-ын таван мужийн дотор Арканзас, Кентакки, Теннисси муж улс нь далайд гарцгүй ч дэд бүтцээ сайн хөгжүүлсэн байдаг. Энэ мэт нийгмийн хөгжлөөс нь монголчууд жишээ авч болохоор санагдсан.
-Монгол, Япон Улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) -ийг 2016 онд байгуулснаас хойш танай улс руу чиглэсэн экспортын хэмжээ тийм ч сайн нэмэгдээгүй хэмээн хүмүүс шүүмжилдэг. Энэ талаарх таны байр суурийг сонирхмоор санагдлаа.
-Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараах хоёр орны худалдаанд гарсан өөрчлөлтийг харахад Японоос Монгол руу чиглэсэн экспорт нь Монголоос Япон руу чиглэсэн экспортын хэмжээнээс ихээхэн даваад буй. Уг хэлэлцээрийг хийснээр Японы тал илүү ашиг хүртэх болсон гэж монгол хүмүүс ярих нь бий. Манай улсаас Монгол руу автомашин, уул уурхайн машин механизм зэргийг экспортолж байгаа. Харин Монголоос Япон руу голчлон ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн, жонш зэргийг экспортолдог. Хоёр орны гадаад худалдаа тэнцвэртэй байх нь зүйтэй. Гэсэн хэдий ч хамгийн чухал нь Монголын гадаад худалдаа ерөнхийдөө ашигтай байх явдал юм. Хятад руу чиглэсэн экспорт их байгаа учраас Монголын гадаад худалдааны тэнцэл ашигтай буй. Ингэж ашиг хүртэхэд нь Японоос Монголд импортлон оруулж ирсэн уул уурхайн машин механизм хувь нэмрээ оруулж буйг сайн ойлгоосой гэж хүсэж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар гадаад худалдаа аяндаа нэмэгдэхгүй.
Монголоос Япон руу чиглэсэн экспортыг нэмэгдүүлэхийн тулд манай орны зах зээлд эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүнээ олж, нийлүүлэх нь чухал. Үүний тулд Монголын аж ахуйн нэгжүүд өөрсдөө хичээл зүтгэл гарган ажиллах хэрэгтэй. Монголчуудын ихэнх нь хэдэн зуун төрлийн автомашинаас яагаад заавал “Приус”-ийг түлхүү сонгож байгаа юм бол оо. Учир нь монголчууд энэ автомашины үнэ цэнийг мэдэж, үнэлсэн гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл, монголчууд Япон болон гадаадын орнуудын хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах, эсэх нь чухал. Монгол бол байгалийн баялаг, мал, малын гаралтай бүтээгдэхүүн зэрэг түүхий эдийн арвин нөөцтэй. Харин бид энэ мэт түүхий эдийн тээврийн зардлыг нь оролцуулан илүү хямд үнээр өөр улсаас худалдан авч чадна. Иймд эдгээр түүхий эдийг гадаад орныхтой харьцуулж, давуу тал бий болгох нь чухал. Япончууд Монголын сайн чанарын бараа бүтээгдэхүүнийг нандигнан хэрэглэдэг болоход Элчин сайдын зүгээс юу хийж чадахаа бодож байгаа. Монголын аж ахуйн нэгжүүдийн хүчин чармайлтыг нь ч хөндлөнгөөс дэмжиж, ноолуурыг орлох дараагийн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахыг хүсэн, хүлээж байна.
-Монголчууд малын түүхий эдээс гаргаж авсан гоо сайхны болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн экспортлох нь оновчтой алхам гэж үзэх нь бий. Эдгээр бүтээгдэхүүнийг Японд экспортлоход дэмжлэг үзүүлдэг үү. Ийм бүтээгдэхүүн танай орны зах зээлд нийлүүлэх боломж хэр байдаг юм бол?
-Та их зөв асуулт тавилаа. Экспорт, импортыг хялбарчлахын тулд хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх нь манай хоёр орны Засгийн газрын үүрэг. Япон Улсын Засгийн газар аж ахуйн нэгж, хэрэглэгчдэдээ Монголын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг шаардах эрхгүй. Тиймээс Монголын аж ахуйн нэгж, байгууллагынхан Японы зах зээлд эрэлттэй байгаа бараа, бүтээгдэхүүнийг олж, экспортлох нь нэн чухал юм. Монгол бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, эсэх нь Японы хэрэглэгчдийн шийдэх асуудал шүү дээ. Монголынхтой ижил чанартай бараа, бүтээгдэхүүнийг гадаадын өөр орны аж ахуйн нэгж үйлдвэрлэж, импортолж байгаа тохиолдолд япончууд тээврийн зардал нь багтсан хямд үнэтэйг нь л сонгож таарна. Гэхдээ байгалийн гаралтай, мал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боломж монголчуудад их байна. ЖАЙКА-гийн дэмжлэг дор үйл ажиллагаагаа явуулдаг Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөр дамжуулан, Японд зохион байгуулдаг хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнд чацарганы ундаа, хушны самрын тос зэргийг гаргаж, зах зээлээ олж, танигдаж эхэлж байна. Нөгөөтээгүүр, Монголд шүлхий өвчин гарах эрсдэл өндөр тул япончууд салаа туурайтны түүхий мах импортолдоггүй. Мөн ийм мах боловсруулах стандартыг хангаагүй бол Японд импортлох боломжгүй.
