- Татвар төлөгчдийн олон тэрбумыг халаасалсан Х.Бат-Эрдэнийг АНУ-аас авчирч чадах уу –
Эрх баригчдыг муухай харагдуулах болсон зүйл нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас мэдээлэлд ойр байдаг давуу талаа ашиглан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээ тэтгэсэн үйлдэл. Тус сангийн хөрөнгө АН, МАН гэлтгүй, салбар хариуцаж байсан үе үеийн сайд нар өөрсдийн эрх ашигт нийцүүлэн, журамд өөрчлөлт оруулж, чанаргүй зээл олгож байсан юм. Бид энэ удаа “Алтай групп” компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн Хөгжлийн банк, ЖДҮХС зэрэг гадаадад гаргасан бонд, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн байгууллагуудаас үнийн дүндээ хүрэхгүй хөрөнгө барьцаалан зээл авч улсын санг хохироосон байж болзошгүй баримтыг уншигчдадаа хүргэе. Дараагийн удаа ЖДҮХС-г цөлмөх шийдвэр гаргасан үе үеийн сайдуудын олгосон чанаргүй зээлийн талаар нийтлэх болно.
ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛИЙГ ШҮҮХ ШИЙДЭХГҮЙ НЬ
Хөгжлийн банкнаас шаардлага хангахгүй үзүүлэлттэй аж ахуйн нэгждээ зээл авчихаад төлөлгүй хил давж алга болсон, “Алтай констракшн” компанийн гэдгээр нь олон нийт мэддэг болсон “Алтай групп”-ийн захирал Хадбаасангийн Бат-Эрдэнийн байгаа газрыг тогтоолгохын тулд АТГ-ынхан Интерполд хандсан талаар бид өнгөрсөн сарын 14-ний дугаартаа мэдээлсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг АНУ-д байгааг нь тогтоосон гэнэ. Гэвч тус улсын хууль сахиулагчид нь саатуулан манай талд хүлээлгэн өгөх эрх зүйн орчин бүрдээгүй учраас өөр ямар нэг ажиллагаа хийгээгүй аж.
“Алтай групп”-ийн Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадад бүтээгдэхүүнээ экспортлох төсөл бичиж, Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Ингэхдээ тэрбээр төрсөн ах Х.Батбаасан руу “Монгол драй милк” компани компанийн хувьцааг бүгдийг нь шилжүүлж, цааш нь дээрх группийн ажилтан Э.Эрдэнэбилэг гэх залуугийн нэр дээр дахин бүх хувьцааг нь шилжүүлэн өгсөн нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогдсон байдаг. Мөн Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь бүгд “Алтай групп” болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийнх байсан нь ч илэрхий болсон. Гэвч тус банканд барьцаалсан хөрөнгө нь зээлсэн 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа. Тиймээс “Монгол драй милк” компанийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон билээ. “Алтай групп” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ хил давж зугтсанаас болж мөрдөн шалгах ажиллагаа удааширч, банкны хүү алданги өсөх, барьцаанд буй эд хөрөнгө үнэгүйдэх зэргээр төрд асар их хохирол учирч байгаа учраас Хөгжлийн банкны санаачилгаар УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаныхан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Гэвч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэх мэдээлэл бидэнд ирлээ.
онд жилийн 9.75 хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатайгаар зээл авах хүсэлт гаргасныг Х.Бат-Эрдэнийн найз, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын дэмжлэгээр шуурхай шийдвэрлэж, гэрлийн хурдаар 15 сая ам.долларын зээл 2023 он хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар олгосон гэх хардлага зарим мэдээллийн хэрэгслээр бичсэн байдаг. Ийнхүү зээл авахдаа Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлалтай агуулахын зориулалттай газар, Яармагт байрлалтай орон сууц зэргийг барьцаалсан ч тэдгээрийн нэг бус нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй гэдгийг эх сурвалжууд баталсан юм. Өөрөөр хэлбэл, зээлийн барьцаалбарын шаардлага хангахгүй, түүгээр ч зогсохгүй хэт өндрөөр үнэлсэн объектыг барьцаанд авсан гэсэн үг. Тэгэхээр үүнд хэн нэгэн эрх мэдэлтэн л нөлөөлсөн гэх хардлага олны дунд байгаа нь арга ч үгүй биз. Өдгөө тухайн объектуудыг нь Хөгжлийн банк хураан авч зээлийн төлбөрөө барагдуулах гэхээр зээлийнхээ 10 хувьд ч хүрэхгүй үнэтэй гэнэ.
