ЖДҮ бол жижиг, дундын бизнесийн зээл авсан хэдэн хүний тухай яриа биш, Монголыг 30 жилийн туршид тонон дээрэмдсэн улстөрчдийн ерөнхий нэршил, оноосон цол гуншин юм. Энэ хугацаанд зөвхөн ЖДҮ-гийн зээл маягаар ард иргэдээс булааж, ойр тойрныхноо тэжээсэн мөнгийг багцаагаар тоймлож үзвэл 10 трилион хол давахаар их баялаг болж байна. Энэ мөнгө энгийн иргэдэд очсон бол Монголын эдийн засаг, аж байдал ингэтлээ доройтохгүй байсан нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс төрд нүүрлэсэн хулгайг зогсоохгүйгээр хөгжил дэвшлийн тухай ярих боломжгүй. Тийм учраас яг одоо зогсоё. Алхах тутамдаа алдаад байгаа юм бол ахиж урагш ганц ч алхах хэрэг алга. Түр зогсолт хийцгээе. Бүтэх, бүтэхгүй нөхдүүдийн үүрлэх газар болсон УИХ-ыг тараая. Үүгээр далимдуулж, эрх мэдлийн талбайгаа тэлж, хаан суухаар санаархаж буй оролдлого бүрт сэрэмжтэй байцгаая. Хулгайч дээрэмчид биднийг унтуулчихаад, төр барьж тоглон идэж ууж, цэнгэж наргисаар ирсэн байна. Одоо сэрцгээе ээ.
Үеийн үед, өнөөдрийг хүртэл Монголын төрд олон ЖДҮ-чин төрөн гарсныг эрэмбэлбэл өнөө цагийн ЖДҮ-чид цолоороо ч, чадлаараа ч хол хаягдахаар байна.
Ард иргэдийнхээ боломжийг өмнүүр нь орж булааж, дээрэмдэж, хулгайлж завшсан хэргүүд ганц ЖДҮ-гээр тогтохгүй гэдгийг бид мартаж болохгүй. Энэ нь эргээд ЖДҮ-г мартах ёстой гэсэн үг биш.
Хөгжлийн банкны хэрэг, бондын мөнгө, концессын гэрээ, тендер... эдгээр нь цөм том, жижиг хэлбэрийн ЖДҮ юм. ЖДҮ бол сүүлийн жилүүдэд Монголын төр засагт үүрлээд байгаа олон булхай луйврын бодитой загвар нь л юм байна. Хамгийн сайн, хамгийн энгийнээр ойлгож болох ийм загвартай болсон учраас төрийн мөнгийг идэж ууж, шамшигдуулж, боломжийг минь хулгайлсан улстөрч болгоныг ЖДҮ-чин гэж цоллох учиртай. Зүгээр нэг цоллох биш, бүр эрэмбэ дараалал үүсгэн жагсаах учиртай юм. Нэрт сэтгүүлч Б.Галаарид “ЖДҮ-гээс зээл авсан нэг хүний 950 сая төгрөгийг өнөөгийн ханшаар тооцвол 400 мянган америк доллар. Маш их мөнгө. Мэдээлэлд ойр байдлаа далимдуулсан нь улстөрчийн ёсзүй талаасаа байж болшгүй үйлдэл. Гэхдээ энэ бол эргэн төлөгдөх зээл болохоос эргэлтгүй хуурайлчихсан хулгай биш. Гэтэл сая сая доллар, тэрбум тэрбум төгрөгийг зээл тусламж, төсөл бондоос хулгайлж, зувчуулж, луйврын аргаар эргэлт буцалтгүй “гулсуулчихаад” чимээгүйхэн суух хэсэг бүлэг улстөрчдийн талаар хэн ч дуугарахгүй байгааг харахаар “ЖДҮ-чид бол улс төрийн гэнэн хонгор жараахайнууд юм даа” гэсэн анхны бодол минь өөрийн эрхгүй баталгаажих юм” гэж бичжээ.
Үүнтэй санал нийлэхээс аргагүй юм. Улстөрчид төрөөс завшсан, хөлжсөн үй олон тохиолдол, үйлдэл, хавтаст хэрэг, баримт таамгууд байсаар атал зөвхөн ЖДҮ-ийн хүрээнд эргэлдэх нь учир дутагдалтай. “Чингис”, “Самурай” бонд болон Хөгжлийн банкаар дамжсан 5.7 их наяд төгрөгийн тодорхойгүй зарцуулалт, АСЕМ-ын 395.7 тэрбум төгрөгийн замбараагүй зардал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайдууд нийтдээ 807 тэрбум төгрөгийн концесс авсан хэрэг, М.Энхболд, Ц.Сандуй нарын “60 тэрбум”-ын хэрэг, Х.Баттулгын “Төмөр зам барих төсөл”-ийн 199 сая доллар, “Дубайн гэрээ”-тэй холбоотой авилга, албан тушаалын хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилж авсан хэрэг, “Жаст” группын захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд холбогдох хэрэг, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөр, Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан 47 хүний хэрэг зэрэг түмэн ЖДҮ, мянган ЖДҮ-чинг нэг бүрчлэн нэхэмжилж, хөөн хэлэлцэх цаг нь болжээ.
