Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ТББ хамтран Чингэлтэй дүүргийн ажил олгогч, баялаг бүтээгчдийн зөвлөгөөнийг өнөөдөр /2019.11.22/ зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр баялаг бүтээгчдэд олгогддог зээл тусламжийг хүртээмжтэй болгох, дүүргийн зүгээс баялаг бүтээгчдээ хэрхэн дэмжиж ажиллаж байгаа болон Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй ажлын байрыг бий болгоход дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, төгсөгчдийг ажлын байранд зуучлах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан юм.
Чингэлтэй дүүрэг засаг захиргааны нэгж 19 хороотой, 170 гаруй мянган иргэнтэй. Тус дүүрэг 9764 аж ахуй нэгж, 981 төсөвт болон төрийн бус байгууллага, 10 төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай. Жилдээ нийт 14.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хийж, 21.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж байна.
Мөн энэ үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Чингэлтэй дүүрэг дэх салбар хороон гишүүн, баялаг бүтээгч "Амуу фүүдс" ХХК захирал Мөнхнаран, "Батсэжү" ХХК захирал Л.Батжаргал, 15 дугаар хорооны иргэн Б.Жадамбаа нарыг "Баялаг бүтээгч" медиалаар шагналаа.
Зөвлөгөөний үеэр Чингэлтэй дүүргийн баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн, худалдаа зохион байгууллаа.