Төр хувийн үйлдвэрүүдээ дэмжиж, уялдаа холбоог нь сайжруулж чаддаг бол үндэсний үйлдвэр хөгжинө.
Сүүлийн хэдэн жил барилгын салбар хурдацтай хөгжиж, зарим түүхий эд, материалаа монголчууд эх орондоо үйлдвэрлэдэг боллоо. Энэ бол том дэвшил. Өдгөө Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан мэдээллээр 700 орчим компани зах зээлд өрсөлдөж байна. Эдгээрийн нэг бол барилгын хуурай хольц үйлдВэрлэгч New green life компани юм. Импортыг орлох түүхий эд үйлдвэрлэгч энэ хамт олныг бид “Би үйлдвэрлэгч” буландаа урилаа. Эднийх түүхий эдээ түшиглэж, Шувуун фабрикт үйлдвэрээ байгуулжээ. Хотоос зайдуу буйдхан тосгон ерөнхийдөө үйлдвэрийн бүс болжээ. Мах, сүүний үйлдвэр, шувууны аж ахуй, барилгын туслах материалын үйлдвэрүүд Шувуун фабрикт төвхнөсөн байна. New green life компанийн хувьд элсний карьеруудыг түшиглэн эл газарт үйлдвэрээ барьж, 2011 оноос үйл ажиллагаа явуулж байна. Үүдээ нээж, өрхөө татсан аас хойш бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ өргөжүүлж хар, цагаан, фасадны өнгөт чулуун замаск, плита, хөөсөнцөр, хөнгөн блокны цавуу, шал тэгшлэгч зэргийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа аж. Бүрэн автомат системтэй уг үйлдвэр хоногт 80 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэлээд том цэлгэр хашаанд автомат үйлдвэр, агуулах, ажилчдын байр гээд гурван объект барьжээ. Үйлдвэрийнхээ хашаанд ажилчдадаа зориулж хоёр давхар байр хүртэл барьсан байх юм. Хотоос зайдуу учраас автобусаар ажилдаа ирж, очиход амар биш байдаг тул ийн байр барьснаа удирдлагууд нь сонирхуулсан. Байр, хоолоор хангадаг болохоор цалингийн доод хэмжээг 800 мянгаар тогтоосон аж. Үйлдвэрийн тоног, төхөөрөмж бүрэн автомат болохоор ядартлаа ажиллаад байдаггүй, төхөөрөмжүүдийг горимын дагуу ажиллуулж чаддаг л байхад болдог юм байна. Өвлийн улирал эхэлсэн хэдий ч захиалга тасрахгүй байгааг үйлдвэрийн ажилчид нь ярилаа. New green life компанийн удирдлагууд 2016 онд ХХААХҮЯ-ны “Жижиг, дунд үйлд вэрийг дэмжих төсөл”-өөс гурван тэрбум төгрөгийн зээл авч, үйлдвэрээ бүрэн автомат болгон өргөжүүлжээ. Тус компани ХБНГУ-ын технологиор Монгол Улсын ISO9001-MNS:2444 чанарын стандартаар баталгаажуулсан долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоогоор 10 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж буй буй уг үйлдвэрийн гол түүхий эд нь элс, цемент учир тээврийн зардал хэмнэх үүднээс элсний карьер бараадан үйлдвэрээ байгуулсан боловч Шувуун фабрикийн элсний карьеруудыг хаасан тул одоогоор Налайхаас татаж буйгаа хэллээ.
Монгол үйлдвэрлэгчид зах зээлийн 50 хувийг хангадаг
Үйлдвэрлэлийн технологич Ж.Муратбек “Бид бүтээгдэхүүнийхээ орц найрлагад ордог бодисоос 20 хувийг нь урд хөршөөс авдаг. Бусдыг нь дотоодоосоо хангаж байгаа. Барилгын 40 хувьд замаск ордог учраас үйлдвэрлэл хөгжих ирээдүй бий. Монголын үйлдвэрлэгчид зах зээлийнхээ 50 хувийг хангадаг юм билээ. Монголд байгаа хамгийн том үйлдвэр нь манайх. Намрын улиралд бид илүү ачаалалтай байдаг. Үйлдвэрийнхээ хажууд энд байрладаг учраас шөнө оройн цагаар захиалга ирсэн ч шуурхай хүргээд өгдөг” гэж ярив. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Сүхболд “Худалдан авах чадвар сайн байвал үйлдвэрлэл өргөжих боломжтой. Манайх тогтмол 10-20 хүнийг ажлын байраар хангадаг. Бид бүтээгдэхүүнийхээ төрлийг цаашид олшруулах зорилготой ажиллаж байна. Үйлдвэрийнхээ халаалтыг шийдчихвэл блок хийх, шингэн цавуу үйлдвэрлэх зорилт бий. Шувуун фабрик бол нүүрс түлэхэд зөвшөөрөгдсөн бүс л дээ. Тиймээс бага оврын зуух ажиллуулах талаар судалж байгаа. Манайх чанарыг илүүд үздэг. Элсийг шатааж боловсруулаад, нарийн шигшүүрээр шигшиж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болгодог. Технологийн дагуу чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ давуу талтай. Нарийн технологиор хийдэг болохоор зах зээлд бага зэрэг ахиу үнээр нийлүүлдэг. Гэтэл барилгынхан хямд үнэтэйг нь сонгож авдаг. Уг нь үнийг биш чанарыг сонгох ёстой баймаар. Нуулгүй хэлэхэд, арилжааны барилгууд голдуу хямд, чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэж байна. Тэгэхээр барилгын чанар ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Ер нь монголчуудад аливаа зүйлд үнэнчээр хандах, нэг нэгнийхээ бизн есийг дэмжих сэтгэлгүй нь харагддаг. Уг нь гарал үүслийн бичиггүй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй гэсэн зарчим бий л дээ. Үүнийг барилгынхан тоодоггүй юм билээ. Харин Улсын комисс нь хүлээж авахдаа ямар баримт үндэслэн шалгаж, хүлээж авдагийг нь мэдэхгүй юм" хэмээн ярилаа.
