CoVid19 вирус дэлхийн 60-аад оронд тархаад байгаа энэ үед БНХАУ-тай хөрш зэргэлдээ оршдог манай улсад халдвар бүртгэгдээгүй байгаа нь сайшаалтай ч уг вирусийн тархалт буурахгүй цаашид хөл хорионы нөхцөл байдал удаан үргэлжилбэл яах вэ гэдэг асуудал Монголчууд бидэнд тулгараад байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын өдөр тутмын амь амьжиргааг залгуулдаг жижиглэн худалдаа эрхлэгчид, лангуу түрээслэгчид, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа үндсэндээ зогсоод 2 сарын нүүрийг үзлээ.
Төр засгийн шийдвэрийг хүндэтгэн дагасан бизнес эрхлэгчдийн хувьд түрээсийн төлбөр, ажилчдаа тогтоон барих цалингийн зардал, банкны зээл зэрэг урсгал зардлууд нь гарсан хэвээр байна. Гэвч үйл ажиллагааны орлого, бараа бүтээгдэхүүний татан авалт саатсаны улмаас өр төлбөрт унаж, цаашид сэхэж сэргэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэгч 50 мянга гаруй жижиг, дунд ААН, мөн бүртгэлгүй хувиараа бизнес эрхлэгч, талбай түрээслэгч 60 мянга орчим иргэн, тэнд ажиллагсад, тэдний гэр бүлийнхний болон тэднээс цалин авагчдын амьжиргаа тасрахад хүрэх эгзэгтэй нөхцөл байдал үүссэн учраас Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зээлийн хүүгийн гүйлтийг зогсоож, түрээсийн төлбөрийг хөнгөлөх, эсвэл тэглэх гэсэн уриалгыг гаргаад байгаа. Энэ дагуу өнөөдөр Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн санаачлагчид Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагуудтай ирж уулзан цаашид үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан ямар арга хэмжээ авах талаар санал солилцлоо.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр: Олон улсын жишгээс харахад БНСУ-ын нийслэл Сөүл хот өөрийн эзэмшлийн нийтийн дэлгүүрүүдийн түрээсийг зургаан сарын хугацаанд 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан бол Японы Засгийн газар коронавирусыг эмчлэх, халдварыг тогтоох оношлуурыг хөгжүүлэхэд 20 тэрбум иен, АНУ эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны төсвийг 1.8 тэрбум ам.доллараар нэмж зузаатгаж байна. Харин манай улсад энэ байдал удааширвал хувийн хэвшлийн өдөр тутмын үйл ажиллагаа саатан доголдож, дундаж давхаргын томоохон хэсэг нэрвэгдэж амьдралын баталгаагүй болох эрсдэл учирна. Тиймээс цаашид баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл хамтран түрээслэгч тэр дундаа баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаад байгаа асуудлын шийдлийг хамтдаа олж, шийдвэр гаргагч түвшинд хүргэж дуу хоолойгоо хүргэхээр боллоо.
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Түрээслэгчдийн хувьд ихэнх нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байгаа. Эдгээр хүмүүсийн орлого нь хаагдчихаж байна. Бараа татан авагч Хятад орны үйлдвэрлэл зогсч эхэлж байна.
Энэ үед түрээсээ төлдөг, зээлийнхээ хүүнд хамаг байдгаа өгдөг, цалингаа тавих ёстой байдаг, зардал нь өсөөд байдаг. Ингэхээрээ эргэлтийн хөрөнгө нь байхгүй болдоод маш хүнд байдалд орчхоод байгаа юм. Манайх чөлөөт зах зээлийн орон. Үүнийг хүчээр авторитар байдлаар шийднэ гэдэг хэцүү. Эсвэл хэт поп байдлаар шийдэж болохгүй. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд харилцан ойлголцлоор эрсдлээ буюу зовлонгоо тэгш хуваалцъя гэдэг уриалгыг бид гаргаж байгаа.
ШУУД ҮЗЭХ: