ГЭР ОРОНГҮЙ, ТЭНЭМЭЛ АМЬДРАЛТАЙ ИРГЭДИЙГ НИЙГЭМШҮҮЛЖ БАЙНА.
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Орон гэргүй тэнэмэл иргэдийн хувьд нийгмийн хамгааллын болон бусад нийгмийн үйлчилгээ болох тэтгэвэр, тэтгэмж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийн гадна үлдэж, оршин суугаа хаяг нь тодорхойгүй шалтгааны улмаас нийгмийн харилцаанаас гадуурхагдаж байдаг.
2019 оны байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрээр тэнүүчлэн амьдардаг, орон гэргүй 120 орчим иргэн бүртгэгджээ. Эдгээр иргэдийн ихэнх хувь нь архины хамааралтай, архинд донтох өвчтэй, байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирч байдаг.
Уг ажлын хүрээнд дээрх иргэдийг бүртгэлжүүлэхээс гадна халуун хоол, цайгаар үйлчилж хүнс тэжээл, дулаан хувцас хэрэглэл зэрэг наад захын хэрэгцээний тусламж дэмжлэг үзүүлж, халуун усанд оруулах, үсийг нь засах, ДОХ, тэмбүү, сүрьеэ болон бусад эрүүл мэндийн ерөнхий үзлэгт хамруулж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зэргээр нийгмийн халамж, үйлчилгээг үзүүлж байна.
Түүнчлэн эдгээр иргэдэд гэмт хэрэгт өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны хор уршгийн талаар мэдлэг, мэдээлэл олгож “Амьдрах ухаан төв” төрийн бус байгууллагад хүлээлгэж өгөх ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Эх сурвалж: Масс тв