"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпын гуравдугаар наадам Швейцар улсын Лозанн хотноо энэ сарын 9-нөөс 22-ны /01-р сарын 09-22/ өдрүүдэд болж байгаа билээ.
Өвлийн олимпын гуравдугаар наадмын Биатлоны эрэгтэй төрлийн 12.5 км зайд нийт 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар Олимпын аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. 17 настай Э.Энхсайхан хүүгийн том амжилт өвлийн спортын төрөлд нэгэн шинэ амжилтын түүх боллоо.
Харин эмэгтэйчүүдийн биатлоны төрлийн 10 км зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орж, ОХУ-ын тамирчин Мохова Алена 32:26.7 амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ. Монголын биатлонч Ч.Бямбасүрэн нь 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байрт оров.
01-р сарын 14 -ны өдөр буюу нөгөөдөр Биатлоны эрэгтэй, эмэгтэй ойрын зайн тэмцээнийг “MNB Sport” сувгаар Улаанбаатар хотын цагаар 17.30 цагт шууд дамжуулан хүргэх гэж байна. Өвлийн гуравдугаар олимпд Монгол Улсаас биатлон, гүйлтийн цанын төрлөөр нийт зургаан тамирчин эрхээ авч оролцож байгаа бол энэ удаагийн наадамд дэлхийн 70 гаруй улсын 1.800 гаруй тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.
"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар, Гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хурд хүч авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорьж байгаа. Эх орноо төлөөлөн яваа нийт спортын баг хамт олондоо амжилт хүсье.
Эх сурвалж: mass.mn