Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоод хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа
Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гаднын зэх зээлд гаргах, үйл ажиллагааг нь сурталчлан, дэмжих нэгдмэл зорилготой “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”, “Монголын Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо”-д хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Талууд ийнхүү санамж бичиг байгуулснаар жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн эдийн засгийн болон худалдааны чиглэлээр үзэсгэлэн худалдаа, экспо, хурал, семинарыг хамтран зохион байгуулж, бичил буюу гарааны бизнес эрхэлж буй үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ажлыг эрчимүүлэх юм.
Монголын “Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд арьс шир, ноос ноолуур, зөөлөн оёдол, бэлэг дурсгал, гар урлал зэрэг дотоодын 260 гаруй үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдтэй хамтран БНХАУ-ӨМӨЗО-ны найман муж, 11 хотод жилдээ 10 гаруй удаа үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан, таниулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулсаар иржээ. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид болох баялаг бүтээгчид Монгол Улсын төсөвт 60 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.