ББДХ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах санамж бичгээ шинэчлэн байгуулж үзэглэлээ. Талууд 2015 онд анх санамж бичиг байгуулж хамтын ажиллагаагаа албан ёсоор баталгаажуулж байсан бол өнөөдөр дээрх санамж бичгийг шинэчлэн байгуулж байна. Ийнхүү хамтын ажиллагаа үргэлжилснээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, үндсэний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих, хэрэглэгчдийн үндэсний үйлдвэрлэлийн хэрэглээг өсөн нэмэгдүүлэх, тэдэнд зээлийн батлан даалтын дэмжлэг үзүүлэх зэрэг боломжууд бүрдэх юм. Цаашлаад Баялаг бүтээгчдийн дэмжих холбооны үйл ажиллагаа болон Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг олон нийт, бизнес эрхлэгчдэд таниулахад илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болохыг талууд онцоллоо.
Ч.Даваабаяр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч
Манай жижиг дунд үйлдвэрлэгчдэд тусалдаг цөөхөн сан байдаг. Тухайлбал ЖДҮ дэмжих сан, Зээлийн батлан даалтын сан. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн хүндрэлтэй асуудал бол зээлийн барьцаа, батлан даалт байдаг. Тиймээс зээлийн батлан даалтын сантай холбоотой мэдээллийг жижиг дунд үйлдвэрлэгчид болон холбооны гишүүн байгууллагуудад хүргэж хамтарч ажиллах шугамаар өнөөдөр санамж бичиг байгуулж байна. Урьд нь зээлийн батлан даалтын сантай манай холбоо хамтарч ажиллаж байсан туршлага байгаа. Тиймээс өнөөдөр бид хамтын ажлаа дүгнээд гэрээгээ үргэлжлүүлж байна.
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ХАМГИЙН ТУЛГАМДДАГ АСУУДАЛ БОЛ ЗЭЭЛИЙН БАРЬЦАА, БАТЛАН ДААЛТ БАЙДАГ...
Зарим хуулийн заалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан санамж бичигт өөрчлөлт орж байгаа. Санамж бичгийн хүрээнд цаашид бид 2020 оноос нилээн эрчимтэй ажиллахаар төлөвлөж байна. Төрөөс олгож байгаа санхүүжилтын дэмжлэг нь шударгаар ард түмэнд хүрч эхэлсэн энэ цаг үед зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах нь яахын аргагүй чухал ач холбогдолтой. Тиймээс бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн ач холбогдол бүхий санамж бичгийг байгуулж байна.
Б.Батбаяр Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал
Зээлийн батлан даалтын санд Азийн хөгжлийн банкнаас 2021 он хүртэл ЖДҮҮ эрхлэгчдийг дэмждэг батлан даалтын тогтолцоог сайжруулах төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд бид хоёр талын хамтын ажиллагааг улам сайжруулах санамж бичгээ шинэчлэн байгуулж байна.
БИД БҮХИЙ Л ТҮВШИНД ХАМТАРЧ АЖИЛЛАХААР САНАМЖ БИЧГЭЭ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЛАА
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоогоор дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах цаашлаад импортыг орлох түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэх ААН-үүдийг бий болгох чиглэлээр хамтран сургалт, судалгаа хийх зэргээр бид бүхий л түвшинд хамтарч ажиллахаар санамж бичиг байгуулж байна.