Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хоёрдугаар бага хурал өчигдөр /2015.11.19/ Улаанбаатар хотноо боллоо. Тус хуралд Баялаг бүтээгчдийн холбооны 40 гаруй төлөөлөгчид оролцож, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, цаашид хэрхэн үр бүтээлтэй ажиллах төлөвлөгөөгөө гаргасан юм. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш буюу зургаан сарын хугацаанд Монгол Улсын 21 аймгийн сумдад ажиллаж, орон нутгийн баялаг бүтээгчидтэй уулзалт зөвлөгөөнөө хийжээ. Энэхүү уулзалт, зөвлөгөөнүүдээр яригдсан нийтлэг асуудлуудыг нэгтгэн тодорхойлсон байна. Ингээд Монгол улсад баялаг бүтээхэд санхүүжилт босгох, борлуулалт хийх, үйлдвэрлэлээ явуулах ажлын байр, тухайн баялаг бүтээгчийн үйлдвэрт ажиллах боловсон хүчин, бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах мэдээлэл сурталчилгааны ажил хамгийн тулгамддаг гэдгийг хоёрдугаар бага хуралд оролцогсод онцолж байлаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хоёрдугаар бага хурлын үеэр тус холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Баялаг бүтээгчдийн дэмжих холбооны хоёрдугаар бага хурал болж байна. Энэ удаагийн хурлын зорилго юу вэ?
-Манай холбоо сүүлийн зургаан сарын хугацаанд баялаг бүтээгчидтэй уулзлаа. Энэхүү уулзалтуудаар баялгийг бүтээж буй хүмүүст тулгамдсан асуудлыг сонссон. Бидний нэн тэргүүнд хийх ажил бол шийдвэрлэх асуудлыг эрэмбэлэх . Мөн ойрын таван жилдээ хийх ажлыг бага хурлаар хэлэлцэн батална Зарим нэгэн бодлогын бичиг баримтад өөрчлөлт оруулах болно. Ер нь баялаг бүтээгчдэд тулгамдсан асуудлын тэргүүнд санхүүжилт яригддаг. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, зохицуулах боломж байна вэ гэдгийг ярилцах юм.
-Тэгвэл холбооны зүгээс санхүүжилтийг асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой гэж харж байна вэ?
-Төрөөс тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, сум хөгжүүлэх сангийн зээлийн хүртээмж багатай, бага мөнгө зээлдэг, нэг хүн дахин авахад хүндрэлтэй зээлийн шалгаруулалт бүрхэг, жинхэнэ баялаг бүтээгчдэдээ очихгүй байна гэх мэтээр давхардсан олон санал ирж байна. Тэгэхээр бид нэгдэж санхүүжилтээ өөрсдөө шийдэж байх тэр гарцыг эрэлхийлж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. АҮЯ-аас жижиг, дунд үйлдвэрийн бодлого тодорхойлох ажлын хэсэг багтсан. Энэ мэтчилэн бид үйлдвэрлэгчдийнхээ дуу хоолойг төр болоод холбогдох хүмүүст хүргэх ажил хийж байна. Бусад орны туршлагаас харахад баялаг бүтээгчдэд үйлчлэх банктай байх юм билээ. Тиймээс эхний удаад холбооны дэргэд дундын сан байгуулах талаар ярилцаж байгаа.
-Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ирэх жил ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид баялаг бүтээгчдээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгчид өөрсдийн эзэмшсэн мэргэжил, практик дээр сурсан чадвараараа баялаг бүтээж байна. Гэтэл одоо үйлдвэржилтийг хөгжүүлэхийн тулд, хэрэглэгч Монгол биш, үйлдвэрлэгч Монгол болохын тулд мэдлэг шингэсэн, өндөр технологитой бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Тиймээс бид гишүүддээ бизнесээ удирдаж, үйлдвэрлэлээ хөгжүүлэх сургалтыг явуулмаар байна. Түүнчлэн тухайн бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийн каластрын системээр цогц байдлаар хөгжүүлэх шаардлагатай. Төр засгаас гаргаж буй бодлого чиглэлүүдэд дан ганц үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн эрх ашигт нийцсэн биш, нийт жижиг, дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг тусгуулах хэрэгтэй.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаад зургаан сар болж байгаа ч 20 гаруй мянган гишүүд дэмжигчидтэй болсон байна.