Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн ээлжит 42-р хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар үндсэн 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээс ЖДҮХСанг бусад сантай нэгтгэх гэж байгаа асуудлыг онцлон хэлэлцэж, энэ чиглэлд хийх бодлогын асуудлаа шийдвэрлэлээ.
ББДХ-оос ЖДҮХ санг бусад сантай нэгтгэхийг эрс эсэргүүцэж байгаа. Тодруулбал, ЖДҮХ Санг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Мал хамгаалах сантай нэгтгэн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан болгох саналыг Засгийн газраас гаргаад байгаа юм. Хэрэв ЖДҮХ санг дээрх 2 сантай нэгтгэвэл Тусгай сангийн хуульд тусгагдсан жил бүр Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг ЖДҮ санд оруулна гэсэн заалт хүчингүй болох эрсдэлтэй юм. Улмаар үйл ажиллагаа нь голдиролдоо орж, ЖДҮ эрхлэгчдэд хүрч эхлээд байсан ЖДҮХ сангийн зээл жинхэнэ эздэдээ хүрч чадахгүй байх нөхцөл бүрдэж, тус сангаас зээл хүсэгч иргэдийн боломж хумигдаж байгааг ББДХ-ны удирдах зөвлөлийн гишүүд онцолж байлаа.
Удирдах зөвлөлийн гишүүд хэлэхдээ албан тушаал, эрх мэдлээ ашиглан ЖДҮ-ийн боломжоос хулгайлсан улс төрч, албан тушаалтнууд төсвөөс зээл нэрээр өөрсдийн хамаарал бүхий компанидаа бага хүүтэй зээл авах боломжгүй болсон тул ийнхүү үйлдвэрлэгчдийг хясан боогдуулах замаар ЖДҮХ санг бусад сантай нэгтгэх үйлдэл хийж байна гэж харж байна гэлээ.