ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ АРИЛЖААНЫ БАНКУУДЫГ МӨНГӨЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Covid-19 буюу коронавирусийн халдвартай холбоотойгоор Монголын эдийн засаг хумигдах тийшээ хандаж байгаа. Энэ дагуу өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваабаяр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн ерөнхийлөгч Амартүвшинтэй уулзалт хийж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Хөл хорио тогтоосон энэ үед эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөж байгаа салбар бол жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид юм.
Дэлхийн зарим улс оронд ЖДҮҮ-ний салбараа бодлогоор дэмжиж, тодорхой хэмжээний санхүүжилтээ энэ салбарт оруулж байна. Харин манай улсын хувьд хөл хорио тогтоохоос өөрөөр баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих, төсөв санхүүгийн алдагдал үүсэхээс нь өмнө хамгаалах ажлыг эхлүүлээгүй байгаа юм. Тиймээс дээрх төрийн бус байгууллагууд хамтран санал санаачлагаа нэгтгэлээ.
Сангийн сайд Хүрэлбаатар төсөв дахин тодотгох шаардлагагүй. Хүнд нөхцөл байдлыг даван туулах эдийн засгийн нөөц боломж бий. Ямар нэгэн эх үүсвэрээс зээл авах шаардлагагүйгээр энэ өвчний тархалтыг даван туулах боломж бий гэж байлаа. Гэвч бодит байдал дээрээ манай улсын хувьд нэн тэргүүнд бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гарах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа.
Тиймээс төсвийг дахин тодотгож арилжааны банкуудыг мөнгөжүүлэх шаардлага бий гэдэг дээр МҮХАҮТ болон ББДХ-ноос санал нэгдэж байлаа.
Өнөөдрийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоосон, тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн аж ахуй нэгжүүдийг албан татвараас чөлөөлж, нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах, албан байгууллагын түрээсийн төлбөрийг 3 сарын хугацаатайгаар 50 хүртэл хувиар бууруулах, мөн төсөвт тодотгол хийн ЖДҮХС-д хөрөнгөжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг дахин сануулж байлаа.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: mass.mn