Г.СЭВЖИДСҮРЭН: ЛИТИЙН ИОНЫ ТОВЧИН БОЛОН ХУРУУ ЗАЙГ ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ БИЙ.
Шинжлэх ухааны академийн 2019 оны “Шилдэг судлаач”, “Шилдэг залуу судлаач” тодорлоо. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Сэвжидсүрэн “Шилдэг судлаач”, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Золзаяа “Шилдэг залуу судлаач”-аар тус тус шалгарав.
Өнгөрсөн баасан гаригт ШУА-ийн хурлын танхимд шилдгээр шалгарсан судлаачид болоод төрийн дээд одон медаль хүртсэн шинжлэх ухааны ажилтнуудад шагнал гардуулах ёслол болсон юм.
Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: -“Шилдэг судлаач”, “Шилдэг залуу судлаач” шагналыг шинээр бий болгож энэ жилээс олгож эхэлж байна. Уг нь энэ шагналыг 2008 оныг хүртэл ШУА-ийн “Шилдэг бүтээлийн шагнал”, “Шилдэг залуу эрдэмтэн” гэсэн нэртэй өгч байсан. Тэр үеэс буюу 11 жил уг шагнал тасраад энэ жилээс “Шилдэг судлаач” гэдэг нэртэйгээр дахин сэргэж байгаа юм. Академийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд шийдвэр гарсан” гэж шагналын түүхийн талаар товч танилцуулсан юм. “Шилдэг судлаач” шагналыг нэг сая таван зуун мянган төгрөг, “Шилдэг залуу судлаач” шагналыг нэг сая төгрөг тус тус дагалддаг юм байна.
2019 оны “Шилдэг судлаач” шагналыг хүртсэн ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Сэвжидсүрэнтэй ярилцлаа.
-ШУА-ийн оны шилдэг судлаач болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Маш их баярлаж байна. ШУА-д 20 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн гурван жилд Суурь судалгааны төсөл, Цөм технологийн төсөл гэсэн хоёр ч төсөл удирдсан. Судалгааны багийн залуучуудтайгаа хамтдаа гаргасан амжилтыг маань үнэлж ийм шагналаар шагнасанд баяртай байна.
-Таны судалгааны гол чиглэл юу вэ. Та юуг голчлон судалдаг вэ?
-Би ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Материалын судлалын салбарын эрхлэгч. Манай салбар нь дотроо дөрвөн чиглэлээр ажилладаг. Миний ажилладаг чиглэл бол Электродын материалын бүтцийн чанар. Литийн ионы батарей, устөрөгчөөр ажилладаг эрчим хүчийг судалдаг. Устөрөгчийн машин, устөрөгчийн автобус гэж ярихаар хүмүүст их ойлгомжтой байдаг. Устөрөгчөөс цахилгааныг үйлдвэрлэж байна. Батарей бас цахилгааныг үйлдвэрлэж байна. Эрчим хүч үйлдвэрлэдэг ийм материал өөр дээрээ цахилгаан химийн урвал явуулаад электрон ялгаруулна. Тэр ялгарч буй электрон нь бидэнд эрчим хүч болж ирж байгаа шүү дээ. Ийм чиглэлээр манай судалгааны баг ажиллаж байгаа. Би энэ чиглэлээр 2007 оноос хойш судалгаагаа хийж эхэлсэн.
-Таны хийж буй ажлуудыг сонирхоход Литийн ионы батарей анхаарал татлаа. Одоо дэлхийн шинжлэх ухаан цахилгаан, эрчим хүч гаргах шинэ технологийн эрэлд гараад байна. Олон эх сурвалжтай эрчим хүч үйлдвэрлэх, байгальд хоргүй, бага зардлаар их эрчим хүч гаргах арга замыг эрэлхийлж, туршиж байна. Тэр дундаас литийн ионы батарей юугаараа онцлогтой вэ. Бусад батарейнаас ялгарах давуу тал нь юу вэ?
-Батарейн хөгжлийн дөрөвдүгээр үе гэж ярьдаг. Хамгийн анх аккумуляторын батарей гэж байсан. Хар тугалга, никель, кадмийн батарей, металийн гидридийн батарейн цахилгаан үйлдвэрлэж байгаа электродын материалыг ямар материалаар хийсэн юм бэ гэдгээс нь хамааруулаад үечилбэл Литийн ионы батерей бол дөрөвдүгээр үеийн батарей л даа. Батарейг бид анх зөөврийн телевизор асаагч, гар утас зэрэг зөөврийн тоног төхөөрөмжиндөө хэрэглэж байгаад сүүлдээ автомашины хэрэгцээнд нэвтэрч байна.
Нефтийн бүтээгдэхүүнээс хараат биш байх цахилгаан үүсгүүр юу байж болох юм бэ гээд батарей руу шилжээд гибрид маягийн эхний машинууд массын үйлдвэрлэлд шилжсэн нь бидний сайн мэддэг Prius машин.
