ЖДҮ-ийн салбарт тулгамдаж буй хүний нөөцийн асуудлаар судалгааны ажил эхлүүллээ
"Ажиллах зар өглөө ч зарын сонин зузаараад байхаас биш ажиллах хүн олдохгүй байна" гэж үйлдвэрлэгчид дуу нэгдэн хэлсээр байна. Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалаар 6,6 хувьтай байх ёстой ажилгүйдэл өнөөдөр 10,6 хувьд хүрчхээд байгаа. Хөдөлмөрийн насны залуус гаднын оронд ажиллахыг илүүд үзэх болсон нь энэ салбарт төрийн, бодлого шийдвэр дутагдаж байгаагийн илрэл юм.
Ялангуяа ЖДҮ-ийн салбар хүний нөөцийн хомстолд орсноор үйл ажиллагаа нь доголдоход хүрээд байгаа нь үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгараад байгаа хамгийн том асуудал. Дэлхийн улс орнуудад нэн тэргүүний чухал ач холбогдолтой салбарт тооцогддог ЖДҮ-ийн салбарт, хүний нөөцийн асуудал дээгүүрт яригдана. Харин манай улс гаднын орон руу хөдөлмөрийн насны залуусаа экспортолсоор байгаа нь эдийн засагт томоохон хүндрэлийг үүсгэх эрсдэлтэй.
ЖДҮ-ийн хувьд санхүүжилт болон хүний нөөц, борлуулалт нэн тэргүүнд яригдах чухал асуудал гэдгийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр УИХ-ын даргатай уулзах үеэрээ онцгойлон хэлсэн.
Тэрээр "Жижиг, дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогын хэрэгжилтийг судалсан нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан нь Монгол улсад анх удаагаа ЖДҮ-ийн чиглэлд хамгаалсан докторын ажил болсон бол түүний дараагаар Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн докторант Л.Ундаргаа жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн эрсдэлийг үнэлэх аргачлал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тэрээр эрдэм шинжилгээний ажилдаа Монголын Улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд нэн тэргүүнд тулгамддаг санхүүжилтийн асуудлыг хөндөж, тэдний санхүүжилтийн эрсдэлийг тооцоолох аргачлалыг олон улсын жишигтэй харьцуулан өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулсан юм.
Харин энэ удаад тус сургуулийн докторант Ж.Мөнхцэцэг "Жижиг, дунд үйлдвэрийн хүний нөөцийн асуудал" сэдвээр докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажлаа эхлүүлээд байна.
Эх сурвалж: mass.mn