Гавж лам Д.Нямсамбуу “ЖДҮХС-гийн луйвар ил болсон нь магадгүй Монгол Улсын хөгжлийн эргэлтийн цэг болно” гэж хэлжээ. Түүнтэй мөн л санал нэгдэж байна. Монголын улс төрд их цэвэрлэгээ хийх хэрэгтэй болжээ.
Ингээд олныг үл нуршин, Монгол төрийн түүхэнд 1990 оноос хойш тодорсон алдар цуут аварга, арслан, заан, начин цол хүртсэн ЖДҮ-чдийг эрэмбэлж үзье. Тэдний цол чимгийн тухайд заримыг нь дутуудуулсан байх талтай.
Дэлхийг баясуулагч, Эрдэнэт төгөлдөр, АСЕМ бадрангуй, МАНАН чимэгт Далай даян дархан аварга “ЖДҮ-чин” Цахиагийн Элбэгдорж
Тэр бол Монголын ЖДҮ-чдийн нэр нүүрийг гадаадад амжилттай таниулсан бөх. АСЕМ нэртэй дэлхийн улс төрийн олимпийг Монголд зохион байгуулж, үүндээ 395.7 тэрбум төгрөг зарцуулсан. Өөрөө биш ч, ойр тойрныхон нь АСЕМ-аас асар их мөнгө шамшигдуулсан гэдэг юм билээ. Аудитын ерөнхий газраас 79.2 тэрбумыг шамшигдуулсан 17 албан тушаалтныг илрүүллээ гэсэн мэдээллийн дараа АСЕМ-тай холбоотой нэр бүхий ЖДҮ-чид тун ууртайгаар “АСЕМ-ыг муулж буй бүхнийг өршөөхгүй” гэх зэрэг сүржин мэдэгдэл хийсэн. Улсынхаа нэр нүүрийг барьж 79 тэрбумыг салхинд хийсгэсэн хүмүүсийг тэгвэл өршөөх ёстой юу гэх асуулт гарч ирнэ. ЖДҮ бол хэдий хүү багатай ч буцаан төлөгдөх нөхцөлтэй бол АСЕМ-аар далимдуулж залгиад завшаад дуусгасан энэ мөнгө эргэж орж ирэхгүй.
Ц.Элбэгдоржийг яагаад аварга ЖДҮ-чин хэмээн цоллосонд дахиад ч олон үндэслэл бий. Тэрбээр Оюутолгойн гэрээнд ашиг сонирхлын үүднээс ханддаг байсан гол хүний нэг. Оюутолгойн ашиггүй гэрээг илт өмгөөлж, “Охиноо нэгэнт хүнд өгчихөөд араас нь буцаана гэх хэрэггүй. Алдаа гаргасан байлаа ч засах боломжгүй” гэж телевизийн эфирээр ярьсан удаатай. Удалгүй Оюутолгойг эзэмшигч “Рио Тинто” компаниас байр авсан гэх мэдээлэл ч цацагдсан. “Ц.Элбэгдорж 2012 онд “Оюу Толгой” компанийн Brian Marsden гэгчтэй P13271 гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 369 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан ба түүнийгээ “Оюу Толгойн олон улсын БОННҮ-030d дэмжлэг үйлчилгээний Onshore-заалт”-ыг үндэслэн…” гэж хүлээн авсан баримтыг судлаач Д.Ганхуяг нийтэлж байв. Мөн 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрийн бус байгууллагад зориулж, 3 сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан л гэдэг.
“Оюу Толгой” компанид зөвлөгөө авахаар төсөвт 17,5 тэрбум төгрөг суулгаж, энэ мөнгөний тодорхой хувийг Ц.Элбэгдоржийн найз Роберт Пейнтерийн “Painter Law Firm” гэгч жижиг компанид шилжүүлсэн ч гэж дуулддаг. Энэ бүхэн өнөөгийн ЖДҮ-гийн зээлийг хэд нугалахуйц, хор хохирол нь улсад уул овоо болохоор том үйлдэл биш гэж үү. Үүн дээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг мөн л эрх мэдэл, мэдээлэлд ойр байгаа давуу боломжоо ашиглан, бусадтай үгсэн өөрийн болгосон гэх хардлага бий. Одоогийн ЖДҮ-чдийг зээлийг нь дахин төлүүлээд, хариуцлага тооцоод, мөнгийг нь дахин ард иргэдэд хуваарилж өг хэмээн шахаж шаардаж болж байна. Харин нэгэнт албан тушаалаа өгөөд одсон, улсад төлөх өргүй, харин ч гавьяатай хэмээн даналзаж буй хүнээс ямар хариуцлага нэхэн шаардаж чадах вэ. Дархан аварга хүн зодог тайлсан ч дархан аваргаараа л үлддэг номтой юм даа. Өнөөгийн ЖДҮ-чид бол түүний дэргэд “гэнэн хонгорууд”.
