БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНООС ЖДҮ-ИЙН ХӨГЖЛИЙН ДЭД ХОРООНД САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ээлжит хурлаар 2020 онд ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах, цаашид үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих цогц бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын гишүүн, Жижиг Дунд Үйлдвэрлэлийн хөгжлийн Дэд Хорооны дарга ,Ж.Бат-эрдэнэ болон ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан нартай санал солилцлоо.
Тус холбооноос ЖДҮ-ийг дэмжих дэд хороонд хандаж хэд хэдэн саналыг хүргүүлсэн юм.
Тухайлбал, ЖДҮХ санг төрөөс хараат, бие даасан байх эхлэлийг тавих, ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийн санхүүжилтийг улирал тутамд дүгнэж, төсөл сонгон шалгаруулах мөн Валютын зохицуулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих гэх мэт саналуудыг уламжилсан юм. Түүнчлэн нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих цогц бодлоготой болох хэрэгтэйг талууд энэ үеэр онцоллоо.
Өнгөрсөн оны 6 дугаар сард Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсан бол цаашид баялаг бүтээгчдийг төрөөс цогц байдлаар дэмжих, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх бие даасан агентлагтай болох шаардлагатай байгаа юм. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнгөрсөн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дуу хоолой болж, төрөөс баримтлах бодлогыг шат шатанд нь уламжилж, ажил хэрэг болгон ажиллаж байна. Энэ удаагийн хурлаар ББДХ-ноос гаргасан саналуудыг дэд хорооны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд цаашид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд санал бүрийг нь авч үзэж, ажил хэрэг болгохоо хэллээ.
Энэ үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, ЖДҮ-ийн хөгжлийн дэд хороо, ХХААХҮЯ цаашид нягт хамтран ажиллаж, бодлогын чанартай олон журмыг боловсруулж ажиллахаар боллоо. Хамгийн чухал нь ЖДҮ-ийн хөгжлийн дэд хороо баялаг бүтээгчдийн оновчтой саналуудыг дэмжиж, хөрсөн дээр буусан бодлого шийдвэрийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран зохион байгуулахаа илэрхийлсэн юм.