Ч.ДАВААБАЯР: БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ЭНЭ ЖИЛ ЖДҮҮ ДЭМЖИХ ХУУЛИА БАТЛУУЛЖ ,ЖДҮХ САНГАА УСТГУУЛЧИХГҮЙ АВЧ ҮЛДЭЖ ЧАДЛАА
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж ЖДҮ хөгжүүлэх сан болон 2020 оны улсын төсөв зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар 2020 оны Улсын төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ хууль зөрчин ЖДҮХС-г Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нэгтгэхээр зэхэж байлаа. Энэ үйл явцыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос хүчтэй эсэргүүцэж байгаагаа энэ сарын 4-ний өдөр хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн. Учир нь төрөөс ЖДҮ эрхлэгчдийг бодитоор дэмжсэн цагт ажилгүйдлийн түвшин буурч, улмаар улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж чадах томоохон салбар бол ЖДҮ эрхлэгчид буюу баялаг бүтээгчид юм.
Баялаг бүтээгчид ЖДҮ хөгжүүлэх сангаа авч үлдэж чадлаа...
Тус сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд болон төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж танил тал найз нөхөддөө зээл олгуулсан хэргийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнгөрсөн хугацаанд хүчтэй тэмцэл хийсний үр дүнд тус сангийн зээл олголт жинхэнэ эзэддээ хүрч эхэлсэн. Энэ үед өөр сангуудтай нэгтгэвэл үндсэн үйл ажиллагааны горим алдагдаж, төрөөс ЖДҮ эрхлэгчдийг дэмжих орчингүй болох байлаа. Харин “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос эсэргүүцлээ илэрхийлсний үр дүнд өнгөрсөн 7 хоногт УИХ-ын чуулганаар ЖДҮХС-г тусад авч үлдэж чадсан юм.
Ч.ДАВААБАЯР: БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 4 жилийн турш баялаг бүтээгчдийнхээ эрх ашгийг хамгаалан, дуу хоолой нь болж тасралтгүй ажиллаж ирсний үр дүн гарсаар байна. Бид ЖДҮҮ дэмжих хуулиа батлуулж, бусад сантай нэгтгэх гэж байсан ЖДҮХ сангаа тусад нь авч үлдэж чадлаа. Монголчууд "саалиа бэлдэхээр саваа бэлд" гэж ярьдаг. Бид сангаа авч үлдэж чадсан шигээ цаашид тус сангийн төсвийг нэмэгдүүлэх, ЖДҮХС-ийн зээлийг жинхэнэ эздэдээ хүрдэг байх тал дээр хяналт тавьж ажилласаар байх болно гэдгээ нийт баялаг бүтээгчдэдээ хэлмээр байна.
ЖДҮХ санг тусад нь авч үлдэхэд байр сууриа илэрхийлэн баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийн талд байсан УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, хуулийн санаачлаг Ж.Ганбаатар нарт баялаг бүтээгчдийнхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэх нь зүйтэй байх.
Монголд 800 мянга гаруй хүн ЖДҮ-ийн салбарт ажиллаж байна. Гэвч төрийн түшээд нь Жижиг, дунд үйлдвэрлэгчдээ тоохгүй, 2020 оны улсын төсөвт ЖДҮ-ийг хөгжүүлэх санд нэг ч төгрөг төсөвлөөгүй байна. Дэлхийн аль ч улсад Жижиг, дунд үйлдвэрлэл нь улс орныхоо эдийн засагт тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд ОНЦГОЙ үүргийг гүйцэтгэдэг. ЖДҮ нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг. Иймд ЖДҮ-ийн салбарыг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахын зэрэгцээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх гол тулгуур нь болдог. Монгол банкны судалгаагаар Монгол Улсад ЖДҮ эрхлэхэд санхүүжилтийн орчин хангалтгүй байна. Тухайлбал, бизнес эрхлэгчид санхүүжилтийн үндсэн нөхцөлүүд болох хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, шимтгэл, хураамж өндөр байгаа зэрэг нь бизнес эрхлэхэд муугаар нөлөөлж байна гэж үзсэн. Иймд цаашид ч баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалсан олон талт ажлуудыг манай холбооноос хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Б.БАТДЭЛГЭР БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