Үлэмж хэтэрхий, газар суурьт, төр суудалт, жаран хөлт, манан чимэгт дархан аварга “ЖДҮ-чин” Миеэгомбын Энхболд
Бас цолныхоо хэрээр бяралхаж барилддаг ЖДҮ-чин. Хоёрын хооронд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг сонирхохгүй. Ер нь зээлтэй ноцолдож, тэнхээгээ бардаг ч амьтан биш. Анхнаасаа жижиг, дундаар биш, дан томуудаар дагначихсан аварга. Тухайлбал, М.Энхболдын туслах "Улаанбаатар" банкнаас хоёр чемодан мөнгө аваад гарч явсан, тэр мөнгийг МАХН-ын Бага хурлын гишүүдэд тарааж өгсөн гэж хэсэгтээ л шуугисан. Хотын мэр байх үеэсээ л түүний нэрний өмнө “Газрын наймаачин”, “Хотын мафийн эзэн” гэх зүүсгэл дагалдах болсон. М.Энхболд хотын дарга байхдаа хотын ерөнхий менежер Т.Бадамжунайтайгаа нийлээд хотын аль өнгөтэй өөдтэй газруудыг “эд бад” хийсэн гэж яригддаг. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Ам нээвэл” гэдэг ярилцлагад орохдоо “М.Энхболд Централ товерын газрыг 200 саяар өгөөд, намынхаа орон нутгийн сонгуулийн зардлыг гаргасан” гэж ярьсан. Ганц энэ баримт л мань аваргын чансааг илтгэнэ.
М.Энхболд насаараа төрийн албанд дарга даамал хийсэн хүн. Тэгсэн атлаа хэмжээгүй баян гэдгээрээ зартай. Нэг ч бизнес эрхэлж байгаагүй гэдэг нь баталгаатай. Гэтэл түүний баян цатгаланг хэмжихэд олон хүний толгой хүрэхгүй байж мэднэ. Үүнийг гадаадад төрийн албан хаагч үндэслэлгүйгээр баяжих гэж хэлдэг юм билээ. Гэхдээ одоо л монголчуудын ой тойнд мань хүн “ЖДҮ маягаар баяжсан байж мэднэ” гэдэг хар зөн бууж байна. М.Энхболд мөн олон хүнийг ЖДҮ-чин болгох зам руу хөтөлсөн. Үүний схемийг 60 тэрбум гэж нэрлэдэг. Засуулынхаа дэргэд улаан цайм “Начны найрааг 60 тэрбумаар хийнэ” гэж ярьчихаад наадах чинь эвлүүлэг гээд шилээ шөргөөгөөд хөдлөхгүй байгаа аварга даа.
Түмнээс төгөлдөр, үнэн зайлагч, хаус төгс Далай даян аварга “ЖДҮ-чин” Санжийн Баяр
Төгөлдрөөс төгөлдөр аварга. Тиймдээ ч ид үедээ “Таван төгөлдөршил” хэмээн тунхаглаж, улс орны хамгийн том төслүүдийг хэрхэн ЖДҮ болгон хувиргах вэ гэдэгт шийдэл олж чадсан хүн. Олонхи болсон ч цөөнхийнхөө эсэргүүцлийг дарахын тулд цөөнхитэйгээ нийлж идэх төгс аргыг боловсруулж, бүр хэрэгжүүлсэн билээ. Түүнийг Оюутолгойн гэрээ байгуулахдаа авлига, хээл хахууль авсан хэрэгт сэжиглэдэг. Бүр баривчилж, мөрдөн шалгасан. 2014 онд түүнийг АНУ-ын хамгийн дээд зэрэглэлийн дүүргүүдэд найман хаус эзэмшдэг төдийгүй түүний байшингийнхаа гадаа зүлгээ услаад зогсож буй зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэрбээр 2016 онд үүнд тайлбар өгөхдөө “Фотошопчдын тун муу эвлүүлэг” хэмээн үгүйсгэсэн бол удаа ч үгүй охин минь АНУ-д үл хөдлөх хөрөнгийн зуучлал хийдэг гэж хэлсэн. Эвлүүлэг гэж М.Энхболд шиг гүрийх гээд чадалгүй улайж орхисон гэсэн үг. Хэрвээ төрөөс зүй бусаар баяжих, хөлжих үзэгдлийг ЖДҮ-чин гэж нэрлэж болох бол С.Баяр яах аргагүй л аварга ЖДҮ-чинд орно. Тэр насаараа төрийн албан хаагч байсан эрхэм юм. Тэрбээр УИХ-ын гишүүнээр дөнгөж сонгогдох үедээ орлогоо 5.3 сая төгрөгийн хөрөнгө мэдүүлж байжээ. Гэтэл ерөнхий сайдын албыг хашаад жил гаруй болсны дараа өнөөх хөрөнгө нь 20 дахин өсөөд 109 195 000 төгрөгт хүрчихсэн байсан нь олон хүний гайхаш төрүүлсэн. С.Баяр хууль батлах, цөөнхитэйгээ хуйвалдах, хуваах замаар маш олон ЖДҮ мэх хэрэгжүүлсэн байж магадгүй. Ерөнхий сайд байх богино хугацаандаа Цөмийн эрчим хүчний тухай хуулийг яаран батлуулж, Орос, Япон, Франц зэрэг цөмийн энергийн том төлөөлөл улстай ойр ойрхон гэрээ хэлцэл, уулзалт хийж явсан нь дээрх гэнэтийн их хөрөнгийн эх үүсвэр байж болох тухай сэтгүүлчид хардсан байдаг.
