Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулдаг "Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019" хоёр дахь жилдээ "Тогтвортой хөгжлийг хангахад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо" сэдвийн хүрээнд 09 сарын 26-ний өдөр боллоо. Тус форумын үр дүн, бусад зүйлийн талаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяраас тодруулга авлаа.
"Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форумыг 2 жил дараалан зохион байгууллаа. Энэ удаагийн форумын онцлог юу байв?
Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэх талаар төр засаг түмэн бодлого явуулж, тэрбумаар нь зарцуулж чаддаг юм байна гэдгийг баялаг бүтээгчид мэдсэн. Хөрөнгө байхгүйн улмаас ЖДҮҮ хөгждөггүй биш, сэтгэлгүй түшээд харамгүй халаасалснаас болж энэ салбарын хөгжил гацаанд орж унах морьгүй, урагшлах жимгүй болоод байгаа нь энэ юм. 3 хувийн хүүтэй, ЖДҮҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг УИХ-ын 76 гишүүний 40 нь өөрийн болон холбоотой этгээдийн компаниудад олгуулаад байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нийтэд ил болгосон ч ичих булчирхайгүй болсон дээрх гишүүдэд хариуцлага тооцож чадах субъект гэж алга. Харин ч хэрэг замхарч мартуулах чиглэлд явж байна. Сүүлийн 10 жилд энэ сангаар 7536 зээлдэгчид 835 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны ихэнхийг төрийн түшээд өөрсдөө авчихсан гэвэл хэн ч гайхахгүй болжээ. Гэтэл энэ ЖДҮҮ салбарт 900 мянгаад хүн ажиллаж байгаа юм. Анхаарахаас өөр аргагүй салбар, дэмжихээс өөр гарцгүй гэдгийг бид улиг болтол нь ярьж, давтаж байгаа нь МУ-ын ерөнхийлөгчийн сонорт хүрч энэ удаагийн форумд илгээлт ирүүлсэн. УИХ-ын дарга ч ЖДҮҮ эрхлэгчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн тус форумд ач холбогдол өгч, дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн форумд оролцогчид “ЖДҮ-ийн гэмт хэрэгтэй хэрхэвч эвлэрэх учиргүй”-г дахин дахин онцлон, сануулж байсан. Тэд алдагдсан боломжиндоо харамсаж энэ асуудал дахин давтагдахгүй гэдэгт итгэх итгэл өгөхийг хүсэж байсан. Цаашид ЖДҮҮ дэмжих тухай хуулийг дагаж гарах шинэ журмууд болон он гараад байгуулагдах шинэ агентлагийг шударга, ил тод ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсээр байна.
Энэ удаагийн форумын зорилго юу байв?
Баялаг бүтээгч бидэнд тулгамдсан 3 том асуудал байдаг. Нэгт: Санхүүжилт, хоёрт: Хүний нөөцийн чадавх, Гуравт: Борлуулалт. Тулгамдсан дээрх 3 асуудлыг энэ удаагийн форумаар хөндлөө.
Форумд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 21 аймаг, 9 дүүргийн салбар хороон төлөөллүүд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид идэвхтэй оролцлоо. Форумаар ЖДҮҮ эрхлэгчдийн хууль шинэчлэгдэн батлагдаж, түүнийг дагаж гарах журмын төсөлд ЖДҮҮ эрхлэгчид өөрсдийн эрх ашиг, саналаа тусгуулах юм. Бид 2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-тай болж байсан түүхтэй. Түүнээс хойш 11 жилийн дараа дахин тус агентлагийг байгуулах гэж байна. Хоёр дахь удаагаа агентлаг байгуулагдаж байгаа учраас тус агентлаг ЖДҮҮ эрхлэгчийн хууль эрх зүйн орчинг сайжруулсан, дотоодын зах зээлийг хамгаалсан байхыг хүсч байна. Жижиг дундыг дэмжихэд хоёр арга байдаг. Нэг нь санхүүгийн арга, хоёр дахь нь санхүүгийн бус арга. Энэ хоёр аргийг хослуулан дэмжиж байж хөгжилд хүрнэ. Энэ өөрчлөлтийн төлөө баялаг бүтээгчид шинэ агентлагтайгаа гар нийлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зээлийг сангаар дамжуулан олгох эсэх дээр баялаг бүтээгчид хэрхэн санал нэгдсэн бэ?
