Монгол Улсын их сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгстэй ярилцлаа.
-Өнгөрсөн баасан гаригт санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэг олон улсын байгууллагаас Монгол Улсыг эрсдэл өндөртэй орон гэж үзээд саарал жагсаалтад оруулсан. Олон нийт энэ мэдээлэлд нэлээд бухимдалтай хандаж байна. Валютын зах дээр доллар, юанийн ханш өсөөд эхэллээ. Та энэ үйл явдалд ямар дүгнэлт хийсэн вэ?
-Эдийн засгийн гэмт хэргийн асуудал нь ганцхан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хариуцахгүй. Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын хариуцах асуудал биш шүү дээ. FATF-аас баасан гаригт ямар хариу гаргахаас үл хамаарч эдгээр байгууллагууд мэдэгдлээ бэлдэж, шийдвэрийнх нь дараа шууд гаргах ёстой байсан. Өнөөдөр /Өчигдөр/ өглөөний байдлаар Монголбанк л мэдэгдэл гаргасан байна. Саарал жагсаалтад орсноор валютын ханш өсөх, иргэдийн гадаад данс, карт нь ажиллахгүй, хүнд байдалд орох, төгрөгийн ханш унах зэрэг том эрсдэлүүд гарахгүй гэдгийг мэргэжлийн байгууллага нь албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь зөв гэж бодож байна.
Валютын ханш хүмүүсийн хүлээлтэн дээр тогтдог учраас маш эмзэг. Мэдээж төлбөрийн тэнцэл макро байдал чухал. Үүнээс гадна эрэлтийг үүсгэдэг том хүчин зүйл нь буруу ташаа мэдээлэл, хий дэмий зүйлээс болж хүлээлт өөрчлөгдөх, паанигт орсноос болж ханш хэлбэлздэг учраас Монголбанк Сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яамныхан баасан гаригт гарах шийдвэртэй мэдэгдэл гаргах ётсой. Шийдвэр ямар гаргахаас үл хамаарч мэдэгдлээ хоёр хувилбараар гаргаж, олон нийтэд зөв мэдээлэл өгөхөд бэлтгэж байх ёстой байсан гэсэн үг. Бүгд мэдэгдэл гаргаж, иргэдээ зөв мэдээллээр хангасан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд хүмүүс эдийн засгийн том асуудлаар хийрхэхгүй, Найман шарга дээр валютын ханш хиймэл савлагаа үүсэхгүй байх боломжтой байсан. Энэ бол төрийн болон эдийн засгийн том байгууллагуудын ажлаа хэрхэн хийж байгааг л харуулж байгаа юм. Гол нь иргэдийн хүлээлтийг зөвөөр удирдах, иргэдэд зөв мэдээлэл өгөх үндсэн чиг үүргээ ойлгоогүй юм байна гэж харлаа.
-Саарал жагсаалтад оруулсан энэ асуудал нь иргэдийн амьдралд ямар байдлаар нөлөөлөх бол?
-Саарал жагсаалтад ороход Монгол Улсын 3.2 сая иргэний өрхийн орлого, худалдан авах чадварт том өөрчлөлтүүд гарахгүй. Яагаад гэвэл Монгол Улсын нийт иргэдийн 30-иад хувь нь ядуу, үлдсэн 70 хувийнх нь 25 хувь ядуугаас арай дээд төвшинд байгаа. Үлдсэн 30 гаруй хувь нь дундаж анги, 10 хүрэхгүй хувь нь гадаадад аялдаг, олон улсын картаар төлбөр тооцоо байнга хийдэг хүмүүс байгаа. Саарал жагсаалтад орсноор гадаад гүйлгээ болон төлбөрийн карт ажиллахгүй болно гэсэн асуудал огт байхгүй. Харин ханшийн нөлөөнөөс болж бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөнө. Өмнө нь 2670 төгрөгөөр авч байсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ 2700-аар авч, зардал бага зэрэг өснө. Түүнээс биш нийт ард түмний амьдрал, орлогод шууд нөлөө багатай. Иргэдийн орлогод хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол цалин, тэтгэвэр тэтгэмж байдаг. Саарал жагсаалтаас илүү Монголын хүн амын аж амьдралд нөлөөлдөг зүйл бол амьжиргааны төвшин, хөдөлмөрийн үнэлэмж байдаг. Хүмүүс энэ хоёр асуудалд хамгийн их анхаарал хандуулдаг.
-Тэгвэл нийт эдийн засаг, макро төвшинд хэрхэн нөлөөлөх вэ?