Бүхнээс дуурсгалт, төмөр залаат, төрмөл аварга “ЖДҮ-чин” Халтмаагийн Баттулга
Х.Баттулга түмний татвар, төсвийн мөнгөнөөс жижиг дунд, эсвэл том хэрчмээр хумсалсан эсэх тухай яриа бол түүний төрд орж ирснээс хойшхи үеийг хамрах болно. Өмнө нь тэр бизнес эрхэлж, мөнгө олохын төлөө “нүдээ өгөхөөс ч буцахгүй” тэмцэж зүтгэж явсан хүн тул өршөөж болох нигууртай. Харин төрд нэр дугуйлж, данс хөтлөх болсноосоо хойш тэр гай тарив уу, гавьяа байгуулав уу гэж дэнслээд үзэхэд гэмгүй байна. Тэр “17 чингэлэг спиртийн хэрэг”, “Баянгол зочид буудлын хувьчлал” зэрэг олон “ЖДҮ” маягийн хэрэгт шууд нэр холбогдож байсан ч тэдгээр нь төрийн албанд орохоос нь өмнө юм.
Харин “Номаранг”-ийн гэгдэх 120 сая долларын хэрэг, БНХАУ-ын “China CNP Corporation limited” корпорациас авсан ашиглагдах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй 60 сая ам.долларын зургаан зүтгүүрийн хэрэг, мах, талх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад гаргасан 720 тэрбум, МИАТ-ийн 9.3 тэрбум төгрөгийн хэрэг, “Зоос”, “Голомт”, Худалдаа хөгжлийн банкуудаар 2009-2013 оны хооронд нийтдээ 475 орчим тэрбум төгрөг угаасан гэх иргэн О.Эрдэнэсолонгийн хэрэг гэх мэтэд нэр холбогдож явсан удаатай.
Хамгийн том нь сүүлд “Шинэ төмөр зам” төслийн 199 сая долларыг угаасан хэрэгт нэр холбогдож, түүний хүрээлэлд багтдаг хүмүүс баривчлагдсан шалгагдсан билээ.
Энэ бүхэнд өнөөгийн ЖДҮ маягийн элемент тов тодорхой байгаа хэдий ч арслангийн өөдөөс архирах зоригтон даанч үгүй. Одоо тэр бүхний тэргүүн, тэр дундаа бүр төрийн тэргүүн болсон учраас түүнийг “ЖДҮ-чин” гэж хэлж зүрхлэхийн тулд ядаж л яг таг баримт хэрэгтэй. Түүний төрсөн дүү Х.Баттуулын эзэмшдэг “Милл хаус” гурил тэжээлийн үйлдвэр “Мал хамгаалах сан”-аар дамжуулан ОХУ-аас хямд тэжээл оруулж ирэх зорилгоор 2 тэрбум төгрөг авсан тухай эх сурвалж мэдээлжээ.
Харьшгүй хүчит, төгс гэгээрэлт, далай аварга “ЖДҮ-чин” Намбарын Энхбаяр
Бүхнийг хуу хамах бололцоотой байсан цорын ганц “мангас”. Гэвч харин ч танагтай ЖДҮ-чинд тооцогдоно. Гэхдээ аварга л бол аварга шүү дээ. Юун түрүүнд, тэр мөн л бизнес хийж байгаагүй атлаа маш олон бизнестэй болж чадсан. Одоогийн ЖДҮ-чидтэй усны дусал мэт адил хэрэгт нэр холбогдож, үүнийхээ горыг ч урт удаанаар амсаж буй аварга. Түүний төрсөн дүүтэй Н.Энхтуяатай холбоотой хэрэг одоо болтол шийдэгдэлгүй замхарч, интерпол ч эрэн сурвалжлахаа аль хэдийн мартаж орхио биз. Төрийн авлига, намын хээл хахуульд хамгийн их нэр холбогдсон улстөрч. Өөрөө ч, өрөөл бусад нь ч энэ хэрэгтээ ял эдэлсэн.
Авлигатай холбогдсон хэргүүдийг сэжүүрийг сөхөөд, үзүүрийг мөшгөөд эхэлбэл адагт нь Н.Энхбаяртай очиж холбогдчих гээд байдаг ч зүй тогтол бий. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарын хэрэг, алдарт Казиногийн хэрэг, хахуульд өгөхөөр амалсан 500 саяын хэрэг, албан өрөөндөө авлига авч байгаад баригдсан Г.Шийлэгдамбын хэрэг гэх мэт. Бээжинд түүний дүү Н.Энхтуяагийн нэр дээр сая доллараар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэйг илчилж, АНУ-ын Калифорни мужийн Геркулес хотын Топаз-ийн 124 (124 Topaz Court, Hercules CA 94547) хаяганд дөрвөн давхар хаустай. Мөн Лондонд эхнэрийнх нь нэр дээр поп од Мадоннагийн ойролцоо тансаг харш бий гэх. Түүгээр ч үл барам ээжийнх нь дүүгийн нэр дээр алт, газрын ховор элементийн таван лиценз байгаа гэх зэрэг ил, далд хөрөнгийн маш олон жагсаалт Н.Энхбаяртай холбогддог. Түүнээс гадна Монголын өрийг төлж барагдуулах бүрдээ хувьдаа ашиг хонжоо унагаж байсан ч гэх яриа бий. Иточугийн өр, Чехийн өр, Германы банкнуудын өр, ЗХУ-ын их өрийг дарахдаа дундаас нь үргэлж ашиг унагаасан гэдэг юм билээ. Тиймээс авлигын “загалмайлсан эцэг” гэхийн оронд ЖДҮ-чдийн “загалмайлсан эцэг” гэвэл одоогоор зохилтой.
Дубайн үзэсгэлэнт, дуусашгүй балагт, Оюу толгой чимэгт арслан “ЖДҮ-чин” Чимэдийн Сайханбилэг
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг яах аргагүй л сайхан ЖДҮ-чин. Түүний засгийн үед Хөгжлийн банкаар дамжуулж 5.7 их наяд төгрөг хуваарилалтад орсон. Хөгжлийн банкаар л дамжсаныг эс тооцвол яг л одоогийн “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл” байсан юм. Энэ их мөнгийг Ч.Сайханбилэг нар дур мэдэн цацаж, үрсэн юм. Үүнээс бүтээн байгуулалт болж үлдсэн нь бий ч ихэнх нь үргүй зардал, шамшигдуулалт, чанаргүй зээлэнд гараад явчихжээ. Хэрвээ энэ дуулианыг өнөөдрийн ЖДҮ шиг задлах юм бол тэр үеийн бүх албан тушаалтны хамаатан садан, ах дүү, эхнэр хүүхдэд Хөгжлийн банкны зээл очсон байхыг үгүйсгэхгүй. Энэ хэрэгт Ч.Сайханбилэгийн өмнөх Засгийн газар буюу Н.Алтанхуягийн нэр ч хамаатна. Түүний хүргэн Б.Дэнзэн нэгэн цагт ийм л “загварчлал”-аар сэжиглэгдэн шалгагдаж байсан шүү дээ.
Ч.Сайханбилэгийг аваргуудаас дутахгүй арслан цолонд хүргэж буй бас нэг үндэслэл бол Дубайн гэрээ юм. Энэхүү гэрээг Монголд бус, “Рио Тинто” компанид ашигтайгаар шийдэж өгснийхөө төлөө Ч.Сайханбилэг чамгүй шан харамж авсан гэж хардагддаг. Энэ нь зөвхөн хардлага биш, бүр хавтаст хэрэг болон үүсчихээд яваа. 2015 онд Дубайн гэрээг байгуулахдаа Монгол Улсыг ноцтой хохироосон гэж олон хүн үздэг. Далд уурхайн хөрөнгө оруулалт анхны тохиролцоогоор 1.4 тэрбум доллар байсан. Гэтэл Ч.Сайханбилэг 4.7 тэрбумаар нэмэгдүүлээд, 6 тэрбум доллар болгосон. Өөрөөр хэлбэл, зардлыг дөрөв дахин өсгөчихжээ. Шууд утгаараа Монголд үлдэх ёстой байсан 4.7 тэрбум доллар “Рио Тинто” компанийнх болсоон гэсэн үг. Энэ ч бага хэрэг. Дубайн гэрээний уршгаар Монгол Улсын хүртэх ногдол ашиг анх төлөвлөсөн 2021 оноос 16 жилээр хойшилж, 2037 оноос авахаар болсон юм. Түүгээр ч зогсохгүй, хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, ингэснээр мөнөөх ашиг бүр 2048 оноос наашгүй болж орхисон. Энэ бол жижиг, эсвэл дунд ЖДҮ-чний хэрэг биш. Энэ бол том, бүр маш том ЖДҮ-чний тухай яриа юм.
Хаан жимст, хүүгүй зээлдэгч, харьшгүй санаат арслан “ЖДҮ-чин” Норовын Алтанхуяг
2010-2014 онд Засгийн газар “Чацаргана” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газраас чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Гэтэл энэхүү шийдвэр зөвхөн тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийг бизнесийг дэмжих зорилготой байжээ гэхэд хилсдүүлсэн болохгүй. Энэ үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 10.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл дэмжлэгийг олгожээ.
Тэгвэл Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2013 онд нийт найман компани тус бүр 750 сая төгрөгийг хүүгүйгээр зээлж авсны дотор Н.Алтанхуягийн “Хаан жимст эс би ти” ХХК багтаж буй юм. 750 сая төгрөгийг долоон жилийн хугацаатайгаар хүүгүй зээлсэн гээд бод доо. Улаанбаатараас 55 км-т байрлах “Хаан жимст” жуулчны бааз, “Хаан жимс Эс Би Ти” ХХК бол Н.Алтанхуягийн гэр бүлийн бизнес билээ.
Үүрд баясгалант, хээгүй хочит хэнэггүй арслан “ЖДҮ-чин” Пунсалмаагийн Очирбат
1997 онд П.Очирбатыг Ерөнхийлөгчийн сэнтийгээс буухад нь тэр үед Ерөнхий сайд байсан М.Энхсайхан нэгэн захирамж гаргажээ. Тэнд дурьдсанаар бол, П.Очирбатад насан туршид нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалинг олгож байх, төрийн ёслолын арга хэмжээнд төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаагаар оролцуулж байх, дөрвөн жилийн хугацаанд өвлийн орон сууцаар хангах, төрийн тусгай хамгаалалтад авч, орон тооны жолооч бүхий суудлын автомашин, холбоогоор үйлчилж тэдгээрийн зардлыг төсвөөс гаргаж байх, 50 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий хувийн орон сууц барьж өгөх зэрэг халамж анхаарлыг үзүүлжээ. Энэ бол Монголын анхны ЖДҮ маягийн тэтгэлэг байжээ, одоо бодоход.
П.Очирбат Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа “Энержи ресурс” компаниас л гэхэд 24 мянган ам.долларын цалин авдгийг мэдсэн олон нийт нэг хэсэгтээ л шуугиан болсон доо. Гэтэл П.Очирбат “Энэ бол цалин биш, урамшуулал юм” гэж томорч байлаа.
Ерөнхийлөгч байхдаа Ерөнхий сайд П.Жасрайн хамтаар 1995 онд Монгол улсын газар нутгийг “Айбекс” гэдэг группт 90 жилийн хугацаатай концессээр олгохоор завдаж байсан ноцтой үйлдэлд буруутгагддаг. Мөн "Молам" группт Монгол Улсын агаарын орон зай, гадаад худалдааны эрхийг 60 жилийн хугацаатай олгох тухай гэрээ байгуулж байсан нь мэдэгдэн шуугиан таран цуцлагдаж байжээ. Энэ бол Монголын анхны жинхэнэ ЖДҮ маягийн концессын гэрээ байжээ, одоо санахад.
П.Очирбат Ерөнхийлөгч байхдаа “Алт”, “Нефть”, “3эс”, “Уран” хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлсэн. Үүний үр шимийг П.Очирбатын ойр тойрныхон хийгээд ардчиллынхан хангалттай хүртсэн, хүртсээр ч яваа. Тэрбээр улсын хөрөнгөөр бүх хайгуул нь хийгдсэн Тавантолгойн ордыг хувийн консорциум байгуулаад, өөрдсийн болгочихсон байсан 14 гэр бүлд багтдаг.
Тиймээс түүнийг Монголын анхны Ерөнхийлөгч төдийгүй анхны “ЖДҮ-чин” гэж цолловол зохино. Тэр аварга авах хэмжээний өм цөм бяралхаагүй ч үргэлж ам авах эрхтэй арслангийн зиндаанд тохирно.
Оффшор данст, Оюутолгой жинст заан “ЖДҮ-чин” Сангажавын Баярцогт
Заан ЖДҮ-чдийн манлай. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ганц л үнэн үг хэлсэн. “С.Баярцогт Монголын төрийг, ардчиллыг муухай харагдуулж байна аа” гэж. Цэл залуугаараа улс төрд орж ирээд, цэг тэмдэг шиг хар толбыг тэр Монголын төрд үлдээсэн дээ. С.Баярцогтын оффшорт нууц данснаас нэг сая доллар илэрч билээ. Тухайн үед УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөөд л өнгөрсөн. Өөр шийтгэл, өөр хариуцлага хүлээгээгүй. Түүний хамгийн том “хүнийрхэл” нь эх орноо Хятад гэж тэмдэглүүлсэн. Төрийн хоймор, түшмэл сэнтий дээр нь сандайлж суучихаад Хятадын Монгол гэж ичих ч үгүй улсаа ингэж доромжилсон юм. Тэр Монголын хамгийн том үүц баялаг болох Оюутолгойг ард түмэнд хамгийн ашиггүйгээр гадныханд өгөх гэрээг үзэглэхэд гар бие оролцсон улстөрч. Үүний цаана үлэмж их хэмжээний хээл хахууль, авлига байж магадгүй гэсэн хардлага, сэжиг олны дунд байдаг. Үүнийг нотлох мэт дараахан нь С.Баярцогтын нэртэй нууц данс Монголд бус, Швейцарьт илэрсэн. Тэр өнгөрсөн хугацаанд тийм их хөрөнгө хогшил цуглуулахаар бизнес эрхэлсэн удаагүй. Харин ч төрийн албан тушаалыг дандаа давхарлаж, эдэлж хэрэглэж ирсэн хүн гэж хэлж болно. 1991-1997 онд АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн байхдаа МЗХ-ын даргын албыг давхар хашиж байв. 1998 онд Байгаль орчны сайдаар ажиллахдаа УИХ-ын гишүүн байв. Түүнээс хойш дан дээлтэй төрд суусан удаа түүнд үгүй. 2000-2004 оны хооронд л улс төрөөс холдсон. Ингэхдээ бизнес ч хийгээгүй, “Товхонхан” компанийн зөвлөхөөр ажилласан байдаг.
Түүнийг Оюутолгойн гэрээтэй холбон хууль, хүчний байгууллагаас баривчлан шалгасан боловч одоог хүртэл хэрэг сураг чимээгүй. Магадгүй тухайн үедээ л зааны зиндаанд хэдийнээ хүрсэн “ЖДҮ-чин” С.Баярцогтод зохих ёстой шийтгэл, хариуцлагыг нь хүлээлгэсэн бол дараагийн үеэс ийм олон залуу “ЖДҮ-чид” төрөн гарах байсан эсэх нь эргэлзээтэй.
Сүх хочит, шүдгүй арслан “ЖДҮ-чин” Ухнаагийн Хүрэлсүх
У.Хүрэлсүхд “ЖДҮ” илрээгүй. Тэгсэн хэрнээ ЖДҮ-чдийн жагсаалтад бүр арслан цолтойгоор багтаасан нь учиртай. Тэрбээр ЖДҮ-чидтэй хариуцлага тооцож чадахгүй байгаа учраас тэднээс ялгаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, буруу хулгайг мэдсээр байж дуугай өнгөрч байгаа бол тэр хулгайгаас өөрцгүй. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх нь өөрөө дутагдал гэдэг. Гэхдээ У.Хүрэлсүх өөрийгөө шүдгүй арслантай зүйрлэсэн. Архираад байгаа боловч хаздаггүй, сүрийг үзүүлэвч шийтгэхгүй байгаа нь түүний хамгийн том алдаа.
Бүр тодорхой хэлбэл, хулгайч нартай тэмцэхгүй бол У.Хүрэлсүх өөрөө хамгийн том “ЖДҮ-чин” болно. У.Хүрэлсүх өөрийгөө шүдгүй арслантай адил байна гэж хэлсэн. Үнэхээр ч ЖДҮ-чдийг хазаад шийтгэж чадахгүй байгаа учраас тэр яах аргагүй л шүдгүй юм байна. Түүний тухай нийтлэлч А.Баатархуяг “У.Хүрэлсүхийн гараар могой бариулаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд болсон “ухаалаг бэртэгчингүүдийг” тоол гэвэл гурван их хурал болно. Үнэндээ МАН дотор шархаа тоолбол У.Хүрэлсүх шиг, гэхдээ голдуу нуруундаа, өөрийн талынхны сумны шархтай хүн ховор” гэж бичсэн.
Гэхдээ түүнд одоог болтол энэхүү ЖДҮ-чдийн жагсаалтаас ганцаараа сугарч үлдэх боломж бий. Тэр нь Монголын төрийг цэвэрлэж, ЖДҮ-чдийн мөнгийг сохор зоос ч дутаалгүй оруулж ирж, толгой дараалан хариуцлага тооцох. Ингэж чадвал түүнийг шүтье. Яг одоо ийм боломж, эрх мэдэл нь ганцхан түүнд л байна гэж харж буй. Эрх мэдлийн багцыг барьж буй Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрт найдалтгүй. Яагаад гэвэл, өөрсдөө ЖДҮ-чдийн манлай цолтнууд билээ. Харин У.Хүрэлсүх одоогоор яг ЖДҮ цохиогүй учраас энэ тал дээр залуу бөхтэй л адил цолгүй, нэр цэвэр байна. Хэрвээ тэр өөрөө хулгайч бол “Хулгайчийг бариарай” гэж хэчнээн хашгираад ч нэмэргүй. Өөрөө хулгайч биш байж л хулгайчидтай эвлэрэхгүй тэмцэж чадна.
Бат ерөөлт, бардам амт, баталгаатай хамагч заан “ЖДҮ-чин” Дондогдоржийн Эрдэнэбат
Улс төрд орж ирэхдээ л богц ганзаглаж орж ирсэн нөхөр. Түүний улс төрийн карьерт “Залуучууд зочид буудал”-ыг эзэмшдэг нь тун ашиг тусаа өгсөн гэдэг хөгжилтэй яриа байдаг. Учир нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ц.Элбэгдоржийн сонгуулийн штаб тус зочид буудлыг бүрэн эзэгнэж, улмаар буудлын эзэн энд хамаг л улс төрийн холбоотнуудтайгаа уулзаж, хор найруулахад суралцсан гэдэг.
Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-г жинхэнэ эзэмшинхэн цэнгэсэн ганц хүн. АН-ын төрийн эрх барьсан 2012-2016 оны хооронд төрийн мөнгийг ямар ч хараа хяналтгүй, баруун солгойгүй цацаж үрсэн, завшиж хөлжсөн хүмүүсийн нэг нь Д.Эрдэнэбат. Хараа хяналтгүй байхын тулд тэрбээр тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Д.Дорлигжав, Ерөнхий аудитор байсан Б.Зангад нартай эрх ашгаа нэгтгэж, нэгэн таар шуудайнд багтаж байгаад үзэж тарсан байгаа юм даа. Тэдний хамаатнуудын нийлж байгуулсан “Глобал аппарел лимитэд” компанидаа Д.Эрдэнэбат шууд 2 тэрбумын зээл гаргасан байдаг.
Тэрбээр Аж үйлдвэрийн сайд байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг ганцаараа эзэрхийлж, эрх мэдэн олгодог байжээ. Нийтдээ 7.5 тэрбум төгрөгийн зээлийг шууд олгохыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал байсан Б.Болор-Эрдэнэд тушааж байсан баримт нь бий.
Өөрөө үүнд тайлбар өгөхдөө “Аж үйлдвэрийн сайдын ажил үүрэг ийм” гэж тайлбарлаж байна билээ. Үгүй л дээ. Тийм биш учраас өнөөдөр эрх мэдлээ хэтрүүлэн зээл олгосон ХХААХҮ-ын сайд Б.Батзориг албан тушаалаасаа огцорч, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нь шоронд орчихоод байна. Зүй нь Д.Эрдэнэбат ЖДҮ-г дур мэдэн тараасан хэрэгтээ шийтгэл хүлээгээд, үгүй ядаж л өнөөгийн ЖДҮ-чид шиг зээлээ буцаан төлж, уучлал гуйгаад зогсож байх учиртай байлаа.
Газар гулсуулагч, гай дуудагч заан “ЖДҮ-чин” Цэндсүрэнгийн Сандуй
Одоо ч тэрбээр саруул сайжрах, улам нэмэх эсэх нь эргэлзээтэй болсон л доо. Маш залуугаараа заан “ЖДҮ-чин” цолонд хүрсэн залуу. НИТХ-ын дарга болоод олиггүй муу нэр хочноосоо бол огцорсон улстөрч. 60 тэрбумаар Монголын ирээдүйн ЖДҮ-чдийг төрүүлэх түүний төлөвлөгөө хэрэгжсэн эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ л тэрбээр Монголын төр, нийгэмд тун аюултай тахал тарааж орхисон нь төрийн албыг үнэлэх явдал. Энэ ажил нь бүр хэрэгжээд, газар их авсны нэгээхэн илрэл нь өнөөгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хууль бус, зүй бус зээлүүд. Улс төрд зодоглоод олон жил болоогүй ч тэр ирээдүйн олон ЖДҮ-чдийг төрүүлэх схемийг зохиосон. Тэртээ 1997 онд Улаанбаатар хотын захиргаанд Газрын алба шинээр байгуулагдахтай зэрэгцэн газрын байцаагчаар ажилд орсон Ц.Сандуй богино хугацаанд буюу жинхэнэ ЖДҮ-чний замналаар төрийн толгой хэсэгт гарч ирэх тун дөхсөн юм. Газрын наймаанаас гэ