У.Хүрэлсүх: Сүүлийн 30 жилд бид дандаа уул уурхай ярьж, үндэснийхээ соёл уламжлалаа орхигдуулжээ
Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн ивээл дор хэвлэл мэдээллийн байгууллагууд дунд уралдаан зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд Монгол үндэсний өв соёл, түүх уламжлалыг нэвтрүүлсэн шилдэг бүтээлийг шалгаруулах юм байна.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хэдийгээр сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэх шийдвэр гарсан ч үндэснийхээ баярыг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй.
Сар шинийн баярыг тохиолдуулан хүүхэд залуусын эх оронч үзлийг нэмэгдүүлэх үүднээс үндэсний хэв маяг, соёлыг илэрхийлсэн нэвтрүүлгүүдийг хийх зайлшгүй шаардлагатай байна.
Сүүлийн 30 жилд бид дандаа уул уурхай ярилаа. Энэ хугацаанд бид үндэснийхээ өв соёл, ёс заншил руу чиглэсэн бодлогыг орхигдуулжээ. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг идэвхтэй зохион байгуулна.
Мөн сүүлийн үед радио, телевизүүдээр дандаа гадаадын нэвтрүүлгүүд гардаг болжээ. Энэ нь хэдийгээр залуусын дэлхий дахины талаарх ойлголтыг нэмэгдүүлж байгаа ч үндэсний соёл, ёс заншил орхигдоход хүргэж байна. Бидний үр хүүхдүүд монгол хүн гэдгээ мартаж болохгүй. Тийм учраас ганцхан долоо хоног үндэснийхээ соёл, хэв маягийг харуулсан нэвтрүүлгээр ард иргэддээ үйлчилцгээе хэмээн нийт хэвлэл мэдээллийн байгууллагууддаа уриалмаар байна. Ерөнхий сайд миний санаачилгыг та бүхэн дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.
Эх сурвалж: unuudur.mn