-Манай улсын эдийн засаг 2000-аад оны эхээр хурдацтай өссөн боловч сүүлийн үед тийм ч таатай биш байгаа гэж судлаачид үздэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд Монгол Улсад цаашид юу шаардлагатай вэ?
-Монгол Улс 1990 оны үед чөлөөт эдийн засагт шилжиж, зэс, нүүрс, алт гэх мэт байгалийн баялгаа олборлон, экспортод түшиглэсэн эдийн засгаа хөгжүүлж иржээ. Энэ нь байгалийн баялаггүй манай орны хувьд үнэхээр атаархмаар. Гэхдээ байгалийн баялаг олборлоход цаг хугацаа чухал. Зах зээлд үнэ нь хэлбэлзэж, ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолдог байх шаардлагатай. Түүнчлэн байгалийн баялаг хэзээ нэгэн цагт шавхагдан дуусахыг ойлгож, экспортоос хуримтлуулсан орлогоороо Монголын ирээдүйг хэрхэн авч явах талаар тунгаах нь чухал. Зөвхөн байгалийн баялгаас хараат эдийн засгийн тогтолцоо нь туйлын эмзэг. Тиймээс аж үйлдвэрийг төрөлжүүлж, хүчирхэг эдийн засагтай болох нь монголчуудын хувьд чухал. Үүний зэрэгцээ эдийн засгийг хөдөлгөгч хүч болох боловсон хүчнээ бэлтгэж, боловсролын салбарт хөрөнгө оруулах шаардлагатай нь мэдээж. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт бол ашиг хүртэх л зорилготой. Ашиггүй хөрөнгө оруулалт байх учиргүй.
Гадаадын хөрөнгө оруулалтаар уул уурхайгаас баялаг олборлож байгааг сайтар ойлгож, үүнийгээ үр дүнтэй ашиглах нь зүйтэй. Өмнө нь томилогдон ажилласан Нэшвилл дэх Япон Улсын Ерөнхий консулын газрын хариуцдаг Кентакки муж дахь “Тоёота” компанийн үйлдвэрт ойролцоогоор 9000, Теннесси муж дахь “Ниссан”-ы үйлдвэрт 7000 орчим америк хүн ажиллаж байна. Тэд тухайн газрынхаа соёлтой танилцаж, техник, технологи эзэмшиж буй. Энэ мужууд гадаадын аж ахуйн нэгжийг нэлээд чухалчилж, Японоос илүү их хөрөнгө оруулалт авч байгаа нь Монгол дахь нөхцөлөөс ялгаатай. Санаа амар хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлэхийг гадаадын аж ахуйн нэгжүүд Монголын төрөөс хүсэж буй болов уу. Жишээ татахад, Оюутолгойн орд бол дэлхийд тун цөөнд тооцогдох хамгийн аюулгүй, ашигтай уурхайн нэг. Монгол ажилчид дэлхийд тэргүүлэх томоохон аж ахуйн нэгжийн технологи, менежментээс суралцаж чадах сайн сургууль болж байгаагийн хамт холбогдох аж үйлдвэрийн салбартаа ч эерэг үр нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр цаашид Монгол Улсын Засгийн газар Оюу толгой компани болон гадаадын хөрөнгө оруулагчдад анхаарал хандуулж буй эсэх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадах, үгүйд нөлөөлнө.
-Манай улсын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай. Харин Япон улс техник, технологийн салбараараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг. Техник технологийн салбар дахь хоёр орны харилцаа ямар түвшинд байдаг вэ, цаашид япончуудаас туршлага хуримтлуулах, тухайлбал, Тоёотагийн авто машины сэлбэгийн үйлдвэр Монголд байгуулах зэргээр харилцан ашигтай ажиллах боломжтой юу?
-Монголын орчин нөхцөлийг үнэлж, хөрөнгө оруулалт хийх, эсэхийг Японы Засгийн газар биш, аж ахуйн нэгж шийднэ. Манай улсын Засгийн газар Японы аж ахуйн нэгжээс хөрөнгө оруулалт хийхийг хүсэх эрхгүй. Монгол Улс бол 3.2 сая орчим хүн амтай, жижиг зах зээлтэй. Гэсэн ч автомашин үйлдвэрлэдэг Японы томоохон аж ахуйн нэгжүүдээс хөрөнгө оруулалт татах хүсэлтэй бол Хятад, Орос, төв Азийн зах зээлийг сайтар судлах шаардлагатай. Ташрамд дурдахад, Японы хөрөнгө оруулалттай, амжилттай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нэг бол “Мобиком” корпорац. Цаашид тус корпорацынхан техник, технологийн салбарт олон төсөл хэрэгжүүлж, Монгол төдийгүй гадаадын олон оронд түүнийгээ өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой болов уу. Монголд хөрөнгө оруулагч бусад аж ахуйн нэгжүүд ч танайд үр ашгаа өгч байгаа.