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгож буй төрийн онцгой хөнгөлөлт бүхий зээлийг хэн нэгэн сайд, дарга нар сангаар дамжуулан олгох нь буруу. Сайд, аймаг сумдын засаг дарга нар зээлийн асуудлыг шийдэж байгаа тохиолдолд зээл зорилтод бүлэгтээ очиж чадахгүй. Сангийн мөнгийг 100 хувь банкаар олгох нь зүйтэй. Манай банк санхүүгийн байгууллага дэлхийд байхгүй өндөр хүүгээр зээл олгодог гэдэг боловч жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг ард иргэддээ шударгаар олгоод явдагсан бол дэлхийд хамгийн бага хүүтэй зээл олгодог улс болж болохоор харагдаж байна. Том үйлдвэрийг дагаж ЖДҮ хөгжиж ЖДҮ-г дагаж өрхийн үйлдвэрлэл хөгждөг тогтолцоотой. Сан бол өсөн үржиж байх ёстой. Сайдын мэдлийн төсөв биш. ЖДҮ сангийн онцгой хөнгөлөлттэй зээлийг дагасан шударга бус үйлдлүүд нийслэлд төдийгүй аймаг суманд хүртэл гарч байгааг АТГ-ын олон нийттэй харилцах зөвлөлөөс мэдээлсэн. Сум хөгжүүлэх сангаас олгож байгаа зээл нь 3 хүртэл хувиар 3 жилийн хугацаатай олгогддог онцгой хөнгөлөлттэй зээл юм. Одоогийн байдлаар энэ сангаар 100-аад тэрбум төгрөг эргэлддэг байх ёстой. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан иргэдэд 10 хүртэл сая төгрөг ААН-д 20 сая хүртэл төгрөгийг банкинд хадгалуулж байгаа хадгаламжийн хүүнээс багаар өгөхөөр журамласан байдаг. Ийм сайхан боломжууд байвч хэрэгжүүлж, хийж чадахгүйн улмаас эд хийж бүтээх залуу ажиллах хүчээ гадагш нь алдаад дууслаа. Тиймээс баялаг бүтээгч бүр дуу нэгтэй гараа өргөн “сангаар” дамжуулан олгох нь буруу гэдэгтэй санал нэгдэж байгаагаа форум бүрд хэлж байна.
Жил бүр “Монголын эдийн засгийн чуулган” хэмээх томоохон арга хэмжээ болдог. Энэ чуулган та бүхний асуудлыг давхар хөндөх учиртай гэж харж байна?
Мэдээж таны хэлснээр “Эдийн засгийн чуулган” хэмээх маш том арга хэмжээ жил бүр зохион байгуулагддаг ч ЖДҮ эрхлэгчдийн өмнө бий болсон хүндрэл, саад бэрхшээлийн асуудлыг хөндөж хэлэлцдэггүй. Өөрөөр хэлбэл ЖДҮ үйлчилгээний салбарын хөгжлийн талаар огт яригддаггүй гэсэн үг. Цаашлаад ЖДҮ форумыг ивээн тэтгэх байгууллага ч олддоггүй. Ийм өнчин өрөөсөн хамгийн хүнд зовлон зүдгүүр дунд явж ирсэн ХӨГЖДӨГГҮЙ өр зээлэндээ баригдсан салбар. Монгол хүний тэвчээр үнэхээр гайхалтай юм даа. Ер нь бол бид /баялаг бүтээгчид/ сүүлийн 30 гаруй жилийн турш жилийн 30 хүртэл хувийн хүүтэй зээлээр бизнес хийх гэж зовж явна. Ийм тохиолдол дэлхийд хаа ч байдаггүй ховорхон юм билээ. Тиймээс бид зөвхөн “МУ-ын Эдийн засгийн чуулган”-д найдаад суух аргагүй юм.
“ЖДҮ сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд, мөн сангийн ажилтнууд давуу эрхээ ашиглан зээл авч төрөл садандаа зээл олгуулсан асуудал өнөөдөр ч дуусгавар болоогүй байна. Энэ асуудлыг тус форумаар хэрхэн хөндсөн бэ?
ЖДҮХС-ийн асуудлыг өмнөх болон сая болж өнгөрсөн форумаар хөндсөн. Энэ асуудлыг орхигдуулж болохгүй. Бяцхан тооцоо хийхэд 1 гишүүн 950 саяар зээл авсан гэж бодоход 100-аад бичил болон жижиг аж ахуй нэгжийн зээлийг ганцаараа авсан байгаа юм. Мөн наад зах нь 500-1000 ажлын байр шинээр бий болох ёстой байсан. Үүнийг л алдагдсан боломж гээд байгаа юм шүү дээ. Өрхийн болон бичил үйлдвэрлэгч нар 10-20 саяын хооронд л ихэвчлэн зээл хүсдэг. Жирийн иргэд, хөндлөнгийн шинжээч нарын хардаж байгаагаар ямар нэг компаниар дамжуулан ЖДҮ сангаас мөнгө авч банк бус санхүүгийн байгууллага, ломбардуудаар дамжаад мөнгө хүүлэлт явагдаж далд эдийн засаг цэцэглэж байгааг дурдаж байсан. Ийм магадлал их бий. Ямартай ч энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэдэгт итгэж байна. Тиймдээ ч бид энэ удаагийн “ЖДҮҮ эрхлэгчдийн форум-2019” арга хэмжээний эхэнд өнгөрсөн 1 жилийн хугацаанд болсон үйл явдлыг тоймлон хүргэж, эргэн санууллаа. ЖДҮҮ эрхлэгчдийн алдагдсан боломжийг эргүүлэн олж авахын төлөө хамтдаа зүтгэж байгаа “Онч шийдэл” хуулийн ферм, сэтгүүлчид, шинжээч, эрдэмтэн докторууд болон “Бид уучлахгүй” хөдөлгөөний залуустаа баялаг бүтээгчдийн өмнөөс талархал илэрхийлье.
Зах зээлийн хамгаалалт нь ямар байдаг вэ?
Импортын бараа хүч түрэн орж ирж буй өнөөгийн нөхцөлд жижиг дунд үйлдвэрлэгчид зах зээл дээр оршин тогтноход хүндрэлтэй, орон зай нь улам бүр хумигдсаар байгаа юм. Импортын бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд гаальтай, “гаальгүй” хэлбэрээр чөлөөтэй орж ирж байгаа тохиолдолд үндэсний ЖДҮ хөгжинө гэж бодохын ч хэрэггүй. Өдрийн зээл аваад явж байгаа бичил бизнес эрхлэгчид зээлийн хүүгээс гадна төрийн хүнд суртал, хүний нөөцийн бодлого алдагдсантай холбоотой. Монголд ажиллахаас илүү гадаадад гарч ажиллах сонирхолтой болсон. Тухайлбал, БНСУ руу 3 сарын жуулчлалын визтэй гарч тэндээ үлдэж “хараар” ажиллах эрмэлзэл их болсон зэрэг асуудлуудыг дахин хөндлөө.
Сангийн шаардлага ямар байдаг вэ?
Журмын шаардлагад манай холбоо бас шүүмжлэлтэй хандаж байгаа. Үйл ажиллагааны зорилго, зорилт нь ижил ч 3 сангийн шаардлага нь 3 өөр байдаг. Жишээ нь би сангаас 20 сая төгрөг зээлэхийн тулд ЖДҮ сангийн /иргэн бол 38, ААН бол 40/ шаардлага, харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 5-хан шаардлага. Сум хөгжүүлэх сан 6 төрлийн шаардлага тавьж байгаа нь өдөр шөнө шиг ялгаатай байна. Уг нь бүгд л ижил төрлийн бичил ААН шүү дээ. Жирийн нэг бичил бизнес эрхлэгч төрөөс хөнгөлөлттэй зээл авахын тулд дипломын ажил бичиж байгаа мэт өргөн хэмжээний материал бүрдүүлдэг. Цуглуулсан материалаа нэг бүрчлэн нотариатаар батлуулах гээд эдийн засаг, цаг хугацааны хувьд маш их дарамтыг жижиг бизнес эрхлэгчдэд тавьдаг. Энэ байдал хөдөө орон нутагт илүү ажиглагдаж байна. Өнөө үед нялх балчраас настан буурал хүртэл цахим орчинд чөлөөтэй нэвтэрдэг болсон. Тиймээс орон нутаг гэлтгүй цахим системээр бичил бизнес эрхлэгчдийн материалыг хүлээн авч, түүгээр дамжуулан зээл олголтыг шийдэж байх нь жижиг бизнес эрхлэгчдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хөнгөвчилсөн нэг хэлбэр болох юм. Энгийн наад захын ийм ажлуудыг хийх шаардлага байхад, сэтгэл дутагдаж байна. Иймэрхүү маягаар жижиг бизнес эрхлэгчдийн ирийг мохоож байгаа хэлбэрийг өөрчлөх шаардлагатай гэсэн үг. Би том болон дунд бизнес эрхлэгчдийг хэлсэнгүй. Бүх л бизнес жижгээс эхэлдэг. Тиймээс жижиг бизнес эрхлэгчдийг хөрөнгөөр дэмжихээс гадна бодлогоор дэмжих нь зүйтэй гэдгийг сануулж байгаа юм.
Олон жил орхигдсон салбар хөгжих боломж хир байна?
