"Зах, худалдааны төвүүдийг хаахгүй тул иргэд хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авах шаардлагагүй"
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Мэдээллийн үеэр "Томоохон зах, худалдааны төвүүдийг нийслэлийн хэмжээнд хаахгүй. Тиймээс иргэд хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авах шаардлагагүй. Гадуур хяналтгүй цацагдаж байгаа мэдээлэлд иргэд автахгүй байх хэрэгтэй" гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо.
Мөн "Буянт ухаа хорооллын подволд архины хамааралтай хүмүүсийг байршуулах Засаг даргын захирамж гараагүй, гарахгүй. Энэ тухай ташаа мэдээлэл бас гадуур яваад байна. Нийслэлийн зүгээс ерөнхийдөө орон гэргүй хүмүүсийг хороо, дүүрэгтэй нь хамтран нийгэмшүүүлэх ажлыг хийдэг. Манай ард түмэн цахим сүлжээгээр явж байгаа баталгаагүй мэдээ мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байна" гэв.
НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "Нийслэлийн Засаг даргын А/108 дугаарын захирамж гарч иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр тодорхой чиглэлийн хязгаарлалтуудыг бий болгосон.
Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосныг та бүхэн мэдэж байна. Ингэхдээ захирамжийн хүрээнд,
- 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цагт хаах
- Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх хугацаанд олон нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээ, спорт, урлагийн тэмцээн уралдаан, жагсаал цуглаан зохион байгуулахгүй байх үүрэгтэй.
- ЕБС, болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор хяналтын ажлын хэсэг гаран ажиллаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа сургууль цэцэрлэг байхгүй.
- Өдөр өнжүүлэх байруудын бүртгэл, хаана, хэн ажиллуулдаг талаарх мэдээлэл бидэнд байдаггүй. Гэсэн ч бид хороо, хэсгүүдийн тусламжтайгаар энэ байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох тал дээр анхаарч ажиллаж байна.
Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг хүсэж байна. Хэрвээ захирамжийг хэрэгжүүлэхгүй зөрчсөн иргэнийг 200 мянган төгрөгөөр, ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь зогсоох хариуцлагын заалтууд нь суучихсан байдаг. Захирамжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцно. Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх болон олон хүн цугласан газар хүн цуглуулахгүй байх талаар бид анхаарч ажиллаж байгаа.
Эх сурвалж: ikon.mn