Үндэснийхээ компаниудаас түүхий эдээ авдаг
Чанарыг эрхэмлэдэг New green life-ынхан “Шинэ яармаг” хороололд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мэдээж зах зээлийн өрсөлдөөн дунд өөрсдийн орон зайг эзэлнэ гэдэг амаргүй. Гэхдээ бид үнэнч шударга байхыг илүүд үздэг. Чанар муутай, хямд бүтээгдэхүүн хийж бусдыг хуурахыг хүсдэггүй. Тиймээс чанар, стандартад илүү анхаардаг. Манай үйлдвэр гол түүхий эд болох цементээ МАК-аас авдаг. Харин цагаан замаск үйлдвэрлэдэг орцоо Дархан-Уул аймгаас нийлүүлдэг бөгөөд аль болох үндэснийхээ үйлдвэрийг дэмжихийг хичээдэг. Тэгээд ч манай бүтээгдэхүүнд МАК-ийн цемент л таардаг. Хятадын цементээр хийхээр чанар муутай болчихдог. Элс ч гэсэн нэлээд нарийн тех- нологиор боловсруулдаг болохоор бас тохирсныг нь сонгох шаардлага тулгардаг гэж ярив. Б.Сүхболд цааш нь ярихдаа 2019 оныг Ерөнхий сайд “Эх оронч худалдан авалтын жил” болгосон. Үүний хүрээнд зохиогдсон хаврын үзэсгэлэн худалдаанд манай компани оролцсон. Хувийн хэвшлээ дэмжихээс илүү төрийн үйлдвэрүүд түлхүү оролцдог юм билээ. Төр нь хувийн үйлдвэрүүдээ дэмжиж, уялдаа холбоог нь сайжруулж чаддаг бол үндэсний үйлдвэр хөгжинө. Татвараар дарамтлаад байвал үндэсний үйлдвэр өндийхөд, өргөжиж хөгжихөд хэцүү л дээ. Бүх зүйлийг ном дүрмээр нь хийдэг хүн хол явдаггүй бололтой. Ар өврийн хаалга хөөцөлддөг, хуурамч чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс хождог цаг үед л бид амьдарч байна хэмээсэн юм. Тэрбээр “Манайх ЖДҮ-гээс авсан зээлээ бүрэн төлж дуусгасан. Үйлдвэрлэл эхлүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг байхгүй бол хөл дээрээ босоход амаргүй юм билээ. Манай үндэсний үйлдвэрлэгчид нэг нэгийгээ дэмждэг баймаар байна. Барилгын компаниуд материал үйлдвэрлэдэг газруудаа дэмжихийг хүсдэггүй. Өнөөх л урд хөршийн түүхий эдийг сонгож авдаг. Уг нь бид импортыг орлох бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихоод байгаа шүү дээ. Тэгэхээр жаахан эх оронч сэтгэлээр хандмаар байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэхээр бэлэн мөнгөний орлого орж ирэх нь ховор. Голдуу бараа солилцоо маягаар л борлуулалтаа хийдэг. Манайх бүтээгдэхүүн бүрээсээ тест хийж, чанарыг нь шалгуулдаг” хэмээн ярилаа. Хөдөө орон нутгаас эднийд чамгүй зах иалга ирдэг юм байна. Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгаас захиалга ирсэн талаар сонирхуулсан.
Урд хөршийн элс Монголын уур амьсгалд төдийлөн сайн тохирдоггүй
Хятад болон бусад орноос импортолсон бүтээгдэхүүний түүхий эд материал манай Монголын цаг уур, орчны нөхцөлд тохирохдоо муу байдаг аж. Урд хөрш манай улсыг бодвол харьцангуй дулаан уур амьсгалтай учраас газар зүйн байрлалаас хамааран элсний ширхэг нь хүртэл өөр байдаг аж. Тийм газарт зориулан үйлд вэрлэсэн бүтээгдэхүүнийг манай орны эрс тэс уур амьсгалд хэрэглэхэд амаргүй. Үүнээс үүдэн чанар муутай, эдэлгээ даахгүй байх талтай гэж New green life-ынхан ярив. Харин бид эх орныхоо түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь бусдаас ялгарах давуу тал гэж онцоллоо. Түүнчлэн гарал үүсэл нь тодорхойгүй, буух эзэн буцах хаяггүй бараа бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэнэ гэдэг нь тэр чигээрээ азанд найдсан хэрэг. Харин бид хэрэглэгчдэдээ чанар, баталгаа мөн ажлын хариуцлагыг амлаж чаддаг гэдгийг онцолж байлаа. Тус компанийн удирдлагууд ажилчид, боловсон хүчнээ үнэт капитал хэмээн үздэг хэмээн өгүүлсэн юм. Хуурай, шороо тоостой орчинд пургидаг бүтээгдэхүүн хийдэг хүмүүс амьсгалын замын өвчинтэй болох эрсдэлтэй тул жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг гэж ярьсан. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Шувуун фабрик тосгоны сургууль, цэцэрлэгийн засварт зориулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ өгдөг юм байна.
Эх сурвалж: zgm.mn