2020 оны улсын төсвийг өргөн барихдаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж өргөн барьсан. Энэ хуулинд ЖДҮ хөгжүүлэх санг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан гэсэн 3 санг нийлүүлж Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан болгож оруулах хуулийн төсөл байсан. Үүнд манай Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс эсрэг байр суурьтай байсан. Яагаад гэхээр ЖДҮ хөгжүүлэх сан бол ЖДҮ эрхлэгчдийг дэмжих сан. Гэтэл нөгөө хоёр сангийн тухайд хөдөө аж ахуйг дэмжих сан юм. Тэгэхээр үүрэг чиглэл нь хоёр тусдаа гэсэн үг. Нөгөө талаасаа ЖДҮ хөгжүүлэх сан 2017-2018 оны үед хууль бус үйл ажиллагаа явуулж төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлийг УИХ, Засгийн газрын өндөр албан тушаалтангууд өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд өгсөн байдаг. Манай холбоо энэ бүх хууль бус явдлыг ил болгосны үр дүнд 2019 онд ЖДҮ хөгжүүлэх сангийн зээл жинхэнэ эзэддээ хүрч эхэлсэн. Гэтэл засгийн газраас төслөө өргөн барихдаа ЖДҮ-ЧИН гэдэг нэрнээсээ салахын тулд, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувь буюу энэ их мөнгийг тавихгүйн тулд ЖДҮ санг устгахаар оруулж ирсэн. Энэ асуудлыг манай холбоо маш идэвхитэй эсэргүүцэж мэдэгдэл хийж байсан. Үүний хүчинд ямар ч байсан ЖДҮ хөгжүүлэх сангаа авч үлдэж чадсан. Баялаг бүтээгч ЖДҮ эрхлэгчид бид бүхэн сангаа авч үлдэж чадлаа.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос SME авардсыг зохион байгуулахаар болсон. Арга хэмжээний талаар мэдээлэл хүргээч?
ЖДҮ эрхлэгчид Баялаг бүтээгч бид бүхний урам зоригтойгоор урагшилдаг зүйл бол урамших явдал байдаг. Тиймээс ч бид салбарынхаа шилдгүүдийг тодруулахаар SME авардсыг зохион байгуулах гэж байна. ЖДҮ дэмжих тухай хуулийн 10.1-р заалтанд урт хугацааны хөтөлбөртэй байна гэж заасан байдаг. Энэ хөтөлбөрийг засгийн газар батлахаар журам боловсруулж байна. Энэ журам дээр шилдэг ЖДҮ эрхлэгчдийг шалгаруулна гэж тодотгосон байгаа. Үүний эхлэл болгож бид шилдэг ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ-100 аж ахуйн нэгжийг тодруулах арга хэмжээг зохион байгуулахаар болж байна. Бид шилдэг ААН-ийг шалгаруулах материалыг цахимаар хүлээж авна.
Н.ЕСҮХЭН БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ УЗ-ИЙН ГИШҮҮН
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ЖДҮ хөгжүүлэх сангаа авч үлдсэн ч санд төсөв батласангүй. Та бүгдийн хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
2019 оны зургадугаар сарын 6-нд шинэ хууль маань батлагдсан. Гэвч сая УИХ-аар ЖДҮ хөгжүүлэх сан унангаа алдлаа. Ямар ч байсан сангаа авч үлдэж чадсан боловч санд маань мөнгө төсөвлөсөнгүй. 2019 онд ЖДҮ хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг төсөвлөж 21:26 гэдэг байдлаар тараагаад зээлийн хүртээмжийг маш өндөр буюу 467 ААН-д олгосон байдаг. Энэ юуг хэлж байна вэ гэхээр түүхэндээ анх удаа 47 тэрбум төгрөгийг хамгийн олон ААН-д олгосон жил болсон. Гэсэн хэдий ч 2020 онд та хэд ЖДҮ хөгжүүлэх сангаа аваад үлдчихэв үү? Гэсэн шиг санд маань мөнгө төсөвлөсөнгүй. Ирэх жил биднийг магадгүй 2000-3000 төсөл хүлээж байгаа. эдгээр төслүүдээс гарах үр дүн, шинээр бий болох ажлын байрыг бүгдийг нь хааж байна. Алдаагаа засчихав уу? гэсэн шиг санд мөнгө тавихгүй байгаа нь өөрөө маш буруу. Бид нар жилээс жилд ЖДҮ-г сайжруулахад төрийн бус байгууллагын оролцоо ингэж сайн явж байхад төсөвт мөнгө тавихгүй байна гэдэг маш буруу зүйл. 2020 онд зээлийн эргэн төлөлтөнд хэдэн төгрөг орох нь тодорхойгүй байна. Орж ирлээ ч баялаг бүтээгчдэд маань хүртэхгүй байх гэсэн хардлага байна. Тиймээс 2020 оноо байя гэхэд 2021 оноос Улсын төсвийн 10 хувь гэдэг заалтаа хэрэгжүүлээсэй гэдэг байр суурьтай байгаа.