МОНГОЛ УЛСЫН ЭРДМИЙН ИХ СУРГУУЛИАС ДЭД ПРОФЕССОР, ПРОФЕССОР ЦОЛТНУУД ШИНЭЭР ТӨРӨН ГАРЛАА
Тэгвэл Боловсролын салбарт орчин үеийн судалгаа, эрдмийн зэргийн өндөр эрэмбийн сургалтыг дагнан явуулдаг судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн "Эрдмийн шинэ жил" өчигдөр болж 2019 оныхоо ажил хөдөлмөр, амжилт бүтээлийг дүгнэхийн зэрэгцээ шилдэг оюутан, эрдэмтэн судлаачид, ажилтан албан хаагчдаа шагнаж урамшууллаа.
Тус сургууль нь Эрдмийн зэрэг олгох өндөр эрэмбийн сургалтыг дагнан явуулдаг судалгааны анхны их сургууль бөгөөд энэ ч утгаараа баярын арга хэмжээний үеэр эрдмийн зэргийн болзол хангасан докторуудад дэд профессор, болон профессор цол олгосон юм.
Тодруулбал, Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн Профессор цолыг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, МУЭИС-ийн Бизнесийн эрдмийн сургуулийн захирал А.Гэлэгжамц нарт олгосон бол Дэд профессор цолыг Д.Мэндбаяр, Д.Алтанзул нарт олгож цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүслээ.
Дэд профессор Д.Мэндбаяр: Хүн бүр амьдралынхаа туршид суралцсаар байдаг
-Хүн бүр амьдралынхаа туршид суралцаж байх ёстой гэж боддог. Тиймдээ ч би өнөөдрийг хүртэл суралцаж, эрдэм шинжилгээний ажлаа хийсээр байна. Миний хувьд докторын зэргээ "Чанарын удирдлага" сэдвээр хамгаалж, өнгөрсөн хугацаанд 3-4 докторын ажлыг удирдаж явуулсан. Энэ дашрамд Монгол Улсын Эрдмийн сургуулийн хамт олонд баярын мэнд хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
МУЭИС-ийн Бизнесийн эрдмийн сургуулийн захирал А.Гэлэгжамц: Манай сургуулийг төгссөн хүмүүс салбартаа тэргүүлэгчид байдаг
- МУЭИС-иийн зүгээс улиран өнгөрч байгаа 2019 ондоо ажил хөдөлмөр, эрдэм шинжилгээний судалгааны ажлыг амжилттай хийсэн хүмүүст дэд профессор, профессор, цол олголоо. Манай сургууль эрдмийн зэрэг олгох төгсөлтийн дараах сургалтыг дагнан явуулдаг Монгол улсын судалгааны анхны их сургууль юм. Энэ ч үүднээс гадаад, дотоодын олон мянган хүн манай сургуулийг төгсч садбар, салбартаа тэргүүлэгчид болсоор байна. Тэдгээр хүмүүсийн нэг болж профессор, цол хүртсэндээ баяртай байна. Цаашид илүү хичээж ажиллах болно.
Монгол Улсын Эрдмийн Их сургууль 10 мэргэжлээр докторын, 17 чиглэлээр магистрын, арван мэргэжлээр дээд боловсролтой хүмүүст зориулсан өндөр түвшний сургалтыг явуулдаг. Тус сургуулийг 10000 орчим Монгол Улсын болон гадаадын иргэд суралцан төгссөнөөс 200 гаруй доктор /Ph.D/, шинжлэх ухааны анхдагчид, Монгол Улсын гавьяатууд, нийгмийг хошуулагч, манлайлагчид олноор төрөн гарсан билээ.
Эх сурвалж: mass.mn