БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЖДҮ-ИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГААГААР ЭРДЭМТЭН ТӨРЛӨӨ
Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн Докторант Хан Сингхуа “БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх судалгаа” сэдвээр доктор (PH.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа. Тэрээр "Нийгэм, улс төрийн тайван, тогтвортой орчин нь ЖДҮ-ийг тогтвортой хөгжүүлэх үндэс суурь бөгөөд хамтарсан баталгаат зээл, авлага, орон сууцны зээл, дижитал санхүүжилтээр дамжуулан санхүүжүүлэх түлхүүр бол аж ахуйн нэгж, банк хооронд мэдээллийн тэгш хэмийн асуудлыг тогтоох явдал юм" гэж үзэж буйгаа өөрийн эрдмийн ажлын дүгнэлт хэсэгт бичжээ.
Хан Сингхуй дээрх сэдвийг сонгох болсон үндэслэлдээ "ЖДҮ-ийн судалгааны өнөөгийн үе шатнаас харахад санхүүжилтийн асуудал, бодлогын асуудал, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн менежмент гэх мэт олон судалгаа, эдгээр нөлөөлөх хүчин зүйлсийн талаар цогц судалгаа бага байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх нь хүний, санхүүгийн материаллаг, менежментийн нөөцийг хамарсан системчилсэн төсөл бөгөөд энэхүү олон орц, олон гарц бүхий нарийн төвөгтэй тогтолцооны судалгааны аргад мэдээлэл боловсруулалтын дүн шинжилгээ хийх нь тохиромжтой" гэж тайлбарлажээ.
Түүний эрдэм шинжилгээний ажлыг “Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо”-ны Ерөнхийлөгч Доктор (Ph.D), профессор Ч.Даваабаяр удирдсан байна.
Хан Сингхуаас гадна МУЭИС-ийн эрдэмтэн, багш нарийн удирдлага дор “Казахстан улсын төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үзүүлсэн дэмжлэгийг судалсан нь” сэдвээр Азимхан Ардах, “Монгол Улсын жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн эрсдэлийг үнэлэх аргачлал” сэдвээр Л.Ундаргаа нар доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгаалсан билээ.
Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь боловсролын салбарт орчин үеийн судалгаа, эрдмийн зэргийн өндөр эрэмбийн сургалтыг дагнан явуулдаг судалгааны анхны их сургууль гэдгээрээ онцлог юм.