УИХ-ын дарга Г.Занданшатар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг Монголбанкинд даатгаж, жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даатгалаа.
Мөн тэрбээр хөрш улсуудтай худалдааны хэлэлцээ хийх, экспортыг нэмэгдүүлэх, алт болон ноолуур хөтөлбөрийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.
Хуралдааны үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж байгааг хэллээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Суурь үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь ч тодорхой бус байгаа учраас төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй. Харин танхимын зүгээс гаргасан саналд тусгагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийн тодорхой хувийг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих ваучер хэлбэрээр тараах боломжийг судална. Энэ нь эдийн засгаа дэмжиж байгаа нэг арга юм" гэлээ.
Эх сурвалж: unuudur.mn