-Саарал жагсаалт эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлөхгүй. Эдийн засгийн өсөлт бол хувийн секторын бизнесийн идэвхжил, бүтээмжээс хамаардаг. Харин компаниуд зээл авч, ажил үйлчилгээгээ өргөжүүлж, ажилчин нэмж, шинэ бүтээгдэхүүн гаргахад банкны зээл олголт, гүйлгээ хурдан байна уу гэдгээс хамаарна.
Нөгөө талд саарал жагсаалт манай улсын зээлжих зэрэглэлд нөлөөлнө. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог том агентлагууд манай улсыг улирал тутам, хагас жил болгон үнэлж, зэрэглэлийн төвшинг шинэчилж байгаа. Тэгэхээр сараал жагсаалтад багтсан нь үнэлгээ буурах эрсдэлтэй. Мөн гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ, чанар ямар байгааг тооцож, “эрсдэлтэй мөнгө оруулж байгаа юм биш биз” гэсэн анхааруулга нь төлөвлөсөн байгаа том хөрөнгө оруулалтыг зогсоох аюултай. Энэ нь нийт макро эдийн засагт эрсдэл учруулах магадлалтай. Нөгөө талд манай улсын гадаадаас авах зээл үнэтэй болно. Гаднаас өндөр үнэтэй зээл авахаар эргээд дотоодын зээлийн үнэ өснө. Үүнийг дагаж компаниудын гаргаж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэтэй болно. Бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдан авч байгаа иргэдийн халааснаас илүү их мөнгө гарна. Энэ нь иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлнө.
Саарал жагсаалтад нэг ороод зогсчихдоггүй байх гэж бодож байна. Ялангуяа нийгэмд асуудал болгож тавьсан учраас хариуцлага хүлээх ёстой байгууллагууд сайн ажиллах байх гэж бодож байна. Хууль, шүүхийн байгууллагууд ажлаа хийх ёстой. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь байгууллагууд руу орж ирж байгаа хөрөнгө оруулалтын мөнгийг маш сайн хянаж, нягталж байх ёстой. Ер нь энэ бол саарал жагсаалттай, жагсаалтгүй ямар ч эдийн засгийн анхаарах ёстой зүйл шүү дээ.
-Цаашдаа юунд анхаарч ажиллах хэрэгтэй гэж харж байна вэ?
-Монгол Улс хэдий 10 тэрбум ам.долларын, жижиг эдийн засагтай боловч бид глобал эдийн засагт оролцож байгаа. Тиймээс бид гадаад эдийн засгаас ихээхэн хамааралтай. Гаднынхан биднээс хамааралгүй байж болно. Харин бид тэднээс хамааралтай учраас глобал эдийн засгийн дүрмээр л тоглох ёстой. Дүрэм журамд нь зохицож, харилцан тохиролцож асуудлыг шийдэж сурах шаардлагатай байна. Дэлхийн эдийн засгийн тоглоомын дүрмээр тоглож, өөрсдийгөө ойлгуулах ёстой. Глобал эдийн засагт цэвэр мөнгөөр тоглох ёстой бол цаашдаа цэвэр этикээр тоглоно. Тиймээс бид ёс зүйн хувьд өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй байна. Өөрсдийнхөө төлөө санхүүгийн бохир урсгалаа цэгцлэх шаардлагатай. Тиймээс энэ асуудалд хэтэрхий паанигтаж хандахаас илүү үүссэн асуудлаа хурдан засах хэрэгтэй байна. Хэрвээ жилийн дараа бидэнд ахиц гараагүй, өнөөдрийн саарал жагсаалтдаа хэвээр байвал Монгол Улсын зээлжих зэрэглэл шууд буурна. Энэ хэрээр иргэдийн амьдралын чанар муудна. Компаниуд үнэтэй зээл авч, иргэд үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээ авч, өрхүүдэд хүнд тусна.
Дахиж хэлэхэд, хүмүүсийн хүлээлт дээр тогтдог асуудал дээр зохих байгууллагууд хариуцлагатай хандах хэрэгтэй. Баасан гаригт зөв мэдээлэл өгөөгүйгээс зах зээлд хиймэл эрэлт үүсч, ханш өсөх хандлагатай болсон. Гэхдээ цаашдаа ханш тогтвортой төвшиндөө буух байх. Учир нь, зах зээлд их хэмжээний ам.доллар, юанийг шингээх эрэлт үүсээгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
ЭХ сурвалж: itoim.mn