-Японы дэмжлэгтэй барьсан шинэ нисэх онгоцны буудал тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Монгол Улсын хувьд уг нисэх онгоцны буудал стратегийн ямар ач холбогдолтойг тайлбарлаж өгнө үү?
-Тус шинэ нисэх онгоцны буудалтай хэдхэн хоногийн өмнө танилцаад ирлээ. Олон төрлийн үүрэг гүйцэтгэх чадвартай, гайхамшигтай байгууламж болжээ. Би 2005-2008 онд Монгол дахь Японы Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байх үед шинэ нисэх онгоцны буудлын төслийг хэрэгжүүлэхэд, иений хөнгөлөлттэй зээл олгох ажлын хэсэгт байсан хүний хувьд ирэх долдугаар сарын 1-нд нээлтээ хийхийг нь тэсэн ядан хүлээж байна. Түүнчлэн шинэ нисэх онгоцны буудлын менежментийн хэрэгжилтэд Японы консорциум оролцож байгаа. Энэ нь өмнө хэлсэнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын нэг жишээ бөгөөд олон талаар Монголд ашиг тусаа өгөх нь лавтай. Монголын эдийн засгийн хөгжилд шинэ нисэх онгоцны буудал ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Салхины чиглэлийн нөлөөнөөс онгоцны бууж, хөөрөх хугацааг хойшлуулах тохиолдол багасаж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулан, агаарын харилцаа улам бүр өргөжин тэлэх боломжийг бүрдүүлнэ. Агаарын замаар ирж очих хүмүүсийн тоо, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдэхийн зэрэгцээ цаашид нисэх онгоцын буудлыг төв болгон Монголын аж үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлж, дэд бүтэц, зам (авто зам, төмөр зам)-ын бүтээн байгуулалтын ажил ч хийнэ гэдэгт итгэлтэй байна.
-Токиогийн олимпыг зохион байгуулах, эсэх талаар эргэлзээтэй мэдээллүүд гарч байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Токиогийн олимп, паралимпийг зохион байгуулах хороо, Токио хот, Олон улсын олимпын хорооныхон төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлаа бүрэн хангаж байгаа. Гайхалтай наадам зохион байгуулахын тулд холбогдох албаны хүмүүс нөөц бололцоогоо дайчлан бүхий л чадлаараа хичээж байна. Энэ олимп амжилттай болбол зөвхөн Токио төдийгүй Азийн бүхий л оронд сайн нөлөө үзүүлнэ. Мөн Япон Улс Монголтой ойрхон учраас Монголын баг, тамирчид гайхалтай амжилт гаргана хэмээн найдаж буй.
-Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2022 онд тэмдэглэнэ. Энэ ойг угтан ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөө мэдээлж болох уу?
-Хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон ч “Ойрхон хэрнээ хол” байлаа. Японоос Монголд ирэхийн тулд эхлээд Бээжин рүү онгоцоор нисэж, тэндээсээ Улаанбаатар хүртэл 30 цагийн турш галт тэргээр явснаа эргэн саналаа л даа. Одоо бол Япон Улс Монголд дэмжлэг үзүүлэх үе өнгөрч, харилцан ашигтай, бие биенээ дэмжсэн харилцаагаа хөгжүүлж буй. Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр орон төдийгүй бүс нутаг, олон улсын нийгэмлэг дэх харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна. Ийм харилцааг нэг өдөр бий болгочихдоггүй. Дипломат харилцаа тогтоохоос өмнөх үеэс өнөөдрийг хүртэл хоёр орны харилцааг хөгжүүлэхэд нөр их хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн хоёр орны холбогдох хүмүүст гүнээ талархаж байна. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан бид Япон, Монголын харилцааг хөгжүүлэхээр ажиллаж ирсэн Засгийн газар, бизнесийн байгууллагууд болон төрийн бус байгууллагынхантай хамтран тэмдэглэлт ойн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлээд байна. 50 жилийн ой Япон, Монголын харилцааны түүхэнд ихээхэн утга учиртай учраас бүхий л чадлаа дайчилна. Хэвлэл мэдээллийн байгууллагынхантай ч хамтрах хүсэлтэй. Япон, Монголын найрамдалт харилцааг хөгжүүлэн, бэхжүүлэх зорилготой уг арга хэмжээний талаарх та бүхний саналыг бид хүлээн авах болно.
Эх сурвалж: unuudur.mn