Д.Хаянхярваа: 950 сая төгрөгийг чинь эерэг талаас нь яаж pr-дах юм бэ?
…Бид гарц шийдэл олохгүй бол 2020 он хүртэл биднийг нэг нэгээр нь УИХ руу оруулж ирж түдгэлзүүлэх тухай асуудал ярина. Энэ тэнд элдэв долоон зээл хуй авсан юм яригдсаар байгаад 2020 онд шавартай хутгалдаад ороход, бүгдээрээ 2020 онд баяртай гээд лаазаа өшиглөөд явна.
… 2011-2012 оны дараагаар ЖДҮ-гийн асуудлаар аймгийн баахан дарга нар янз бүрийн юмнууд хэрэг төвөгт орооцолдоод байсан. “…Энэ чинь болохгүй шүү, банкаар дамжих ёстой” гэдэг асуудлыг бид нар ярьж байсан. Өмнө нь гаргасан алдаагаа дахин дахин давтаад байна гэдэг бол болохгүй асуудал. Эргэж сөхөгдөөд яваад байх юм. Бид өмнө нь гаргаж байсан алдааг давтсан байгаа.
… Ер нь “…Мөнгө мөртэй” гэдгийг бодож цааш цаашдаа ажил хийж байхгүй бол болохгүй шүү. Мөнгө мөртэй байдаг. Заавал мөрөө үлдээдэг. Тийм учраас мөнгөтэй холбогдсон юман дээр, ялангуяа тендертэй холбогдсон асуудал дээр би дахиад анхааруулъя. Очоод аймаг орон нутагт тендер зарладаг. Тэр компани орох ёстой гэж ярьдаг, хэлдэг хүмүүс бий шүү.
УИХ-ын 30 гаруй гишүүн холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг нь шалгаж байна.
Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин хүргэж байна.
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
Үргэлжлэл бий…
Эх cурвалж: "Зууны мэдээ" сонин