Энэтхэгт шавжны хор хэрэглэхийг хориглосноор жуулчдын тоо 70 хувь өсжээ
Энэтхэгийн нэг муж пестицид, гербицид зэрэг генийн өөрчлөлт оруулж болох шавжны хорыг 2003 онд бүрэн хориглож байсан юм. Үүний үр дүнд 2016 онд албан ёсоор 100 хувь органик муж болжээ.
Засгийн газрын шийдвэрийг дагаж өөрчлөлт, шинэчлэлт хийхийн тулд тариаланчид эхний хэдэн жил олон бэрхшээлтэй нүүр тулсан байна. Ургацын хэмжээ буурч, нөхцөл байдал хүнд байсан ч урт хугацаандаа алдагдлаа эргэн нөхөх боломжтой гэсэн засгийн газрын бодлогод найдсан хэвээр байжээ.
Ингээд арав гаруй жилийн дараа тариаланчид үр өгөөжөө үзэж “Үүлэн дундах муж улс ашиг шимээ хүртэж эхэллээ” хэмээн Вашингтон пост сонин нийтэлжээ.
Мөн жимсний ургац таван хувиар нэмэгдэж, пестицидийн хэрэглээ үгүй болж, зэрлэг байгалийн ургамлууд сэргэж эхэлсэн тухай тайлан гарчээ.
Тус муж 500 төрөл, зүйлийн эрвээхий, 4500 төрөл цэцэгт ургамал, улаан панда, Гималайн баавгай, ирвэс болон сарлагаар “бүл нэмсэн” байна.
Зуун хувь органик муж болсноор аялал жуулчлалын салбарт дэвшил гарч зорьж ирэх жуулчид 70 гаруй хувиар өссөн байна. Хүмүүс зэрлэг байгалийн гоо үзэсгэлэн болон 1975 онд эртний Энэтхэгийн хаант улс байсан Сиккимийн нийслэлийн үзэхээр зорьж ирдэг аж.
Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүйгээр пестицид хэрэглэсэн тохиолдолд 1400 ам.доллараар торгох эсвэл гурван жил хорих ял оноох шийдвэртэй юм байна.
Засгийн газар яагаад органик аж, ахуйг чухалчлах болов?
Энэ тухай “Эрүүл хөрсөнд тариалсан чанартай хоол хүнсээр ард иргэдээ хангах зорилгоор тус шийдвэрийг гаргасан. Түүнчлэн химийн бодисын нөлөөгүй ус, агаар нь биологийн олон талт байдлыг хангах, эерэг үр нөлөө үзүүлэх болно” хэмээн тус мужийн хөдөө аж ахуй хариуцсан нарийн бичгийн дарга мэдээлжээ.
Мөн сайн үр дүн үзүүлсэн эл туршлагыг бусад мужуудад хэрэгжүүлэхээр судалж буй тухай BBC сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.