Хууль зүйн сайд асан, хуульч Х.Тэмүүжин өнөөдөр Монгол Улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлэв.
Хуульч Х.Тэмүүжин хэлэхдээ “Монгол Улсад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх болоод нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад зарчмын хүрээнд прокурор бүхэлдээ ажиллах ёстой. Энэ тухай Монгол Улсын Прокурорын тухай хуульд тодорхой тусгасан байдаг.
Монгол Улсад хуулийг нэг мөр хэрэгжүүлнэ гэдэг нь аль нэг салбар, орон нутаг, байгууллагын онцлогт үл автаж хууль нэг утгаар хэрэгжих зарчим хангагдсан нь бий.
Харин Монгол Улсад салбар, байгууллагаасаа шалтгаалж хууль ялгамжтай үйлчлээд байгаа юм биш биз гэсэн болгоомжлол нийгэмд тархсан байна. Энэ үүднээс хуулийг ялгаваргүй нэг мөр мөрдүүлэх үүрэгтэй Прокурорын байгууллагад хүсэлт гаргаж байна.
Хүсэлтэд, хоёр жилийн өмнөөс олон нийтэд ил болсон УИХ-ын нэр бүхий гишүүд өөрсдийн хувийн ашиг сонирхлын үүднээс ЖДҮ нэрийн дор төрөөс баталгаа гаргаж, Засгийн газрын харьяа сангаас хууль зөрчиж, зээл авсан.
Энэ бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал учраас прокурор энэ асуудлаар шүүхэд хандах ёстой.
Хэрвээ тус заалтыг зөрчсөн бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгож, төрд учирсан хохирол, төрөөс гарсан зардлыг буцаан төлүүлнэ гэж уг хуулийн 29 дүгээр зүйлд маш тодорхой заасан байна.
Хоёр жил хүлээж, харлаа. Монгол Улсын Ерөнхий прокурор төрийг төлөөлж шүүх хуралдаанд орох тухай заалт Үндсэн хуульд бий.
Мөн Прокурорын тухай хуульд ч нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох тухай заалт байдаг учраас Монгол Улсын Ерөнхий прокурор өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэр бүхий албан тушаалтнуудын авсан зээлийн хөрөнгийг буцаан улсын санд нь төвлөрүүлэх арга хэмжээ авч, хуульд заасан бусад хариуцлагыг хүлээлгэх ёстой.
Уг нь УИХ-ын гишүүд хуулийн биелүүлэлтийн хангуулах үүрэгтэй. Харамсалтай нь биелэлтийг хангуулах үүрэгтэй хүмүүс нь өөрсдөө хууль зөрчсөн бол Ерөнхий прокурор нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүргийг хүлээж, энэ ажлыг хийх ёстой. Тиймээс энэ хүсэлтийг бичсэн юм.
Прокурорын тухай хуульд прокурор нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл төрийг төлөөлөн өөрийн санаачилгаар шүүхэд шууд хандах эрхтэй. Түүнээс гадна гэрээ хэлцлүүдийг хүчингүй болгох алданги торгуулийг нэхэмжлэх ч эрх прокурорт бий.
Хүсэлттэй хамт хэрвээ харьяа дүүргийн прокурорууд нь ажлаа хийж чадахгүй, сул дорой байгаа бол нэхэмжлэлээ ямар загвараар бичихийг нь тэмдэглэснээс гадна хуулийн лавлагааг нь гаргаж өгч байна" гэв.
Мөн "Хууль зөрчсөн хэлцэл шууд хүчингүй болох ёстой бөгөөд авсан бүх зээл нь хүү, алдангитайгаа төрийн сандаа буцаж орох ёстой.
Санаачилгатай хуульчид байсан бол зарим УИХ-ын гишүүн болон албан тушаалтнуудын авсан зээлийг жилийн гурван хувь биш, Монгол Улсын банкуудын дундаж хүүгээр буцаан нэхэмжилж, төрийг алдагдалгүй болгох ёстой" гэдгийг онцлов.
Гэрэл зургийг Mpa.mn