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 66 хувьд ажилгүйдлийн түвшинг 6 хувьд хүргэнэ гэж МУ-ын хөгжлийн үзэл баримтлал 2030-д тусгасан боловч одоогийн байдлаар ажилгүйдлийн түвшин 10,1 хувьд хүрч нэмэгдсэн. Ажилгүйдэл, ядуурал өссөөр, бидний гадаад өр зээл нэмэгдсээр байгааг сануулж байгаа юм. МУ-ын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “импортыг орлох 100 нэр төрлийн бүтээгдэхүүн”-ийг дотооддоо үйлдвэрлэдэг улс болно гэсэн зорилт үндсэндээ биелсэнгүй. Мөн итгэлийн зээлийг олгож ЖДҮ эрхлэгчид өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжинэ гэсэн зорилт тавьсан боловч өнөөг хүртэл бас л хэрэгжээгүй байна. Импортыг орлох бараа үйлдвэрлэсээр байтал импортоор орж ирж байгаа ижил төрлийн барааны гаалийн татварыг нэмэхгүй байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүй 1 хувь болгож жилдээ 1 удаа тайлан өгдөг болгоно гэсэн амлалт болон дэмжлэг бас л биелсэнгүй. Харин ч эсрэгээр жил бүр нийгмийн даатгалын шимтгэл өссөөр байна. 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувь нийтдээ 5 хувь нэмэгдэж байгаа. Энэ нь ЖДҮҮ эрхлэгчдэд бас нэг том дарамт болж байна. Иймээс хөгжлийн тухай ярихад хэцүү л байна даа.
Форум тодорхой үр дүнд хүрсэн үү?
Бидний өнгөрсөн хугацааны тэмцлийн үр дүн, мөн 2018 оны Форумын үр дүнд 2019 оноос төсөл сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар онооны системээр үнэлж, хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй ил тод зохион байгуулж эхэлсэн. Ингэснээр төрийн өндөр албан тушаалтан түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг бол ЖДҮ эрхлэгчийн төслийг хүлээн авахгүй байхаар журамласан. Мөн тухайн төслийг сан болон аймаг ЖДҮ асуудал хариуцсан байгууллагад нэгэн зэрэг ирүүлсэн бол төслийг хүлээн авахгүй, мөн бусад сангуудад зээлтэй бол мөн зээл олгохгүй гэх мэт олон заалтууд орсон нь бидний шат дараатай хийж буй ажлуудын үр дүн юм. Түүнчлэн анх удаа хөтөлбөрийг 5 жилийн хугацаатай баталж хэрэгжүүлэхээр хуульчилсан. Шинэ хуулинд зорилго, зорилтыг тодорхой болгосон. Хуучин 2007 оны хуулийн зорилго нь тунхаг төдий байсан бол энэ удаагийн хуулинд зорилго болон зорилтыг ялгаж нарийвчилсан онцлогтой. Энд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэргээр заасан боловч харин ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХАМГААЛАХ гэсэн нэр томьёо ороогүй байна. Кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг засгийн газар батлахаар хуульчлагдсан нь шинэлэг зүйл байлаа. Түүнчлэн баялаг бүтээгчдийн санал санаачлагыг нэгтгэн шийдвэр гаргагч нарт танилцуулж чадлаа.
Та бүхний цаашдын үйл ажиллагааны чиглэл юу вэ?
ЖДҮ салбар ямар ч улсын НЭГ номер бодлогын салбар байдаг. Яагаад гэвэл нийт хүн амын ажиллах хүчний 80-90 хүртэл хувийг энэ салбар дангаараа гаргаж байдаг. Хамгийн олон хүн ажиллаж, эдийн засагт тус бүрдээ бага боловч, хамтдаа хамгийн том хувь нэмэр оруулдаг ААН бол ЖДҮ юм. Ажилгүйдлийг багасгаж, ядуурлыг бууруулах улсын бодлогод энэ салбар хамгийн том дэм болдог. Тиймдээ ч бидэнд парламентын засаглал байна уу, Хүчтэй Ерөнхий сайдын засаглал нь байна уу, Ерөнхийлөгчийн засаглал нь байна уу аль нь ч байсан хамаагүй. Баялаг бүтээгчид ШУДАРГА ЁС-ыг л хүсэж байна. Бид үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх эрхтэй. Энэ ч үүднээс эрхээ олж авахын төлөө увайгүй улс төрчидтэй тэмцэж, хуулиа тодорхой болгож, ЖДҮҮ эрхлэгчдийн бизнес эрхлэх таатай нөхцөлийг хангуулж, бодлогоор дэмжих нөхцөлийг бүрдүүлэхийг шат шатны байгууллага, эрхэм түшээдээс шаардах ажлаа идэвхтэйгээр өрнүүлэх болно. Эцэст нь хэлэхэд аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үр дүнд ЖДҮ-т хөгжих шинэ боломж гарч байгаа. ЖДҮ хөгжиж томрох тусам улс орон хөгждөг.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин