Туна Сахин: Монголын ЖДҮ нэг хэлбэрээр бус өөр салбарууд руу орж байгаа нь зөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Корпорейт конвеншн” төвд өнөөдөр эхэлсэн “Экспорт Монгол-2019” олон улсын бизнес чуулга уулзалтад оролцогч бизнес эрхлэгчид нүүр тулсан уулзалт, сургалт семинарт оролцохоос гадна ЖДҮ-ийн хөгжлийн талаарх гадна дотны туршлагаас сонсож байна.
Турк улсын ЖДҮ-ийг хариуцсан агентлагийн дэд ерөнхийлөгч С.Туна Сахинтай уулзсан юм. Түүнээс Туркт ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмждэг талаар тодруулахад, “Бид гарааны болон жижиг, бичил бизнес эрхлэгчдийг ажил олгох шатнаас эхэлж дэмждэг. Тухайлбал, хөрөнгө босгох, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетинг хийхэд нь дэмжиж, гадна зах зээлд оролцоход нь зохион байгуулж өгдөг. Бид ЖДҮ эрхлэгч 3 сая ААН, хүнд үйлчилж байна” гэсэн юм.
Түүнээс Монголын ЖДҮ болон экспортын талаарх ажиглалтыг нь сонирхоход, “Монголд уул уурхай, ХАА гэсэн үндсэн 2 салбар зонхилж байх шиг байна. Харин монголчууд сүүлийн жилд ноолуурын салбартаа анхаарч, үйлдвэрлэлээ түүхий эдийн бэлтгэлээс эхлээд боловсруулах хүртэл, эцсийн чанартай бүтээгдэхүүн хийхийг чармайн шинэчлэл хийж бүтцээ нэмж өөрчлөн, маркетингаа эргэн харж байгаад талархаж байна. Монголын ЖДҮ нэгхэн хэлбэрээр бус өөр салбаруудад орж байгаа нь их зөв юм” гэв. Чуулганы үеэр манай улсын ЖДҮХС Туркын ЖДҮ-ийн KOSGEB агентлагийн хооронд харилцан туршлага судлах Санамж бичиг байгууллаа.
Хөгжлийн банкны нийт зээлийн 55.6 хувийг экспорт дэмжсэн санхүүжилт эзэлж байна
Чуулганы үеэр мөн Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн зээлийн газрын Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Уянгатай уулзахад, “Экспорт Монгол-2019” чуулга 5 дахь жилдээ болж, манай банк мөн энэ уулзалтыг 5 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна. Бидний хамтын ажиллагаа нь экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа болон гаргахаар ажиллаж буй үйлдвэр, ААН-ийн хэрэгжүүлж буй төслийг манай банк санхүүжүүлж буйтай холбоотой юм. 2017 онд шинэчлэгдсэн Монгол Улсын Хөгжлийн банкны хуулинд манай банкны санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийн 60-аас дээш хувь нь экспортод чиглэж байхаар тусгасан юм” гэв.
Одоогийн байдлаар, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 55.6 хувь нь экспортыг дэмжсэн санхүүжилт байгаа нь хуулийнхаа заалтад нийцэж байгаа аж. Үүнээс гадна тус банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлж байна. Энэ талаар тэрээр, “Манай банк 2.7 их наяд төгрөгийн зээлийн багцыг хариуцан ажиллаж байна. Томоохон төсөл, хөтөлбөрт шууд зээл олгохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж байгаа юм. Өнөөгийн байдлаар 15 хөтөлбөрийг арилжааны 11 банкаар дамжуулан 1700-гаад ААН-ийг хамруулаад байна” гэв.
Хөгжлийн банкны шууд зээлийн үр дүнд 5500 орчим ажлын байр бий болжээ. Цаашид санхүүжүүлж буй төслүүд бүрэн хэрэгжих үед 4200 орчим ажлын байр шинээр бий болох юм байна. Харин арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр дүнд 17 мянга гаруй ажлын байр бий болох аж.
Өнөөдрийн чуулга уулзалтын хүрээнд “Монгол Брэнд" үзэсгэлэн худалдаа гарч, олон улсад бүтээгдэхүүнээ эскпортолдог дотоодын компаниуд бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Тус үзэсгэлэнгээр экспортын чиг баримжаатай “Шилдгийн шилдэг” бүтээгдэхүүнийг тодруулах юм. Тэргүүлсэн бүтээгдэхүүнд цом өргөмжлөл гардуулахаас гадна Японд болох “Монголд үйлдвэрлэв” үйл ажиллагаанд оролцуулан бүтээгдэхүүнийг нь дэлхий дахинд сурталчлан таниулах юм.
Эх сурвалж:MONTSAME.MN