Үүнээс үүдээд “Бид батарейгаар эрчим хүчийг орлуулж болох уу” гэж үзээд “Батарейнаас цахилгаан үйлдвэрлэх энэ технологийг түлхүү нэвтрүүлэх нь зүйтэй юм байна. Энэ бол байгаль орчинд хор хөнөөл харьцангуй багатай юм байна” гэсэн. Нефть, нүүрс олборлолт, түүнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалттай харьцуулахад аюул багатай, дэвшилтэт технологи юм л даа. Тийм учраас маш олон судалгааны баг энэ чиглэлд ажилладаг. Литийн оины батарей ямар учиртай батарей вэ гэхээр, энгийн хүмүүст ойлгомжтой байдлаар тайлбарлая л даа. Утсаа цэнэглэж байгаа, цэнэг алдаж байгаа. Энэ процессийн үр дүнд литийн ион зөөгдөж байгаа байхгүй юу. Литийн ион очиж цэнэглэнэ, эсвэл анодоос катод руугаа буцахдаа цэнэгээ алдана. Литийн ион нь өөрөө цэнэг зөөгч болоод байгаа учраас түүгээр нь нэрлэчихсэн. Тийм учраас литийн ионы батарей гэж нэрлэсэн. Хоёрдугаарт, литийн ионыг өөр дээрээ урвалд оруулж байгаа материал нь өөрөө литийн давснууд байхгүй юу. Тэгэхээр энэ батарейны цэнэг зөөгч нь яалт ч үгүй лити. Химийн урвал явуулж буй материал нь лити учраас лити ионы батарей гэсэн ерөнхий нэр авсан байдаг.
-“Цагаан түлш” гэгддэг литийн эрэлт 2025 онд дэлхийн хэмжээнд гурав дахин өснө гэсэн тооцоо байдаг юм билээ. Манай улсын литийн нөөц хэр вэ?
-Батарейны судалгааны чиглэлээр ажиллаж байгаа бид нар эх орныхоо түүхий эдээр ажилласан, литийн ордууд дээрээ түшиглэсэн үйлдвэрийг хөгжүүлэхийг мөрөөдөж явдаг. Одоогоор Ашигт, малтмалын газраас авсан мэдээллээр арваад илэрц байдаг юм билээ, Монгол Улсын хэмжээнд.
Нарийн мэдээллийг бид сайн мэдэхгүй. Бидний олж авсан мэдээллээр үүнээс 5-6 нь Х лиценз. Бусад нь зүгээр илэрц байдлаар илэрчихсэн. Х лицензтэй талбайнуудаас заримыг А лиценз болгоод ашиглах, олборлох, баяжуулах гэсэн сонирхолтой хувийн томоохон уул уурхайн компаниуд байдаг юм билээ.
-Литийн батарейг эх орондоо үйлдвэрлэх мөрөөдөлтэй гэлээ. Та бүхний хэтийн төлөвлөгөө, гэгээлэг төсөөлөлд литийн батерейн ирээдүй хэрхэн харагддаг вэ?
-Хамгийн эхэлж бид ахуйн хэрэглээний батарейн хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэчих юмсан. Батарейгүй өдөр тутмын амьдрал гэж байхаа больчихлоо шүү дээ. Гэртээ ороод хамгийн түрүүнд зурагтаа асаахад удирдлагаар нь асаана.
Бид том суурин эрчим хүчний хэрэглээ, машин үйлдвэрлэлд батерей үйлдвэрлээд “Тесла”-тай өрсөлдөх тухай тийм хэмжээнд ярьж чадахгүй. Ямар ч байсан эхний ээлжинд ахуйн хэрэглээнд байгаа товчин болон хуруу зайгаа өөрсдөө, өөрсдийнхөө түүхий эдээр бид биш юмаа гэхэд бидний судалгааны ажил дээр үндэслээд ямар нэгэн хөрөнгө оруулагчийн мөнгөөр ийм үйлдвэрлэл эхэлбэл боломж нь байна.
-Шинжлэх ухаанаа түшиглэж, урдаа барьж байж аливаа улс хөгждөг. Гэтэл манайд шинжлэх ухааны салбараа орхигдуулаад байдаг гэмтэй. Үүнд та энэ салбарт ажиллаж буй хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Шинжлэх ухаан бол үйлдвэрлэлээс өөр. Өнөөдөр мөнгөө авчихаад маргааш талх үйлдвэрлэдэг ч юм уу, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбар биш. Маш олон хүний олон жилийн оюуны хүнд хэцүү хөдөлмөр. Үүний нэгийг бид өнөөдөр харж байна. Литийн ионы ажлаар анхны ажлууд хийсэн хүмүүс 2019 оны Нобелийн шагналыг авлаа шүү дээ. Тэгэхээр арав, 20, 30, 40 жилийн дараа үйлдвэрлэлд, нийтэд танигддаг, масст хэрэглээ болж очдогоороо шинжлэх ухааны салбар онцлогтой гэж боддог. Нэг үеэ бодвол манай шинжлэх ухааны салбарыг дэмжиж байна, саяхан бид Шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар хурлаа хийлээ. Тэрэнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарсан. Энэ мэтчилэнгийн ажил бол шинжлэх ухааны төлөө, эрдэмтдийнхээ төлөө авч хэрэгжүүлж буй ажил гэж хардаг. Мэдээж мөнгөний хувьд ярихад өнөөдөр хурлаа хийнгүүт маргааш нь мөнгөн дүн нь хоёр дахин нэмэгдчихгүй л дээ. Тийм болохоор бид бага мөнгөөр ашигтай, зөв менежменттэй, сайн ажиллах нь чухал.
Өнөөдрийн техник технологи, хүмүүсийн идэж ууж, өмсч зүүж хэрэглэж байгаа энэ бүхэн бол эцсийн эцэст шинжлэх ухаан дээр суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл явагдаж байгаа шүү дээ.
Түүнээс биш хэн нэгэн гэнэт бодож олоод үйлдвэрлэчихээгүй. Аль ч салбарт шинжлэх ухаанд суурилсан, эрдэмтдийн дуу хоолойг сонсож байж шийдвэр, тогтоолуудаа гаргаж байвал илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.
Эх сурвалж: Өдрийн сонин