“РОЯАЛ КРОУН” 856 САЯЫН ХӨРӨНГӨ БАРЬЦААЛЖ ХОЁР ТЭРБУМЫГ ЗЭЭЛСЭН НЬ ХУУЛЬ, ЖУРАМ ЗӨРЧИВ
“С1” сувгаар хэд хоногийн өмнө гарсан “Цензургүй сурвалжилга”-ын “УИХ-Улсын их хулгайчид-3” нэвтрүүлэгт “Алтай групп” компанийн хамаарал бүхий таван аж ахуйн нэгж ЖДҮХС-гаас зээл авсан тухай өгүүлсэн. Түүндээ “Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа ЖДҮХС-гаас зээл олгох журмыг өөрчилж, УИХ-ын болон Засгийн газрын гишүүдэд жилийн гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох боломжийг нээж өгсөн. 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд Түр журам гаргах тухай Засгийн газрын тогтоол гаргаж, тус сангаас олгох зээлийн хүүг бууруулж, хэмжээг нь нэмэх өөрчлөлт оруулжээ. Үүний дараа Ж.Эрдэнэбатын найз, “Алтай констракшн”-ы Хадбаасангийн Бат-Эрдэнэ хамаарал бүхий таван компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 10 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тодруулбал, “Блю скай стар”, “Буйр лэйк тур”, “Кореасан са”, “Рояал кроун”, “Төгс шим” компани тус бүр хоёр тэрбум төгрөг авчээ. Ийнхүү 10 тэрбумыг авахдаа өөрийн найз, Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатын нөлөөг ашиглаагүй гэх баталгаа өнөөдөр байхгүй” хэмээн дурдав. Түр журам гаргах тухай Засгийн газрын дээрх тогтоолд ХХААХҮ-ийн сайд асан, хурдан морь, уяачдын холбоогоороо ч Х.Бат-Эрдэнэтэй нэгддэг П.Сэргэлэнд ЖДҮХС-гаас 35 тэрбум хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ажлыг яаралтай зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Ерөнхий сайд даалгасан байдаг.
Ийнхүү дээрх сангаас 10 тэрбум төгрөгийн зээл авахдаа мөн л шаардлага хангахгүй эд хөрөнгө барьцаанд тавьсан нь батлагдсан. Бидэнд олдсон мэдээллээр “Алтай групп”-ийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээс зөвхөн “Рояал кроун” гэх компанийнхан л гэхэд зээлийн барьцаалбараа удаа дараа өөрчилж байж. 2016 оны арванхоёрдугаар сарын 12-нд тус компани ЖДҮХС-тай 2016/3-12 дугаартай, хуурай сүүний үйлдвэр байгуулах гэрээ байгуулжээ. Хоёр тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн нутаг дахь 413.14 ам метр талбай бүхий байр, тус бүр нь 18 ам метр талбайтай хоёр авто зогсоол барьцаалсан аж. Улаанбаатар хотын V хороолол дахь 413.14 ам метр талбайтай байрын үнийг 2.8 тэрбум төгрөгөөр тогтоосон бөгөөд орон сууцын ам метрийг 6.78 сая төгрөгөөр үнэлсэн байгаа юм. Энэ нь зах зээлээс 3.3 дахин өндрөөр үнэлсэн гэсэн үг. Авто зогсоолыг ч гэсэн хоёр дахин илүү үнээр үнэлж барьцаанд авсан нь эрх мэдэлтэй хэн нэг хүний шахалт байсан гэх хардлага төрүүлнэ. Уг нь хууль, журамд зааснаар бол хоёр тэрбум төгрөгийн зээл олгохын тулд хоёр тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө барьцаалах ёстой аж. Харин дээрх барьцаалсан эд хөрөнгүүдийг нь өдгөө мөрдөж буй үнэлгээний аргачлалын дагуу тооцоход 856 сая төгрөг болж буй гэнэ. Тэгэхээр яалт ч үгүй ЖДҮХС-д эрсдэл учирч болзошгүй байгаа юм.
Ийнхүү зээлийн барьцаалбарын шаардлага хангахгүй үл хөдлөх хөрөнгө тавьчихаад есөн сарын дараа 2019 оны есдүгээр сарын 13-нд объектуудаа өөрчилжээ. Тодруулбал, дээрх орон сууц, зогсоолоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд барьж буй 10 257 ам метр талбай бүхий, 27 хувийн гүйцэтгэлтэй барилгаар сольсон байна. Харамсалтай нь, бас л хэн нэгний нөлөө байсан уу, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулахдаа 27 хувийн гүйцэтгэлтэй барилгыг нь үнэлэх ажлын хэсэг байгуулалгүйгээр шийдвэр гаргасан байгаа юм. Хууль, журам, зээлийн гэрээний заалтаа зөрчиж, хөрөнгийн үнэлгээ нь буурчихаад байхад тухайн үеийн ЖДҮХС-гийнхан юу ч дуугаралгүй өнгөрчээ.
Түүнээс хойш хоёр жил шахмын хугацаа элээсний дараа 2019 оны хоёрдугаар сарын 18-нд дахиад л барьцаа хөрөнгийг өөрчлөх шийдвэр дээрх сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан А.Амаржаргал гаргаж. Энэ удаад нийслэлээс 1100 км-ийн алсад, Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь агуулахын барилга, агуулах, үтрэм, “Касэк” гэх компанийн өмчлөлийн ажилчдын сууц барьцаалжээ. Ийнхүү барьцаалбарыг өөрчлөх болоход ЖДҮХС-гийн ажилтнууд газар дээр нь очиж объектуудыг үнэлэхэд шаардлагатай зардлаа ЖДҮХС-гаас зохих журмын дагуу гаргуулах гэтэл захирлын үүрэг гүйцэтгэгч А.Амаржаргал “Хөрөнгө гаргах боломжгүй” хэмээн газар дээр нь үзэж, судлан үнэлэх ажлыг хийлгээгүйгээс өдгөө “Рояал кроун”-ы зээлийн барьцаа шаардлага хангахгүй хэмжээнд хүрээд буй гэнэ. Уг нь ЖДҮХС болон дээрх компанийн хооронд байгуулсан Зээлийн барьцааны гэрээний 3.6 дахь хэсэгт “Барьцааны зүйл хэсэгчлэн буюу бүрэн байдалд харшлах нөхцөл үүссэн, барьцааны хөрөнгийн үнэлгээ буурсан тохиолдолд барьцаа хөрөнгийг нэмж барьцаална” гэж заажээ. Уг заалтаа зөрчсөн гэж ЖДҮХС-д 2019 оны долдугаар сард шалгалт хийсэн аудитын дүгнэлтэд дурдсан байгаа юм.
“АЛТАЙ ГРУПП”-ИЙНХЭН ТӨРИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ХУГАЦААНДАА ТӨЛӨХ ҮҮ
“Алтай групп” компанийн захирал Х.Бат-Эрдэнэтэй холбоотой өөр нэг ноцтой үйлдлийг өнөөдөр хэн ч сөхөхгүй байна. Тэр нь 2016 онд Төрийн банкнаас 30 тэрбум төгрөгийн зээл авсан явдал. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 2021 онд дуусах юм билээ. Гэвч багахан хэсгийг нь л төлсөн аж. Хугацаандаа бүрэн төлж барагдуулах, эсэх нь эргэлзээтэй, хоцорч болзошгүй гэж тус банкны нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж хэлсэн. Тус группэд дээрх хэмжээний зээлийг Төрийн банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдины хүү Б.Баттүвшингийн шийдвэрээр олгосон байдаг. Энэ зээлийнх нь барьцаа, эргэн төлөлт зэрэг нь хэр найдвартай талаар албаныхан бодит тайлбар хийх биз ээ.
Юутай ч Интерполын цэнхэр хуудсанд эрэн сурвалжилж, байгаа газрыг нь тогтоохоор болсон, “Алтай групп”-ийн тэргүүн Х.Бат-Эрдэнэ, түүний хамаарал бүхий, үл хөдлөх хөрөнгөө зээлийн барьцаанд нь тавьдаг аж ахуйн нэгжүүдийн авсан зээл нийтдээ 90-ээд тэрбум төгрөг болж байна. Татвар төлөгчдийн улсдаа тушаасан мөнгө, олон улсаас зээлсэн хөрөнгөөс шаардлага хангахгүй үл хөдлөх хөрөнгө барьцаалж авсан эдгээр үйлдлийг хууль сахиулах байгууллагын шалгаад удахгүй нэг тийш болгох нь дамжиггүй.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: mass.mn