Дархан-Уул аймгийн хөл бөмбөг, хоккей, хөнгөн атлетикийн холбоо, клубын төлөөлөл аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзалт хийж ирэх онд ашиглалтад орох хөлбөмбөг хоккейн талбайн талаар ярилцлаа.
Уулзалтаар Хүүхэд багачуудын биеийн тамир спортоор хичээллэх, хөлбөмбөг тоглох, зөв тэгш хүмүүжилтэй, эрүүл Монгол хүн болгох зорилгын дор ирэх оны төсөвт УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр олон улсын жишигт нийцсэн хөлбөмбөгийн талбай, хөнгөний 6 замтай иж бүрэн цогцолборыг барихад дээрх холбоод, клубууд хэрхэн хамтарч оролцох, Хоккейн талбайг шинээр тохижуулж олон улсын стандартад нийцсэн болгоход УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон орон нутгийн төсвөөс тодорхой зардлыг төсөвлөсөн бөгөөд энэхүү асуудалд хамтран оролцох, Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших УБТЗ-ын Дархан зангилааны барьж байгуулсан Төмөр замчдын гэрэлт хөшөөний дэргэд Хоккейн талбай бүхий ногоон байгууламжит цогцолборыг барихад газрын асуудлыг шийдвэрлэх гэсэн үндсэн 3 асуудлыг тэд ярилцсан юм. Дээрх асуудалд төр төрийн байгууллагууд хамтран аймагтаа олон улсын жишигт нийцсэн хөлбөмбөг хоккейн талбайгаа сүндэрдлүүлж хүүхэд багачууд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаадаа тэд баяртай байсан юм.
Эх сурвалж: mass.mn